Рубертын хүү Рованы биеийн хөгжил хэвийн ч гэлээ аутизмын эмгэгээсээ ойр дотны хүмүүстэйгээ хэвийн харьцаж чаддаггүй, сэтгэлд нь үл нийцэх зүйл тохиолдвол хэдэн цагаар ч хамаагүй уйлж хашхирдаг хүүхэд байжээ.
Хэнтэй ч харилцдаггүй Рован хөршийнхөө морийг аавтайгаа хамт унадаг болсноор түүний хэл ярианы хөгжил сайжирч, аавтайгаа ярилцдаг болжээ. Хүүгээ амьтадтай ер бусын холбоотойг анзаарсан Рубэрт хүүгээ эмчлэхээр уламжлалт мал аж ахуйтай, бөө мөргөлийн зан үйл хийдэг Монгол орныг сонгож, гэр бүлийн хамт 2007 онд ирсэн байна. Монгол орноор дөрвөн долоо хоног аялсны үр дүнд хүү нь засал авч уурлаж уцаарлах нь эрс багасч, ердийн хүүхэд шиг ээж аавтайгаа ярилцан, өөрөө бие засаж сурчээ.
Энэхүү гэр бүлийн ээдрээтэй, хүнд, гайхамшигтай аяллын түүх "Морьтой Жаал" хэмээх ном болон баримтат кино болон алдаршжээ. Энэ түүх аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд ихээхэн урам зориг өгсөн бөгөөд зарим улсад аутизмын эмгэгийг таниулж өгсөн ач тустай.
Рубэрт Исааксоны гэр бүлийг эх орондоо хүлээн авч, аяллын туршид хамт байж, хөтөч хийж байсан “Nomadic trails” компанийн үүсгэн байгуулагч М.Нарангэрэлтэй ярилцлаа. Түүний нөхөр Тулга, том хүү Т.Бодьбилгүүн нар Рубэртийн гэр бүлтэй 28 хоногийн турш аялсан юм. “Nomadic trails” компани байгуулагдаад 17 жил болж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхдаа Рубэртийн гэр бүлийн аялалыг зохион байгуулж байжээ.
-АУТИЗМЫН ЭМГЭГТЭЙ БАГ НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ РУБЭРТ ИСААКСОНЫ ГЭР БҮЛ МОНГОЛД ИРЭХЭЭР БОЛСОН-
-Ярилцлагаа Рубэртийн гэр бүлтэй хэрхэн холбогдсон болоод яагаад заавал манай орныг сонгох болсон талаар эхлэе.
-2006 онд Английн харилцагч компаниас Монгол руу аялах гэр бүл байна. Энэ аяллыг зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийн дагуу аутизмын эмгэгтэй бага насны хүүхэдтэй Рубэрт Исааксоны гэр бүл ирэхээр болсон юм. Монгол руу ирэхээсээ өмнө хүүгийн аав маш их судалгаа хийсэн байсан. Рубэрт чөлөөт сэтгүүлч мэргэжилтэй, Африкийн уугуул иргэдтэй ойр ажиллаж байсан учраас бөөгийн зан үйлийн талаар мэдээлэл ихтэй байж. Аутизмтай хүүхдээ дагуулаад морины болоод бөөгийн соёлтой улс оронд очвол сайн гэж Африкийн уугуул иргэд зөвлөсөн байгаа юм. Түүний дагуу судлахад морь, бөөтэй улс манай улс байж. Хүүгээ Монгол руу авч ирэхээр болоод бид онлайнаар нэг жил гаран харилцсан. Руберт Исааксон, эхнэр Кристин болон хүү Рованы хамт 2007 оны долоодугаар сард Монголд ирсэн. Аялал 28 хоног үргэлжилсэн.
-Бөө олох хүндрэлтэй байсан уу? Хэрхэн сонгосон бэ?
-Бөө нарын талаар нэлээн судалсан. Улаанбаатарт бөөгийн “Голомт” гээд холбоо байсан. Уг холбоонд хүсэлт тавиад Монголын өнцөг булан бүрт байгаа бөө нараас бөөлүүлж үзье гээд халх, буриад, дархад зэрэг есөн бөөгөөр Их тэнгэрийн аманд бөөлүүлж, зан үйл гүйцэлдүүлсэн.
