Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр \2021.01.21\ огцрох өргөдлөө өгч УИХ түүнийг дэмжснээр түүний удирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулж, төр засгийг эмхлэн байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах ёстой гэдгээ У.Хүрэлсүх өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл МАН-ын бага хурал өнөөдөр 11 цагаас хуралдаж дараагийн ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ дахь олонхийн суудалтай нам Монгол Улсын Ерөнхийлөгчид Ерөнхий сайдын нэрийг өргөн мэдүүлэх бөгөөд Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна. Хэрвээ 5 хоногт багтаан УИХ-д оруулаагүй тохиолдолд Ерөнхийлөгч үндсэн хууль зөрсөн асуудалд орох юм.
Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд солигдсон ч Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн улс төрийн шийдвэрийг бага хурлаас гаргах бололтой.
Шинэ Засгийн газарт баталгаатай үлдэх хуучин сайд нарын тоонд
- ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэн
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
- Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
- Эрчим хүчний сайд Б.Тавинбэх
- Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарыг нэрлэж байна.
Харин баталгаатай солигдох сайд нарын тоонд
- Шадар сайд Я.Содбаатар
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
- Соёлын сайд С.Чулуун
- Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн
- Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарыг нэрлэх болжээ.
Мөн “давхар дээлтэй” Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нарыг сольж өөр хоёр давхар дээлтэй сайдыг УИХ-аас томилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Үлдэх ба солигдох сайд нарын нэрс энэ амралтын өдрүүдэд эцэслэгдэх бөгөөд танхимын тогтвортой байдлаа харгалзсан шийдвэр гаргана гэв.
Харин дараагийн Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболд нарын нэрс яригдаж байгаа ч намын дарга У.Хүрэлсүх бага хурал дээр эцсийн шийдвэрээ танилцуулна. Намын даргын нэрлэсэн хүн ямар ч саадгүй Ерөнхий сайд болно гэж тусгаар тогтнолын ордноор ярих болжээ.
Мөн МАН-ын бага хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчид улс төрийн хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөж, үндсэн хуулийн цэцэд хандаж магадгүй байна. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол үндсэн хуулийн 35-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын гишүүдийн 2\3 саналаар буюу 51 гишүүн дэмжсэн тохиолдолд огцруулах эрх зүйн зохицуулалттай. Одоогоор Монгол улсын парламент Ерөнхийлөгчийг огцруулсан түүх байхгүй. Гэвч сүүлийн үед өрнөөд байгаа улс төрийн нөхцөл байдлаас харвал Монгол Улсын Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө огцруулж Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдах магадлал өндөр байна.