Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар төсөвт тодотгол хийх үү?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 12 секунд

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас өмнөд хөршийн эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, томоохон компаниудын үйл ажиллагаа хумигдав. Энэхүү шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт зөвхөн өмнөд хөршийн эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд тээг болж буй талаар эдийн засагчид онцолж байна.

Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн хөгжил ч саарсан дүнтэй байна. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар буурч, 459 сая ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр шинэ төрлийн коронавирусийн дэглэлт гарч, сарын төгсгөлд Монгол Улс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн боомтоо хаасан юм.

Гаалийн ерөнхий газрын тайланг харвал импорт экспортоос давж гадаад худалдааны баланс 2014 оны есдүгээр сараас хойш анх удаа алдагдалтай гарчээ. Алдагдал нь 14.3 сая ам.доллар байсан байна. Гол өөрчлөлтүүдийг харвал боловсруулаагүй нефтийн борлуулалт хоёр дахин шахам буурчээ. Харин зэсийн хүдэр, баяжмалын борлуулалтын орлого 30 шахам хувиар буурсан байна. Чулуун нүүрсний экспортыг эс тооцвол Монгол Улсын экспортын дийлэнх гол бүтээгдэхүүний борлуулалт доошилжээ.


Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд гадаад худалдаанаас 67.1 тэрбум ам.долларын орлого олсон байдаг. Үүний 35-40 тэрбум ам.доллар нь зэсийн баяжмал болон нүүрсний экспортоос олсон орлого юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг эрдэс баялгийн салбарын орлогоос шууд хамааралтай бөгөөд шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас манай улсын эдийн засаг томоохон сорилттой тулгарлаа.


Хэрэв коронавирусийн дэглэлт буурахгүй байх тохиолдолд манай улсын төсвийн орлого тасарч, төсөвт тодотгол хийх зайлгшгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг эдийн засагчид онцолж буй.

Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр “Коронавирусийн өвчлөлгүй байлаа гэж бодоход л бодит орлого маань 10 их наяд төгрөг. Халдварт өвчинтэй холбоотой нэгдүгээр улиралд нэг их наядын орлого тасалдаж магадгүй. Төсвөө эрүүл байлгая гэвэл орлогоо 2 их наядаар, зарлагаа 2 их наядаар хасах ёстой. Өөрөөр хэлбэл 2 их наяадын төсвийн алдагдлаа хадгалж, 9 их наядын орлоготой, чадвал  10, чадахгүй бол 11 их наядын зарлагатай байвал энэ харьцангуй эрүүл төсөв болно. Одоо батлагдсан 2020 оны төсвийн тухай хуульд 13 их наядын зарлага тусгасан байгаа учир Сангийн яам энэ хэмжээгээр зарцуулалт хийнэ. Бодит орлого оны эцэст гүйцэхгүй байвал алдагдал улам нэмэгдэнэ гэсэн үг. Иймд юуг санхүүжүүлж, юуг санхүүжүүлэхгүй байхыг дахин нэг эргэж харах хэрэгтэй. Жишээлбэл, Зам, тээврийн хөгжлийн яаманд олон хөрөнгө оруулалтын төслүүд тусгагдсан байгаа. Яам тендерээ зарлана, ажил нь эхэлнэ Сангийн яам хуулийн дагуу санхүүжилтийг нь өгнө. Гэтэл оны эцэст төсвийн орлого гүйцэхгүй бол нөгөө эхэлсэн ажил царцана. Ийм алдагдал хүлээх боломжтой ажлуудаа анхнаас нь эхлүүлэхгүй байсан нь дээр” гэв.

Товчхондоо, Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өнгөрөгч нэгдүгээр сард тааруу гарсан, энэ сарын төгсгөлд ч энэхүү үзүүлэлтүүд улам дордох тул нэн тэргүүнд 2020 оны төсөвт тодотгол хийж, эдийн засгийн томоохон эрсдлээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага Засгийн газарт тулгарлаа.

Өвөрхангай аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Өвөрхангай аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.