-Есөн бөөгийн зан үйл дуусаад аялал цааш хэрхэн үргэлжилсэн бэ?
-Есөн бөөгийн зан үйлээ дуусаад бид Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явсан. Тэндээсээ морь аваад морио юүлж явсаар Хөвсгөл аймаг орох төлөвлөгөөтэй байв. Хишиг-Өндөр сумаас Баян-Агт сум хүртэл мориор яваад цаашаа мориор явах боломжгүйг ойлгоод морьдоо буцаасан. Машинаараа Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум хүртэл яваад Тайгад мориор хүрсэн. Жирийн хүн явахад ч хэцүү зам шүү дээ.
-ЦААТАНГУУД ДЭЭР СУРГААР Л ОЧСОН-
-Тэр бүр хүмүүс тайга руу явахыг хүсдэггүй байсан үе. Тайгад очих болсон шалтгаан юу байв?
-Тайгад очоод Саян удгантай уулзах зорилготой байсан. Замдаа Саян удганы хүүтэй таарахад өөд болоод нэг жил болж байгааг нь хэлсэн. Тэгээд бидэнд баруун тайгын Госта зайрантай уулзахыг зөвлөсөн. Эхлээд зайран хүлээж авах тал дээр асуудалтай байсан. Олон цаг ярилцаж, учир байдлаа тайлбарласны эцэст зайран тэдний заслыг хийж өгсөн.
-Тайгын хүмүүстэй яаж холбогдож байсан бэ? Холбоо харилцаа тогтоох хэцүү байсан байх.
-Цаатангууд дээр сургаар л очсон. Улаан-Уул суманд амьдардаг хүн Саян удганыг өөд болоод нэг жил болоход мэдээгүй байсан. Цаатангууд тийм нууцлаг амьдардаг байгаа юм. Аялагчид хэцүү учраас тайга руу аялалд явдаггүй. Кино зураг авалт хийхээр л явдаг байсан үе. 2008 онд цаатангуудад АНУ-ын иргэн Морганы "Итгэл" сангаас “Цаачин иргэдийн мэдээллийн төв” гэсэн нөхөрлөл байгуулж өгөөд цаачдыг аялал жуулчлал хэрхэн хийх талаар сургалтад хамруулсан. 2-3 жил сайн ажиллаад явж байтал удирдаж байсан хүн нөгөө л монгол зангааараа мөнгө төгрөг идэх асуудал гаргаад төслийг маань байхгүй болгочихсон. Гэхдээ тэр үеэс компаниуд тайгын аяллыг зарахад амархан болж эхэлсэн. Үүрэн телефоны сүлжээ ортол тайгын иргэдтэй богино долгионоор харилцаж байв. Улаанбаатарт баруун, зүүн тайгад нэг нэг богино долгионы станцтай. Түүгээрээ цаг агаарын байдал болоод хэдэн хүн хэзээ очих талаар мэдээлэл дамжуулдаг байсан.
-БИД ОЛОН ГАЗАР НҮҮРЭЭ ХИЙХ ГАЗАРГҮЙ БАЙДАЛД ОРЖ БАЙВ-
-Тэр үед авто зам, харилцаа холбоо муу байсан байх. Асуудлууд их гарч байсан уу? их хариуцлагын хажуугаар шантрах үе байв уу?
-Морио алдах, багийн гишүүд өвдөх. Аяллын явцад нэлээд асуудлууд гарсан. 2006 онд манай аялал жуулчлалын салбар хүндрэл ихтэй. Зам, аяллын хэрэгсэл, хоол хүнс муу, тайгын иргэд ч аялал жуулчлалд дөнгөж орж байсан. Манай пургоны жолооч нар хүртэл замын дундаас буцна гэж хэлж байсан. Өдөржин хүүхдийн уйлах чимээнд машин барихад хэцүү байсан болов уу. Бүх зүйлс Рубэртийн гэр бүлийн дураар өөрчлөгдөж байсан болохоор тогооч маань хүртэл шантарч байв. Энэ асуудлууд хөшигний цаана үлдсэн. Гэхдээ хэцүү зүйлтэй нүүр тулж, түүнийг давж гарсан учраас энэ түүх олон хүнд хүрсэн байх.
