Сингапурын эрх баригчид амьсгалаар коронавирус илрүүлэх шинэ аппаратуудыг нисэх онгоцны буудалд болон томоохон арга хэмжээний үеэр хэрэглэхээр төлөвлөж байна.
“TracieX” нэртэй энэхүү төхөөрөмж нь эмнэлзүйн туршилтын үеэр 95 хувийн үр дүн үзүүлсэн нь PCR шинжилгээний үр дүнтэй зэрэгцүүлэн тавьж болох үзүүлэлт ажээ. Үүний зэрэгцээ бусад оношлууртай харьцуулахад нэг тестийн үнэ харьцангуй хямд буюу 20 орчим ам.доллар бөгөөд хариу нь ердөө хоёр минутын дотор гардаг байна.
Сингапурын эрх баригчид төхөөрөмжийг зургаадугаар сараас олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Эхний үед сард 200 мянга, цаашдаа сард хоёр сая хүртэлх хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Зохион бүтээгчдийнх нь мэдэгдэж буйгаар, амьсгалах бүрт хүний эсийн янз бүрийн биохимийн урвалын үр дүнд үүсдэг дэгдэмхий органик нэгдлүүд ялгардаг бөгөөд уг төхөөрөмж нь амьсгалын химийн найрлага дахь өөрчлөлтийг тогтоодог гэнэ.