Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн байгаль орчны газартай хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, Уртын ам, Бурхант, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Хандгайт, Сандаг зэрэг газруудад явуулжээ.
Нийт 48 отгоор ойр орчмын хогийг цэвэрлүүлэн, 38 тээврийн хэрэгсэл, 85 иргэнд мэдэгдэл, шаардлага өгч уулнаас буулгасан. Түүнчлэн, гэмт хэргийн шинжтэй дөрвөн үйлдэлд 41 шуудай самрыг илрүүлэн, хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаал “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ийн хэрэгжилтийг хангуулан ажиллах зорилготой.
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх”-ийг хориглосон байдаг. Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тус тус заалттай.
Хуш модны самрыг аравдугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг. Дээрх зөвшөөрлийг олгохдоо Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог.
Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг. Түүнчлэн, журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААС эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм. Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авч байгаа тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна.
Хуш модны нэг кг цайруулсан самарны экологи эдийн засгийн үнэлгээ нь 176600 төгрөг, нойтон самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна.
Энэ үнэлгээн дээр үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 3-р заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан байна. Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!