Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 103,558 тохиолдол нэмэгдсэн тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Есдүгээр сарын сүүлээр нэг өдөрт 97,894 тохиолдол шинээр нэмэгдэж байсан нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байв.
Өдөрт 478 хүн халдварын хүндрэлээр нас барж, нийт эндэгдлийн тоо 165,101 болсон байна. Энэтхэг улсад нэг өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын долоон өдрийн дундаж 73,000 хүрсэн нь дэлхийн аль ч улсынхаас өндөр өсөлт юм. Нийт шинэ тохиолдлуудын 55 хувь нь Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хот оршдог Махараштра мужид бүртгэгдсэн тул хатуу хөл хорионы дэглэм тогтоож, үзвэр үйлчилгээний газар, худалдааны төвүүдийг хааж эхэлсэн байна.
Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй эрх баригчид орон нутгийн сонгуулийг угтсан цуглаан, арга хэмжээнүүдийг олноор зохион байгуулж, хорио цээрийн дэглэмийг алдагдуулсан нь халдвар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Саяхан Модигийн засгийн газар умард Уттараханд мужид Ганга мөрний сав дагуу хинду шашны томоохон баяр зохион байгуулахыг зөвшөөрсөн юм. Сар орчим хугацаанд үргэлжилдэг уг баярт олон арван мянган мөргөлчид оролцдог аж.
Энэтхэг улс сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа идэвхжүүлж, өдөрт 3 сая гаруй хүнийг хамруулж байна. Одоогийн байдлаар 76 сая гаруй хүн эхний тунгаа, 9.5 сая хүн хоёр дахь тунгаа тариулжээ.