Японы эмийн хоёр компани коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтаа даваа гарагт эхлүүлжээ. Одоогоор Японд дөрвөн компани дотоодод гарган авсан вакцинаа туршиж байна.
“Daiichi Sankyo” компани вакцины туршилтдаа нийт насанд хүрсэн, эрүүл 152 хүнийг хамруулах бөгөөд вакцины аюулгүй байдал болон эсрэг биет үүсгэж байгаа эсэх, хэдэн тунг хийх шаардлагатайг судална.
“Daiichi Sankyo”-гийн вакцин нь “Pfizer” компанийн вакцинтай ижил матрицын рибонуклейн хүчил дээр суурилсан ажээ. Японд “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах аяныг хэдийн эхлүүлээд байгаа юм.
Мөн “KM Biologics” компани 210 хүнийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлжээ. Энэхүү вакцин нь томуугийнхтай ижил идэвхгүй вакцин ажээ.
Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эдгээр хоёр компани нь дотоодод гарган авсны вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн гурав, дөрөв дэх компани болжээ. Өмнө нь ийм туршилтыг “Shionogi”, “AnGes” компаниуд эхлүүлсэн байна.