СБД-ийн “GB plaza”-д байрладаг банк санхүүгийн байгууллагаас голомтолсон халдвар тус оффист суудаг хүмүүсийн 24-өөс нь (2021.01.31) илрээд байгаа. “Улаанбаатар ньюс” сайтын сэтгүүлчид бид оффис дээрээ хөл хорионд орж (2021.01.28), маргааш өдрөөс эхлэн “Toyoko-Inn” зочид буудалд тусгаарлагдаад байна.
Энэ зуур тусгаарлалтыг хэрхэн хийдэг, хэрхэн зохион байгуулалтаар хангадаг зэрэг олон асуудлыг биеэр мэдэрч, эхний сурвалжилгаа хүргэж байна.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд ковид-19-тэй тэмцэх бэлэн байдлыг МАШ МУУ ХАНГАСАН гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж эхлэв.
ЭМЯ, ХӨСҮТ, УОК, НОК!!! ХАМТЫН АЖИЛЛАГАА ОГТ АЛГА
Биднийг зочид буудалд тусгаарлахаас өмнө Шуурхай штабаас залгаж овог нэр, гэрийн хаяг, хамт амьдардаг хүмүүсийн мэдээлэл, 1 сарын 1-нээс хойш явсан маршрут зэргийг асуулаа. Дараа нь ХӨСҮТ, Дүүргийн эрүүл мэндийн төв, НОК-оос мөн л яг энэ мэдээллийг ээлж дараалан залгаж авав. Тэдэнд мэдээллээ хуваалцдаг дундын систем гэж байхгүй бололтой.
Дөрвөн газарт 2 цаг орчим яг ижил мэдээллээ давтан байцаагдав. Энэ зуур “Би юу хийчих вэ? Тэрэнтэй уулзсанаа хэлсэн нь дээр үү, үгүй юу” хэмээн эргэлзэж эхэллээ. Учир нь яг юу болоод байгаа талаар иргэнд огт мэдээлэл өгөхгүй, зөвхөн хариулахыг шаардана. Асуухаар бид мэдэхгүй гэнэ.
Уртаас урт мэдээллийг утсаар тоть шиг давтах зуур айж, санаа зовж, эргэлзэж эхэлнэ. Өмнө нь албаныхны мэдээлэлд “хавьтагчаа нуугаад хэлээгүй” гэхийг сонсоод гайхдаг, буруутгадаг байлаа. Гэвч хавьтагчаа нуусан тохиолдлууд яг л ийм хамтын ажиллагаагүй, эргэх холбоогүй, сүржин, хүнтэйгээ хүн шиг харилцдаггүй байдлаас үүсдэг юм байна гэж дүгнэв.
Юу ч тодорхойгүйн дээр хэн ч чамд сэтгэл санаагаа бэлдэхийг зөвлөхгүй. Харин ч эсрэгээрээ сэтгэл зүйн дарамтад оруулна. ХӨСҮТ-ийн цагдаа гэж ярьсан хүн мэдээллээ авчхаад, ажлынхаа хаягийг хэлтэл “Өө хөөрхий, өнөө ЖиБигийнх юм байна, азгүй еэ” гээд утсаа таслав. Юу болсон юм бол ... пал хийгээд явчихлаа.
ӨВДСӨН БОЛОН ТУСГААРЛАГДСАН ХҮМҮҮСИЙН ХУВЬД СЭТГЭЛ ЗҮЙ ХАМГИЙН ХҮНД ДАВАА
Бид хүлээхдээ “Та тусгаарлагдах боллоо. Гэхдээ санаа зоволтгүй. Энэ өвчнийг олон хүн тусаж, эдгэрч байгаа. Сэтгэл санаагаа тайван байлга. Тэгж ингэж сэрэмжил. Тийм зүйл бэлдээрэй. Гэрийнхэндээ тэгж хэлээрэй” гэж зөвлөнө гэж бодлоо.
3-4 газар холбогдсон ч аль ч ингэж зөвлөсөнгүй.
Хувийн эх сурвалжаараа дамжуулаад биднийг тусгаарлахаас гарцаагүй гэдгийг олж мэдээд цүнх, авч явах ОО-ийн цаас зэргээ бэлдэж зэхэж эхлэв. Ингэж байтал тусгаарлах хүн орж ирээд, машиндаа суулгаад аваад явсан.