Бид засмал замаар огт яваагүй. Яагаад пургон сонгосон гэхээр бие биеэ харж суух, хоёр хүүхэд хоорондоо тоглох чөлөөт байдал пургонд илүү байсан. Одоо бодоход пургон сонгосон нь маш зөв байж гэж боддог. Өөр зохион байгуулалттай машинаар явах ямар ч боломжгүй.
Мөн их тэнгэрийн аманд зан үйл хийсэн зарим бөө нар согтуу. Энэ мэт олон газар аяллын зохион байгуулагчид нүүрээ хийх газаргүй байдалд орж байв. Гэвч аль болох л байгаагаараа байсан. Рован өглөө бүр бэкон иддэг. Хөдөө газар бэкон олдохгүй. Араас нь явах гэхээр хаана явааг нь мэдэхгүй. Сүлжээ байхгүй. Манай нөхөр олон жил аялал жуулчлалын салбарт ажилласан туршлагаараа энэ урт бөгөөд хэцүү аяллыг дуусгасан.
-МОНГОЛ ЯВАХ ХҮСЭЛТЭЙ ЖУУЛЧИД ИХСЭЖ ЭХ ОРОН МИНЬ АНХААРЛЫН ТӨВД НЭГ ХЭСЭГТЭЭ ОРСОН-
-Тэр үед Монголд аутизмын эмгэгийн талаар мэдээлэл байсан уу?
-2004 онд Монголд аутизмын талаар мэдээлэлтэй нэг ч хүн байгаагүй. Оношилж чадахгүйгээс аутизмыг оюуны хомсдол гэсэн ангилалд оруулж байсан. “Морьтой жаал” баримтат кино гарснаас хойш хүмүүс хүүхдүүдээ аутизмтай юм байна гэсэн ойлголтыг авч, гадаадад оношлуулж эхэлсэн байдаг. Монголд маш олон аутизмтай хүүхэд байсан гэж оношлогооны дараа бий болсон. Түүнээс гэнэт аутизмтай хүүхдүүд төрөөд эхэлсэн юм биш. Монголд аутизмыг таниулж өгсөн гэж нөхөр бид хоёрт их хүндэтгэлтэй ханддаг.
-Аутизмтай хүүхдээ эдгээх гэсэн гэр бүлүүд их холбогддог уу?
-Энэ үйл явдал болсны дараагаас дэлхийн өнцөг булан бүрээс аутизмтай хүүхдүүд Монголыг зорьж ирсэн. Гэтэл тэр аялал нь маш хүнд шүү дээ. Хүн бүрт адилхан үр дүн гарахгүй. Ид шид гэж байхгүй гэдгийг л тайлбарладаг. Хэт өндөр хүлээлттэй байх хэрэггүй гэж хэлдэг. Бага насны, өсвөр насны эрэгтэй, эмэгтэй, ихэр хүүхдүүдтэй олон гадны гэр бүлүүдийн хүсэлт нэлээн ирэх болж олон ч аялалд хамт аяллаа. Энэ дунд зөвхөн хүүхдүүдээ гар утасны хамаарал, хар тамхи мансуурлаас сатааруулах гэж ирдэг аав ээж нар ч байсан юм. Гэхдээ сайн, сайхан өөрчлөлтүүд хүүхдэд нь гарсан жишээ олон бий. Тухайлбал, хэзээ ч аав, ээжтэйгээ ярьж байгаагүй аутизмтай хүүхэд тайгаас бууж ирээд ээждээ хайртай гэж хэлсэн. Ээж нь маш их баярласан.
Улам ядарч байгаа хүмүүсийг нэмж хохироох асуудал үүссэн учраас болгоомжлол үүсээд зарим бөө нартай холбож өгөхөө больсон.
-Аутизмтай хүүхдэд тайвшруулах зорилгоор их олон төрлийн эм өгдөг. Рубэрт хүүгээ үүнээс өөр аргаар эмчлэхийг оролдсон.
-Аутизмтай хүүхдүүдэд хүнд металын найрлагатай эм хүчээр уулгаж, тайвшруулдаг. АНУ-д аутизмтай хүүхдийн эмчилгээнд засгийн газраас нь хяналт тавьдаг. Тиймээс эцэг эхчүүдэд асар их дарамттай. Руберт үүнээс үүдэж хүн байгалийн амьтан учраас байгаль үүнийг зохицуулж болох юм гэдгийг харуулахыг зорьсон. Монголын тухай номдоо маш сайхан зүйлсийг бичсэн байдаг. Нийгэмд арай өөр ойлголтыг бий болгосон.
-ТУЙЛШРАЛ ИХ БАЙСАН УЧРААС НОМЫН ХЭВЛЭЛИЙГ ЗОГСООСОН-
-Энэ түүх дэлхийд их алдартай болсон. Баримтат кино нь монгол хэлэнд орчуулагдсан байдаг юм билээ. Харин ном нь яагаад тийм бага тоогоор хэвлэгдсэн юм бол?
-“Морьтой жаал Монголоор” номын хэвлэх эрхийг аваад Битпресс Хэвлэлийн газар монгол хэлнээ орчуулан, 300 ширхэгийг хэвлээд хэвлэлийг зогсоосон. Бөө нар нь “Би энэ хүүхдийг эдгээсэн” гэсэн асуудал үүссэн. Туйлшрал их байсан учраас номын хэвлэлийг зогсоох арга авсан. Биднээс зөвшөөрөл авахгүйгээр монголын телевизүүд “Морьтой жаал” баримтат киног нь гаргаж байв. Хүний нэр, газар орны нэр буруу бичих зэрэг асуудал гарсан. Эрхийг нь нэг сая доллараар зарсан том төслийн эрхийг авалгүй шууд олон нийтэд түгээсэн телевизүүдэд бидний зүгээс санамж өгч ажилласан. Руберт манай компанид “Морьтой жаал” баримтат киног зурагтаар цацах эрх өгсөн.
-Рованийг эдгэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-Бөөгийн зан үйл бөө нараас гадна байгалийн сайхан, эмийн ургамалууд, амьтад хүүхдэд нөлөөлсөн болов уу. Мөн Булган аймгийн Шарга нуур, Хануйн халуун усны рашаан зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газруудаар явсан. Рован хөдөө гараад сайхан тайвширч, маш сайн унтаж байсан. Заримдаа өдрийн 14 цаг хүртэл унтдаг болсон.
Аутизмтай хүүхдүүд амьтантай холбоо тогтоохдоо маш сайн. Энэ нь далд ертөнц байх. Айлын уяан дээр байгаа морины сүүлнээс бариад хөлнөөс нь тэврээд авсан. Монгол морь хойд хөлнөөсөө тэврүүлэх байтугай буруу талаас мордоход үргэж, булгидаг омголон шүү дээ. Тэгэхэд гадаад хүүхэд тийм үйлдэл хийхэд морь ямар нэгэн хариу үзүүлээгүй. Маш номхон хүлцэнгүй байдалтай болдог.
-ЭНЭ ҮЙЛ ЯВДЛААС ХОЙШ МОНГОЛД ИРЭЭГҮЙ. ИРЭХ ТӨСӨЛ ЯРИГДАЖ БАЙГАА-
-Хүүгийн аав, ээж тэс өөр хүмүүс байсан нь кинон дээрээс анзаарагддаг. Хүүгийнхээ төлөө зүтгэл гаргаж байгаа нь өөр байдаг. Аав ээжийнх зүгээс аяллын туршид хүндрэл учруулж байв уу? Аяллын бүрэлдэхүүнд хэдэн хүн багтсан байсан бэ?
-Руберт өглөөнөөс орой хүртэл бүгдийг яс төлөвлөдөг. Бүгдийг хяналтдаа авдаг байлаа. Ровэний ээж унаган хотын, их ааш муутай эмэгтэй. Аяллын үндсэн бүрэлдэхүүнд дууны инженер, зураглаач, хүүхдийг морин дээр авч явах туслах, Ровэний ээж аав гэсэн хүмүүс багтсан. Бид аялал зохион байгуулалт дээр анхаарч байснаас цаана нь ямар том төсөл явж байгаад анзаараагүй. Аяллын зохион байгуулалтыг сайн хийх гэхэд төлөвлөгөө өдөрт өөрчлөгдөн, хүүхдийн аясаар бүх зүйл шийдэгдэж байв. Монгол морь морин тойруулгын морь биш шүү дээ. Эхнэр сэтгэл судлалын доктор байж өөрөө их сэтгэлийн асуудалтай, эмзэг байсан. Маш их уйлж, сэтгэлээр унаж нөхрөө зовоосон. Хүүхдээсээ илүү бидэнд төвөг удаж байсныг нуугаад яахав. Тэр хүний арга эвийг олох гэж олон удаа төвөгтэй байдалд орж байлаа.
Хөвсгөлөөс буцаж ирээд Хустайн нуруунд нэг зан үйл хийх ёстой байсан. Хустайд хэдэн Герман хүмүүстэй таараад “хүүхдээ чимээгүй байлга” гэж орилсон. Тэр нь нийгмээс ийм гэр бүлүүдэд үзүүлдэг дарамтыг харуулж байна. Нийгмээс маш их хэмжээний дарамттай тулгардаг.
-Рубэртийн гэр бүл Монголд дахиж ирсэн үү?
-Энэ үйл явдлаас хойш Монголд ирээгүй. Ирэх төсөл яригдаж байгаа. Ровэн дүүтэй болсон. Зарим хүмүүс Рубэртийг эхнэрээсээ салсан гэж ярьдаг. Бидэнд ч эхнэртэйгээ хамт байгаа гэх шинж анзаарагдахгүй байгаа. Эхнэрээсээ салсан эсэхийг асууж зүрхлэхгүй байна.
-ОДОО РОВАН БУСДАД БОЛОН ӨӨРТӨӨ СААДГҮЙ АМЬДАРЧ БАЙНА-
-Таны хүү Томоо тэр аяллын турш Ровэнтой хамт байсан. Би Томоог Ровэнг эдгэхэд нөлөөлсөн гэж боддог. Томоогийн талаар яриач?
-Манай хүү. Жинхэнэ нэр нь Т.Бодьбилгүүн. Энэ жил 21 нас хүрч байна. МУИС-ийн аялал жуулчлалын ангид сурдаг. Тэр үеэс хойш аутизмтай хүүхдүүдтэй аялалд их явсан. Дүү нь ч явсан. Гэр бүлээрээ ч явж байлаа. Ашиг орлого гэхээсээ илүүтэйгээр нийгмийн хариуцлагаараа зарим гэр бүлүүдэд урам өгөх, хүүхдүүдээ тоглуулах, ээж аав нарт сэтгэлийн дэм өгөх төрлийн хандивын аялал их хийж байв. Бараг жил бүр л тайга руу явсан. Өдөрт 8-9 цаг морин дээр хүүхдийг авч явах бол их хэцүү. Баргийн хүний хийхгүй ажил.
-Одоо Ровантой холбоотой байдаг уу? Биеийн байдал хэвийн болов уу?
-Одоо Рован өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, нийгмийн харилцаанд ордог, өөрөө бие даагаад барилгын компанид туслах ажилтан хийж байгаа. Энэ бол аавынх нь хүүхдийнхээ төлөө хийсэн зогсолтгүй тэмцлийн үр дүн. Рубэрт уйгагүй, цуцашгүй байж чадсан. Ихэнх тохиолдолд аавууд бууж өгдөг. Ээжүүд хүүхэдтэйгээ үлддэг. Гэр бүл салдаг. Руберт аавуудыг хүчтэй байлгах, урам зориг өгөх, хүүхэдтэйгээ ажиллах, хүүхдээ өөрөөр харах нөхцлийг бүрдүүлж өгсөн гавьяатай. Рубэрт хүүхэдтэйгээ сайн ажилласны ачаар одоо Рован бусдад болон өөртөө саадгүй амьдарч байна.
-Ярилцсанд баярлалаа.