Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүхийн өв ба Л.Оюун-Эрдэний сорилт

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 6 секунд

 Далаад оныхон даруулах болоогүй

У.Хүрэлсүх 1988 онд МАН-д элсэж бүтэн гучин жил унаж босож тавин насны хаяанд Ерөнхий сайдын албыг авч байв. П.Жасрай, Б.Даш-Ёндонгийн мөстлөгийн үе Н.Энхбаяр, Н.Багабандийн талцлын үе М.Энхболд, С.Баярын шилжилтийн үе С.Батболдын шинэ үеийг хамарсан бүтэн 30 жил. Н.Энхбаярын урдаас хэн ч үг хэлдэггүй хаанчлалынх нь үед “Та улс орныг удирдаад байна уу? Таны эхнэр удирдаад байна уу?” гэж алдарт үгээ хэлж зад авалцаж явсан иртэй залуу. Шатсан намынхаа далбайг толгойдоо углан жагсаж явсан “улаан хамгаалагч” пургоны хэргээр ачигдах шахсан “сайн эр” С.Баярын урилгаар ерөнхий нарийн бичгийн дарга болж эргэж боссон “могикан” гээд түүний намтар зузаан. Олигтой уран сайханжуулбал В.Лениний 12 ботийг ч давна.

Гэтэл ердөө арваадхан жилийн өмнө “сумын жижүүр” явсан Л.Оюун-Эрдэнэд ерөнхий сайдын суудлаа өглөө. Үргэлж биш ч хаяа мөрддөг төрийн албаны хуулиар төрийн нарийн болтол 15 жил яамны цаасыг нухах учиртай. Улс төрчийн хувьд ч 10 жилийн хугацаанд ийм өндөр сэнтийд заларна гэдэг баргийн аавын хүүд тохиолдохгүй аз. Яг энэ өдрөөс тэр өөрийнхөө намтрыг өөрөө бичнэ. Гэхдээ дэндүү эрт, дэндүү өндрөөс. Дээр нь халамжит ах У.Хүрэлсүх нь салахын эрхээр биш салаа замын эрхээр холдож буй цаг дор.

Нэн түрүүнд Л.Оюун-Эрдэнэд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн маш том шалгуур гарч ирнэ. МАН дотор ид үедээ яваа далаад оныхон У.Хүрэлсүхийн бярлхсан энэ шийдвэрт тийм ч сэтгэл хангалуун биш нь ойлгомжтой. Наанаа баярын мишээлтэй ч халаасандаа том салаавчтай хэсэг хүн биш бүтэн үе түүнтэй хамт улс төрд алхана. С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Сүхбаатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Ё.Баатарбилэг, Л.Мөнхбаатар, Б.Жавхлан, О.Содбилэг гээд МАСЗХ-ны үеийн ид кадруудыг нэрлэвэл уртаа цуваа үүснэ. Тэдний зарим нь сайд ч хийж амжаагүй байхад Л.Оюун-Эрдэнэ дээгүүр нь давж гарлаа. Г.Занданшатар спикерийн суудалдаа ханаад намын даргын очероо тайвнаар булгаалгахдаа сэтгэл хангалуун байгаа болов уу? Үзсэн туулсан ажил амьдралын туршлага, нөөж хураасан хүчээрээ тэд Л.Оюун-Эрдэний урд гарна гэхээс хойно гишгэхгүй. У.Хүрэлсүхийн нэр хүнд, намаа ялуулсан гавьяа, удахгүй Ерөнхийлөгчид яваад зайгаа тавина гэсэн хүлээлт л тэднийг даруу суулгаж байгаа. Азарга соёолонд сүргээ өгөхгүйтэй ижил байгалийн хууль тэднийг зүгээр суулгахгүй нь лавтай.

Шар гэрэл ассан эдийн засаг​

Улс төрийн ээдрээт байдлаас гадна эдийн засгийн байдал түүнийг амаргүй сорилтруу орууллаа. Цар тахлын хор уршиг удаан үргэлжилж эдийн засгийн хямрал, ажилгүйдэл нүүрлэвэл буутай цэргүүдтэйгээ  Оюутолгойг эзлээд ч нэмэргүй. “Өмнөх Ерөнхий сайдын үед ус цахилгаанаа төлүүлээд жаргаж байж гэтэл энэ хүүхдийг хар" гэж хөгшчүүлээсээ эхлээд гомдоно. Авснаа хурдан мартаж, өгснөө насаараа санадаг нь Монголчуудын зан хойно. Ажлаа хийж чадахгүй байна гэсэн шүүмжлэл өрнөх төдий л өлгөж тоглох улс төрийн бөөн хавх,  өтгөн манантай зам түүнийг хүлээнэ.

 Гэтэл төлбөрийн тэнцлийн баланс -4 их наяд дөхсөн, гадаад өр 8.2 тэрбум ам.доллар хүрсэн, Оюутолгойн маргаантай, тавантолгой таг байрандаа эдийн засгийг хүлээж авлаа. Улс төрийн талаасаа ч эдийн засгийн талаасаа ч тэр гал мах бодь дээр суужээ. Энэ онд төлж эхлэх Чингис, Самурай бондын үндсэн төлбөр нь төсвийн талтай тэнцэнэ. Сангийн сайд У.Хүрэлбаатар 9.3 их наядын өр төлсөн гэж мэдэгддэг ч улсын өр хасагдах биш харин ч нэмэгдсэн гэдгийг яагаад ч далдлах аргагүй болсон.