Энэ зуур гэрийнхэн, ажлаар ороод гарсан хүмүүс залган, “Над луу ярилаа, юу болов, яав ийв” гээд ээлж дараалан асууж эхэллээ.
“Би юу хийчих вэ? Гэрийнхэн маань зүгээр байгаа? Хэнтэй уулзсанаа хэлэх ёстой юу? Хүн асуувал юу гэж хэлэх вэ? Тусгаарлагдсан гэхээр надаас сэжиглэх болов уу?” гэх мэт олон асуулт толгойд эргэлдэж, сэтгэл санааны тогтворгүй байдалд орцгоолоо. Зарим маань өглөө ажилдаа ирэх ёсгүй байсныг сануулсан дохио мэт зүйл болсон, тэрийг анзаарсан ч үл тоосон тухай ч ярьж эхлэв. Сэтгэл санаа унаж эхлэв.
“TOYOKO-INN” ЗОЧИД БУУДАЛ ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ИРГЭДИЙГ САВАН, ОО-ГООР ХАНГАХГҮЙ ГЭВ
Зургийн тайлбар: Ариун цэврийн өрөөнд зөвхөн аяга угаах шингэн, порлон хоёр л бий.
2021.01.29-ны 20:00 цаг орчимд “Toyoko-Inn” зочид буудалд байршууллаа. Ариутгалыг сайтар хангасан гэмээр нөхцөлтэй угтан авч, хүн бүрийн мэдээллийг бүртгэж аваад өрөөнүүдэд байршууллаа.
Буудалдаа орж ирлээ. Ашиглалтад ороод удаагүй, шинэхэн, тухтай буудалд хуваарилагдсандаа жаахан ч гэсэн баяр төрөв.
Хоёр өдөр ажил дээрээ тусгаарлагдсан тул шүд амаа угааж, гар хөлөө ариутгахыг хүсэв. Харамсалтай нь тус буудалд гарын саван, шүдний оо, шампунь, гарын алчуур зэрэг наад захын ариун цэврийн хэрэглэл байхгүй байлаа.
Зочид буудлын ресейпшнээс асуухад “Манайх хангах үүрэггүй, гэрээсээ авчрах ёстой” гэв. Албан оффисоос тусгаарлагдан ирсэн тул гараа угаах шаардлагатайг тайлбарлахад “Эдгээр хэрэгслүүдийг гэрээсээ л авах журамтай. 3 хоногийн дараа эргэлт нээхээр гэрээсээ захиад аваарай” гэлээ.
Юу гэсэн үг вэ, эрсдэлтэй хүмүүс гэж тусгаарлагдаж буй бид ариун цэврийг сахих ёстой биз дээ. Ядаж гарын саван авах ёстой гэж уур хүрэв.
“Тийм заавар ирээгүй ч, зочид буудал юм чинь нөөцөөсөө гарын саван гаргаад өгч болохгүй юу” хэмээхэд “Манайх одоо тусгаарлах байр болсон, зочид буудал биш. Тусгаарлах байранд ариун цэврийн хэрэгслийн нөөц байхгүй” гэсэн хариулт өгөөд, утсаа шууд салгалаа.
Гэрээсээ захиад авмаар байгаа ч зочид буудал дүүрэхээр эргэлт нээх үед буюу Даваа гариг хүртэл тэсэж хүлээх ёстой болов. Тэр хүртэл гараа, шүдээ ариутгах боломж гарахгүй нь.
Тусгаарлалтад байгаа иргэдэд ийм хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж, өөрийгөө хамгаалах наад захын нөхцөлийг хангахгүй байгаа нь сэтгэл санааны бухимдлыг улам их нэмж эхлэв.
НОК-той холбогдож энэ талаар гомдол хэлэхэд “Маргааш дарга нартай ярьж үзээд хариу өгье” гэж хариулсан ч өнөөдрийг хүртэл (2021.01.31) гарын саван, шүдний оо-гоор хангаагүй байна.
“Би халдвартай иргэдийг зөөдөг машинд сууж ирсэн, гараа савангаар угаамаар байна, хэцүү байна” гэж бид хоорондоо чатлана.
