АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр горилла мичнээс коронавирусний халдвар илэрлээ гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсом даваа гарагт мэдэгджээ.
“Одоогоор гурван амьтнаас халдварын шинж тэмдэг илэрч байна. Тэдгээрийг халдварын шинж тэмдэггүй ажилтнаас халдвар авсан гэж таамаглаж байна” гэж амьтны хүрээлэнгээс мэдээлэв. Эрдэмтдийн судалгаагаар хүнтэй төстэй амьтад вируст өртөмтгий болохыг тогтоогоод байсан хэдий ч аварга мич коронавирусээр халдварласныг илрүүлсэн анхны тохиолдол энэ болж байна.
Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын мэдээлснээр, горилланууд сүргээрээ амьдарч байсан тул бүгд халдвар авсан байж болзошгүй ажээ. Халдвар илэрсэн хоёр горилла өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас ханиаж эхэлсэн байна.
Мичний сүрэгт хийсэн урьдчилсан шинжилгээгээр халдвар илэрсэн бөгөөд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн үндэсний лаборатори даваа гарагт шинжилгээний хариу эерэг гарсныг баталжээ. "Гориллануудад хамар битүүрэх, ханиах шинж тэмдэг илэрч байгаагаас бусдаар биеийн байдал нь сайн байна. Мичний сүргийг тусгаарласан бөгөөд хоол ундандаа сайн байгаа. Тэдгээрийг хурдан эдгэнэ гэж найдаж байна” гэж амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Лиса Петерсон мэдээлжээ.