"Эрс шинэчлэл хөдөлгөөн"-өөс өчигдөр Оюу толгойн баяжмал тээвэрлэдэг замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Салбарын сайдын мэдээлж буйгаар, энэхүү эсэргүүцэл удаан үргэлжилбэл Монгол Улс өдөрт 5 тэрбум төгрөгийн хохирол амсах аж.
Тэгвэл энэ талаарх АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням болон нэр бүхий гишүүдийн байр суурийг тодрууллаа.
-Зам хаасан явдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хортой, ноцтойгоор зөрчиж буй үйлдэл-
Сайд Г.Дамдинням хэлэхдээ "Оюу толгойтой холбоотой олон асуудал бий. Энэ олон асуудлыг гэрээ, хэлэлцээрийн шугамаар ширээний ард сууж, хууль журмын дагуу хэлэлцэх ёстой болохоос хуульгүй, дүрэмгүй, эзэнгүй улс шиг ийм зэрлэг балмад байдлаар асуудлыг шийднэ гэж болохгүй.
Энэ удаагийн зам хаасан явдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хортой, ноцтойгоор зөрчиж буй үйлдэл болж байна. Энэ тохиолдолд хариуцлага тооцох хууль, дүрэм нь хууль, хяналтын байгууллагуудад байгаа. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Зам хааснаар Монгол Улс өдөрт 5 тэрбум төгрөгийн орлого алдана. Энэ нь Монголын ард түмэнд бүгдэд нь хүртээлтэй хохирол" гэв.
-Бид өдөрт 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байгаа-
Харин Оюу толгойн асуудлаар байр суурь илэрхийлдэг гишүүдийн нэг О.Батнайрамдал "Бид өдөрт 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байгаа. Энэ хүү цаашид улам өснө. Удахгүй 2027 он гараад 17-18 тэрбумд хүрэх тооцоололтой байгаа. Анх хөрөнгө оруулалтын гэрээ гэж байсан ч зээлийн гэрээ байгуулагдаад 16 жил өнгөрсөн байхад ард иргэд бухимдахгүй яах юм бэ. Бухимдлаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.
Тиймээс хэлэлцээрээ яаралтай хийж амжилттай болгооч ээ. УИХ-аас батлагдсан 120-р тогтоолоо хэрэгжүүлээч ээ" гэлээ.
-Ямар хэрэг байх вэ дээ-
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Ямар хэрэг байх вэ дээ. Хүмүүс дургүйцээд, Оюу толгойн алдагдалтай гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байна гэдгийг хэлээд байгаа. Гадны тал Монголын талд хүндэтгэлтэй хандах ёстой" гэсэн юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!