Шидэлт давамгайлах болсон гэх орчин үеийн NBA-ийн сагсанд бөмбөгт тоглогчдид холын зайн шидэлтийн гүйцэтгэл сайн байхаас гадна олон талт тоглолтын арга барилаар тоглох шаардлагатай болсон билээ. Орчин үеийн сагсан бөмбөгт зөвхөн оноо авахаас гадна дамжуулах болон самбараас бөмбөг авах чадварыг Леброн Жэймс шинэ түвшинд хүргэснээс хойш NBA-ийн талбай дээр трибл дабл гэх үзүүлэлтийг өнөөдөр бид өдөр тутам харах болсоор удаж байгаа билээ. Үүнийг батлах нэгэн сонирхолтой статистикийг дурдвал одоогоос 10 хүрэхгүй жилийн өмнө буюу 2011-2012 оны улиралын турш нийт 13 тоглогч 18 трибл дабл хийж байсан бол өнгөрч буй долоо хоногт(2021.03.13-03.20) нийт 10 тоглогч 18 трибл дабл гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнө бүтэн улирлын турш хийдэг байсан трибл дабл үзүүлэлтийг өнөө цагт ердөө нэг долоо хоногийн дотор гүйцэтгэдэг болжээ.
2011-2012 оны улиралд Ражон Рондо улирлын турш зургаан удаа трибл дабл гүйцэтгэсэн нь улирлын дээд амжилт байсан бол өнөөдрийн байдлаар энэ улиралд Рассел Вэстбрүүк 13 трибл дабл гүйцэтгээд байна.
Энэ статистик нь жил ирэх бүр өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд нэг улиралд дунджаар 110 трибл дабл бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар хэдийн 95 трибл дабл бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар багууд тус бүр 40-42 тоглолтыг хийсэн бөгөөд энэ жил цар тахлын улмаас улирлын 82 тоглолтыг 72 болгож багасгасан билээ. Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд улиралд гүйцэтгэсэн нийт трибл даблын тоогоор шинэ рекорд тогтох нь тодорхой болоод байна. Тэр тусмаа өнгөрөгч долоо хоног тэр чигтээ бүх цаг үеийн трибл даблын рекордыг шинэчлэсэн долоо хоног болж өнгөрлөө. Тухайлбал, гуравдугаар сарын 13-ны өдөр таван тоглогч нэг өдөрт трибл дабл гүйцэтгэсэн нь дээд амжилт тогтоосон бол ердөө гурав хоногийн дараа зургаан тоглогч трибл дабл хийж энэ амжилтыг дахин шинэчлэсэн юм. Мөн Миами Хит багийн Жимми Батлер, Бам Адебайо нар нэг тоглолтод тус тус трибл дабл гүйцэтгэсэн анхны хослол болсон гээд "гурван аравт"-тай холбоотой рекорд амжилтууд эвдэгдсээр байна.
Үүнийг дүгнэн авч үзвэл орчин үеийн сагсан бөмбөгт шилдэг тоглогчид олон талт тоглолт үзүүлэх нь шаардлага мэт болоод байгаа бөгөөд тоглогчид ч үүнийг өөрсдийн тоглолтын арга барилд хурдацтайгаар уусаж байгаа нь харагдаж буй. Тоглогчид өндөр, нам харгалзалгүй трибл дабл гүйцэтгэдэг болсон нь магадгүй NBA-ийн дараагийн шинэ түвшний тоглолтын амжилт үзүүлэх болоод үзэгчдийг өөртөө татах арга барил болоод байна.