Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө харамсалтайгаар нас барсан. Энэ хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилсны дараа өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 17-нд Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхэд өнөөдөр эхэллээ.
Шүүх хуралд тухайн үеийн аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж, талийгаачийг дагуулан очсон Б.Лхагважаргал, талийгаачийг засаг даргын өрөөнөөс үүрч гарсан ГБХЗХГ-ын ажилтан Э.Мэндсайхан нар яллагдагчаар оролцох юм.
Одоогоор шүүх хурал завсарлаад байна. Э.Мэндсайханы өмгөөлөгч шүүхийн харъяаллыг дахин тогтоолгох хүсэлтэй байгаагаа хэлсэн бол В.Рэнцэндоржийн өмгөөлөгч олон нийтэд нээлттэй явуулж байгааг болиулах, хаалттай хийх хүсэлт гаргаад байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, 2020 хоёрдугаар сарын 19-ний үүрийн 04:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нь нас барсан нөхцөл байдал тогтоогдсон билээ. Тухайн үед, аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон.
Талийгаачийг Б.Лхагважаргал анх Засаг даргын тамгын газар дагуулан очсон бол Э.Мэндсайхан үүрч, арын хаалгаар гаргасан нь баримтаар тогтоогдсон байдаг. Мөн Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж талийгаачийг удаа дараа дарамталж байсныг нь ар гэрийнхэн нь хэлдэг...