
Хүүхдүүдээ спортоор хүмүүжүүлж, хамтдаа хөгждөг 7 хүүхэдтэй спортлог гэр бүлийг UBN сайт онцолж байна. Тэд олон хүүхэдтэй гэр бүлүүдийн дунд зохион байгуулагддаг волейболын тэмцээнд оролцохоор Дорнод аймгаас Улаанбаатарт 9-үүлээ иржээ.
Аав, ээж, 3 хүү, 1 охиноос бүрдсэн хүчирхэг багийг бүрдүүлж, бэлтгэлээ хангасан бол 3 бага нь хөгжөөн дэмжихээр ирсэн байна.

Х.УУГАНБАЯРЫН ГЭР БҮЛД НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮН НЭГ Ч БАЙХГҮЙ
Өрхийн тэргүүн Х.Ууганбаяр Онцгой байдлын байгууллагад 15 жил ажилласан галын спортын спортын мастер, том хүү нь олс таталтын Евро Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, спортын мастер болсон. Одоо батлан хамгаалахын их сургуульд сурдаг. 2 болон 3 дах хүү нь волейболоор, охин нь хөнгөн атлетикаар хичээллэдэг. Хүүхдүүдээ спортод дуртай, спортлог болоход нөлөөлсөн гол хүн нь аав Х.Ууганбаяр нь. Зав л гарвал хүүхдүүдээ дагуулж гараад хашаандаа тоглож, боломж л гарвал гэр бүлээрээ заал руу гүйцгээдэг учраас гэр бүлд нь илүүдэл жинтэй хүн нэг ч байдаггүй гэдгийг тэд онцолж байлаа.

"ОЛОН ХҮҮТЭЙ БАЙХ ХЭЦҮҮ БИШ, СПОРТ ТЭДНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ"
Мөн тэд "Зургаан хүү, 2 охинтой гэхээр хүмүүс "Хөвгүүд олонтой хэцүү байх даа" гэж асуудаг. Гэхдээ манай хүүхдүүд багаасаа спортоор хичээллэсэн учраас маш хүмүүжилтэй, гадуур тэнэдэггүй. Манай гэр бүлд буруу, муу зуршилтай хүн нэг ч байдаггүй. Архи, тамхи, хорт зуршлаас хол гэр бүл. Бас бид хоёр хүүхдүүдтэйгээ маш зөөлөн харьцдаг, уурлаж уцаарлаж бараг үзээгүй болохоор манай гэрт дандаа эерэг уур амьсгал цолцолж байдаг" хэмээн бахдалтайгаар хэлж байв.

Хашхичиж, уурлаж биш, хайрлаж, ойлгож, спортоор дамжуулж хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлж байгаа Дорнод нутгийн энэ спортлог гэр бүл олон хүнд урам зориг, үлгэр дуурайлал бэлэглэж байна. Тэмцээний талбарт төдийгүй амьдралын талбарт хамгийн тод гэрэлтэж буй Х.Ууганбаярын гэр бүлд спортын өндөр амжилт, аз жаргалыг хүсье.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!