 Үнэнийг зөвхөн статистикаас харья гэсэн Дэн Сяо Пиний  хэлсэн алдарт афоризм бий. Дэлхийн улс орнууд хөгжлийн байдлаа харьцуулж хардаг олон индекстэй болоод удаж байна. Өрсөлдөх чадвар, авлига, шүүхийн хараат бус байдал, ДНБ-ний өсөлт, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн зэрэг голлох индексүүдээр улс орнууд хөгжлийнхөө түвшинг харж үнэлж байна. Яг үнэндээ эдгээр үзүүлэлтээр бид сүүлийн 4 жилд олигтой ахиагүй бараг л байрандаа байжээ.

Тодруулбал 2017 онд эдийн засгийн өсөлт 5.2 хувьтай байсан бол өдгөө 2.1 хувь болон буурчээ. ДНБ-ний хэмжээгээр бид 2017 онд 131-т бичигдэж байсан бол өдгөө 134-т бичигдэж байна. Авлигийн индексээр 106 гэдэг тооноос бид сүүлийн 4 жил огт хөдөлсөнгүй. Харин гадаадын хөрөнгө оруулалт 3 их наяд ам.долларт хүрсэн нь 2013 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ажээ.

У.Хүрэлсүхийн баг үндсэн хуулийг шинэчилсэн,шүүхийн реформийг хийсэн, гамшгийн хэмжээнд хүрээд байсан утааг эрс багасгасан, дур зоргын тендер, концессуудыг цуцалж, цүнхнээс цүнх дамжин дамлагдаж байсан том ордуудыг улсын мэдэлд буцааж авсан. Өөрийнх нь мөнгөөр өөрийг нь хувьчилсан Эрдэнэтийн “луйврыг” зогсоосон гээд аль ч талаас нь буруутгаж тайлбарлах аргагүй хийсэн ажлууд тод томруун бий. Гэхдээ бид нийтлэг байдлаараа нэг их урагшлаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.

Дубайн гэрээг цуцлахаар гаргасан өргөдөлтэй зэрэгцээд эдийн засгийн амаргүй сорилтууд Л.Оюун-Эрдэнийг угтаж байна. Эдийн засаг хасахруу орж, гадаадын хөрөнгө оруулалт 500 сая.ам доллар болтол унаж, вальютын нөөц хоосорсон хүнд үед тарчиг ахуйдаа буулт хийж Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулсан. Яг үүнтэй төстэй эдийн засгийн амаргүй сорилттой үед бид хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа шүүхдэх гэж байна. Залуу насны ааг омог, улс төрийн попролоор асуудалд хандаж болохгүй нь лавтай. Рио Тинтод бид дээрэлхүүлж байгаа нь үнэн. Гэхдээ тус компаний дэлхий дээр хэрэгжиж байгаа 36 төслийн хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан төсөл нь Оюутолгой гэдгийг мартаж болохгүй.  2 км газрын гүнд гүний уурхай барих чадвартай дэлхий дээрх хоёрхон компаний нэгтэй тэр шүүхдэж байна. Байдал бишдэж гэрээ цуцлагдвал жил бүр орж ирдэг 900 тэрбум төгрөгийн татвар байхгүй болж уурхайгаа 10 жил лацдуулсаны эцэст Рио Тинтод олон арван тэрбумын өрөнд орж мэдэх аюултай тоглоомруу тэр орж байна

Цаашлаад шороо татуулан сорчилж байгаа тавантолгойгоо жинхэнэ утгаар нь хөдөлгөж чадах уу? Гэдэг том асуулт түүнийг хүлээж байна. Чардайн байж 30 сая тн хүрсэн нүүрсний экспортоо 2 дахин нэмж чадах уу? Тавантолгойн төсөлд хийгдэх ажил маш ойлгомжтой. Цахилгаан станц, төмөр зам, угаах үйлдвэр. Тавантолгойд томоохон хөрөнгө оруулалт хийх олон улсын хөрөнгө оруулагч оруулж ирэхгүйгээр өнөөгийн байдлаараа бид удаан явахгүй. Тийм учраас цаг хугацаатай уралдаж дээр нь хойд хөршийн нүүрстэй өрсөлдөж экпортоо өсгөх нь стратегийн томоохон сорилт билээ.

Товчхондоо Л.Оюун-Эрдэнийг улс төр, эдийн засгийн том сорилтууд хүлээж байна. Олон нийтийн хүлээлтийг давж улс төрд манлайлал үзүүлсэн ерөнхий сайд байх уу? Эсвэл зүгээр У.Хүрэлсүхийн “ковер” Баабарын хэлснээр “Гиблис” нь болж үлдэх үү гэдгээ тэр өөрөө л шийднэ.

О.Цагариг

ТАНИЛЦ: Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
ТАНИЛЦ: Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.