Монголчуудын өрхийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн өргөнөөр ашиглагддаг гол хүнсний бүтээгдэхүүнийг нэг багц болгож үүнийг суурь хүнсний багц гэж нэрлэдэг. Уг багцад мах, гурил, өндөг, сүү, ургамлын тос, сүү зэрэг багтаж тэдгээрийн дундаж үнийг багцлан тооцсон тоон үзүүлэлт юм. Уг хэмжих үзүүлэлт нь инфляц буюу үнийн өсөлт, иргэдийн амьжиргааны өртөг ямар байгааг хэмжихэд ашигладаг. Уг датанаас эдийн засгийн тооцоололт судалгаа, анализ хийгдэж төрийн бодлого шийдвэр уялдан гарах учиртай. Тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх зэрэг асуудлыг уг суурь хүнсний багцын үнийн өсөлттэй уялдуулан гаргаж байж бодит үр дүн гарна. Энэхүү судалгааг MEC судалгааны байгууллагаас 2018 оноос хойш гаргаж байгаа.

2018 оноос хойш бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг гол бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөн бол. Анх тооцож эхэлсэн 2018 оноос хамгийн сүүлд буюу 2026 оны 4 дүгээр сарын 1-нд хооронд үнийн дүн хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. Анх суурь хүнсний багц үнийг тооцож эхэлснээс хойш 2026 оны 4-р сарын 1-ийг хүртэл буюу сүүлийн 9-н жилийн хугацаанд багцын үнэ 2.6 дахин өсжээ. Нийтлэлийн эхэнд дурдсанаар уг датанаас эдийн засгийн тооцоололт судалгаа, анализ хийгдэж төрийн бодлого шийдвэр уялдан гарах учиртай. Харин эдгээр онуудад дээрх эрхмүүд Засгийг удирдаж байсан. Суурь хүнсний багц үнийн өсөлтөөс хамгийн өндөр өсөлттэй яваа бүтээгдэхүүнийг анхааралдаа авч түүнд тохирсон бодлого шийдвэрийг гаргаад явах байтал үүнийг анхаарах Засгийн газрын тэргүүн байсангүй.

График дүнгээс харвал багцын үнэ 2022-2023 онд хамгийн огцом буюу 23.6 хувиар өссөн. Өссөн шалтгааныг харвал тухайн жилд дэлхийн инфляц оргил үедээ хүрч байсан. Үүнд ОХУ болон Украйны дайны улмаас үр тариа, тос, түлшний үнийн өсөлт нөлөөлсөн. Мөн тээвэр, логистикийн доголдол буюу ковид цар тахлын дараах нөхцөл байдал нөлөөлжээ. Харин 2024 онд түр саарсан ч 2026 оноос дахин өсөж эхэлжээ.

Бүтээгдэхүүнийг дотор нь задлаад үзвэл хамгийн өндөр хувиар өссөн нь махны үнэ. 2018 оны 1 дүгээр сард 1 кг хонины махыг 6,963 төгрөгөөр худалдан авч байсан бол энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1 кг махыг 20,969 төгрөгөөр худалдан авч байна. 9 жилийн хугацаанд махны үнэ гурав дахин өсжээ. Махны үнийг барих бодлого, бодит ажил гарахгүй явсаар махны үнэ хамгийн өндөр хувиар өссөн. Экспортод хэт төвлөрсөн бодлого, дотоод нийлүүлэлтийн бодлого байхгүй, нөөцийн махны хэмжээ хангалтгүй, зах зээлийн зохицуулалт, логистик сул гээд төрийн зүгээс шийдэх ажлууд бас л хоцорч бид өнөөдөр 58 сая малтай ч өндөр үнэтэй мах авч хэрэглэсээр байна.
Суурь хүнсний багц үнийг цалинтай уялдуулж авч үзье. 2018 онд бидний дундаж цалин 1 сая төгрөг орчим байж. Харин 2025 оны жилийн эцсийн байдлаар дундаж цалин 2.7 сая төгрөг болжээ. Ингээд үзвэл үнийн болон цалингийн өсөлт ижил түвшинд явж. Гэхдээ цалингийн өсөлт, үнийн өсөлтийн уялдаанд инфляц давхар нөлөөлнө.
Манай улсын хувьд инфляц буурдаг ч үнэ буурсан тохиолдол гарсангүй. Зах зээлийн хуулийн дагуу нийлүүлэлт нэмэгдэхэд барааны үнэ буурдаг. Харин манайд үнэ өснө үү гэхээс буурсан жишээг санахгүй байна. Хүнсний үнэ өсөхөд инфляц заавал өсдөг. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд инфляц болон хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ ямар зөрүүтэй өссөнийг харъя.

Уг зүй тогтлыг харвал үнийн өсөлт шууд инфляцад нөлөөлж байна. Тэгэхээр энэ онд бараа бүтээгдэхүүний үнийг дагаад инфляц өсөх магадлал өндөр гэсэн үг. Мөн бидний инфляцтай уяж тооцож байгаа суурь хүнсний багц үнэ тооцож байгаа аргачлал дутуу дулмиг байгааг харуулж байна. Олон улсын жишгийг харвал багц үнийг хоёр жилд нэг удаа шинэчилдэг. Харин манай улс импортын хэт хамааралтай, орчин үеийн хэрэглээг тусгаагүй ба 2018 онд байсан хүнсэнд өөрчлөлт оролгүй өдийг хүрсэн.
Дэлхийн бусад улс орнууд үүнийг илүү өргөн буюу өрхийн сарын амьдрах зардлыг илүү бодитоор хэмждэг. Үүнийг амьжиргааны өртгийн багц гэж нэрлэдэг. Үүнд орон сууц, хоол хүнс, тээвэр, цахилгаан, ус, дулаан болон харилцаа холбоо зэргийг тооцдог. Манай улсын хувьд зөвхөн хүнсний багцаар өрхийн амьжиргаа ямар байгааг хэмжихэд дэндүү дутагдалтай. Зайлшгүй нэмэх ёстой багцад эрчим хүчний асуудлыг тусгах хэрэгтэй. Шалтгаан нь манай оронд өвлийн улирал урт үргэлжилдэг. Өвөл урт болдог, хүйтэн уур амьсгалтай орнуудад эрчим хүчний зардал өрхийн төсөвт том байр суурь эзэлдэг. Тэр ч утгаараа цахилгаан, халаалт, шатахуун зэрэг нь улирлын инфляц болон бодлогын шийдвэрт чухал нөлөө үзүүлэх учиртай.
Энэ бүхнээс үзвэл зайлшгүй суурь хүнсний багцыг шинэчлэх, орлогын бүлгээр ялгах, бүс нутгийг байршлыг харгалзах, мөн улирлын шинжтэй асуудлыг нэмэлтээр тусгасан цагт илүү бодит үр дүн тооцоолол гарна гэж харж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!