ОФФИСООС ТУСГААРЛАГДСАН ИРГЭД УГААСАА ТЭСЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАГ
Энэ асуудлаар тодруулахаар “Оффисоос тусгаарлагдсан иргэдийг саван, сойз, оо-гоор хангахгүй гэсэн заавар” үнэхээр байдаг эсэхийг судалж эхэллээ. Өмнө нь тусгаарлалтад ажиллаж байсан (2021 оны 8 сард ажилласан) эмчээс тодруулахад “Зочид буудал тэдгээрийг хангадаггүй юм билээ. Оффисоос тусгаарлагдсан иргэд угаасаа тэсэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл зааварт нь эдгээр ариун цэврийн хэрэгслүүдийг иргэн гэрээсээ авчруулна гэж заасан. Оффисоос ирж байгаа тохиолдолд тэг, ингэ гэсэн заавар байхгүй” гэв.
22-ын товчоон дээр өвдсөн хүн ирвэл яах вэ гэдэг заавар байхгүйгээс өвчтөн тэндээ нас барсан хор хохиролтой хэрэг санаанд орлоо.
ЭМЯ, ХӨСҮТ, УОК, НОК ЗААВАР ЖУРМУУДАА ИЛ ТОД БОЛГО
Өрөөндөө орж ирээд “ЭМЯ-ны зөвлөсний дагуу халуун бүлээн юм уух ёстой. Ус буцалгаж ууя” гэж шийдлээ. Ус буцалгагчийг онгойлгоход үнэхээр сэжиг хүрэв. Огт угааж цэвэрлээгүйн дээр, таг дотор нь хоол унд наалдсан байлаа.
Би ямар газар ирчих вэ гэж дахин эргэлзэж эхлэв. Тэр оройдоо ус буцалгагч хүссэн ч одоог хүртэл хангаагүй бөгөөд өнгөрсөн хоёр өдөрт 2 аяга л шингэн зүйл уулаа. Эргэлт нээгээгүй учраас ус ундаа байхгүй бөгөөд зөвхөн хоолны үеэр өгдөг аяга цайг ууж буй нь энэ.
Ресейпшн лүү хандан дахин нэхэхэд “Та угаагаад хэрэглэчихээч” гэв.
“Юу гэсэн үг юм бэ, энд өмнө нь халдвартай хүнийг ч тусгаарласан байж болно. Ариутгаж цэвэрлэсэн байх ёстой биз дээ, би гомдол гаргана” гэж тэсгэл алдан уурлалаа. “Та гомдлоо гарга гарга” гээд утсаа таслав.
Тусгаарлалтын үед ер нь яг ямар заавар журам байгаа, эдгээр хүмүүс түүнийгээ мэддэг эсэхэд эргэлзэж эхлэв. Сэтгэл санаа унаж эхэллээ.
Тусгаарлалтын журмыг хайж албаны сайтуудыг ухлаа. Олдсонгүй.
Холбогдох байгууллагууд тусгаарлалт хийгээд эмчилгээний үеэр баримтлах журам, заавраа олон нийтэд ил болго. Тэгж байж иргэд би гэрийнхэндээ ийм зүйл захиж болно, ийм зүйл захиж болохгүй, тусгаарлах байр үүнийг хангах ёстой, үүнийг хангах ёсгүй гэж мэддэг болно. Ядаж тусгаарлагдахаар явахдаа юунд анхаарах хэрэгтэйгээ мэдэж, сэтгэл санаагаа бэлэн байлгана.
Тусгаарлагдаад 2 өдөр өнгөрлөө. Бидэнд тулгарсан асуудлын наад захыг л бичив.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд ковид-19-ийн халдвар, хамгаалалд бэлэн байсан уу? Бэлдсэн үү? Оффисоос тусгаарлагдсан иргэдэд гарын саван ч хангахгүй байгааг харвал ҮНЭХЭЭР ХАНГАЛТГҮЙ гэдэг нь ойлгомжтой байна. Ийм тодорхойгүй, бэлэн бус байдлаас бол иргэд гадаадад, 22-ын товчоон дээр амь насаа алдсан. Нялх биетэй ээж ч сэтгэл санааны хүнд дарамтад байгаа.