Мягмар гарагт Японы баруун хэсэгт орших Нара мужид соёлын өвийг хамгаалах хуулийг зөрчиж зэрлэг буга алсан этгээдийг баривчилжээ.
Японы төв Миеэ мужийн барилгачин, 23 настай Хаято Йоший соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан буга гөрөөсийг сүхээр хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр, “Зам дээр тоглож байсан бугануудын нэг нь машиныг маань мөргөчихсөн тул уурандаа алчихсан” хэмээн цагдаад мэдүүлсэн гэнэ.
Гэвч цагдаа нар хэрэгтэнд өөр шалтгаанаар буга алах сэдэл байсан хэмээн сэрдэж байгаа аж. Учир нь Хаято Йоший нь хоёрдугаар сарын 7-ны шөнийн 02:00 цагт Нара цэцэрлэгт хүрээлэнд 11 настай эмэгтэй буга руу дайрсан байж болзошгүйг олж тогтоосон байна. Цэцэрлэгт хүрээлэнд шархадсан буганы тухай мэдээллийг нэгэн жуулчин цагдаад мэдэгдэж, тухайн хэсгийн хяналтын камерын бичлэгийг ашиглан сэжигтнийг олжээ.
Эх сурвалж: BBC
Дэвсгэр мэдээлэл: Нара хотын гудамжинд зэрлэг буганууд чөлөөтэй явж байдаг нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг байна. Зөвхөн 2018 онд гэхэд тус хотод 2 сая жуулчин аялжээ.