Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ны өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглосон байна.
Тус иргэнээс 6 дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Мөн гэр бүлийн 2 хүнээс нь түргэвчилсэн оношлуураар авахад мөн эерэг гарсан байна. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Цэцэрлэг сумын Засаг даргад зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна.
Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу явуулжээ. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг Мөрөн суманд авч ирж PCR шинжилгээ хийнэ. Хариу маргааш гарах тул иргэдийг сандралгүй тайван байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, амны хаалт тогтмол зүүж, онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхаарууллаа.