Бүх цэргийн Их Хар сүлдийг цагаалах тайлга хаврын тэргүүн сарын шинийн зургаанд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдож, энэ сарын 7-ны өдөр болжээ.
Цагаалах тайлгад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, төрлийн цэргүүдийн командлагч нар, ХХЕГ, Дотоодын цэргийн удирдлагууд оролцлоо. Тайлгын эхэнд Бүх цэргийн Их Хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар Бүх цэргийн Их Хар сүлдийн “Заллагын өчил”-ийг дуудаж, хүрэлцэн ирсэн зочид хүндэтгэл үзүүллээ.
Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар сүү, идээ шүүс зэргийг сүлдэндээ өргөж, адис авсан юм. Чингис хаан Бүх цэргийн Их Хар сүлдийг монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсан. Тэгвэл өдгөө уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж байна.