
-Өнгөрөгч Бямба гарагт Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газар бүрдэж, энэ парламентын түүхэнд гурав дахь Засгийн газар ажилдаа орлоо. Ийнхүү дэлхийн нийгэм эдийн засаг тогтворгүй, сорилт ихтэй хүндхэн цаг үед Н.Учралын Засгийн газрын тоолуур явж эхэллээ. Энэ утгаараа ямар үр дүн гаргаж ажиллахыг хэн ч үл мэднэ. Харах л үлдэв. Тэгвэл хурдтай, шуурхай ажиллахаа мэдэгдээд буй Н.Учрал Ерөнхий сайд нийгэм, эдийн засгийн ямар нөхцөл байдлыг хүлээж авав гэдгийг сонирхъё. Эдгээр үзүүлэлтүүдэд үндэслэн түүний Ерөнхий сайдаар ажиллах хугацааных нь гол бодлогууд тодорхойлогдох учиртай-
-ИНФЛЯЦ-

2025 оны 12 дугаар сард инфляц 7.5 хувьтай гарч байсан бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувьтай байна. Энэ дотор хүнсний инфляц 12.3 хувь болж, нийт инфляцын 3.3 нэгж хувийг бүрдүүлж байгаа юм. Хүнсний инфляц эрчимжихэд махны үнийн өсөлт нөлөөлсөн байна.
Г.Занданшатар Ерөнхий сайдын үед инфляц 8.3 хувиас энэ хэмжээнд хүрч буурсан байдаг.
-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ-

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эдийн засгийн өсөлт 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 8.6 хувь болж нэмэгдсэн байна. Эдийн засгийн өсөлтийг ХАА салбар болон уул уурхайн салбарын өсөлт голлон дэмжсэн бол худалдааны салбар агшиж өсөлтийг сааруулжээ.
-ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-

Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрөгч 2025 оны эцэст 3.8 тэрбум ам.доллар хэмээн үнэлэгджээ. Ерөнхий сайд Н.Учралын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаа УИХ-ын даргаар ажиллаж байхдаа төдийгүй өмнөх Засгийн газруудад ажиллаж байх үедээ ч илэрхийлдэг байсан. Энэ утгаараа түүнийг гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй энэ цаг хугацаандаа гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэж олон нийт хүлээлт тавьж байна.
-БИЗНЕС ЭРХЛЭГЧИД-

Н.Учралын Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшх анхны шийдвэр нь эдийн засгийг нуруун дээрээ авч явж буй хувийн хэвшлийнхэн рүү чиглэсэн байлаа. Тодруулбал, татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг нээсэн юм. Тэгвэл манай улсад 116 мянган хувийн аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр ААН-ийн 101.4 мянга нь бичил буюу 1-9 ажилтантай ААН-үүд байгаа юм.
Тэдний зүгээс монголын нөхцөлд бизнес эрхлэхэд татварын таатай орчныг бүрдүүлэх нь чухал болохыг онцолж, үүнд төрийн оновчтой бодлого чухал болохыг өнгөрсөн хугацаанд сануулсаар ирсэн билээ.
-ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР-

Улсын нийт гадаад өр 2025 онд 40.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 3.2 (8.7%) тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд голлох байр суурийг эзэлдэг нь Засгийн газрын өр байдаг. Тэгвэл Засгийн газрын нийт өр 35.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүр зурагтай байна. Харин өрийн баталгаа 13.3 (7.5%) тэрбум төгрөгөөр буураад буй юм.
ЗГ-ын нийт өрийн 90 хувийг гадаад өр, үүний дотор 72 хувийг гадаад зээл үлдсэн 28 хувийг үнэт цаас бүрдүүлж байгаа юм.
-ДНБ-ИЙ ӨСӨЛТ-

ДНБ 2025 онд 6.8 хувиар өссөн байдаг. Үүнд анхдагч болон хоёрдогч салбарын өсөлтүүд нөлөөлсөн байдаг. Тухайлбал, ХАА 33.2 хувиар тэлж, өсөлтийн 2.9 нэгж хувийг, уул уурхай 10.6 хувиар тэлж өсөлтийн 1.4 нэгж хувийг бүрдүүлсэн юм. Түүнчлэн үйлчилгээний салбар ч мөн адил 2.7 хувиар өсөж, өсөлтийн 1 хувийг бүрдүүлжээ.
-ВАЛЮТЫН НӨӨЦ-

Гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтвортой байна. Ингэхдээ манай улсын экспорт нэмэгдсэнээр валютын орох урсгал тогтвортой байж, албан нөөц нэмэгдсэн талаар албаныхан онцолж байгаа юм. 2026 оны гуравдугаар сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц 7.188 тэрбум ам.доллар байгаа юм.
-АРДЧИЛЛЫН ИНДЕКС-

Дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж, ардчиллын индекс гаргадаг V-Dem буюу Varieties of Democracy төслөөс улс орнуудын ардчиллын индексийн үзүүлэлтийг жил бүр танилцуулдаг. Эл индексээр манай улс өнгөрөгч онд 81 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд зургаан байраар урагшилж, 75 дугаарт жагссан.
Энэ жилийн хувьд манай улс иргэдийн оролцоо, зөвлөлдөх хэсэг, сонгуулийн ардчилал, тэгш эрхийн үзүүлэлтээр сайжирсан юм.
-НҮҮРСНИЙ ЭКСПОРТ-

Өнгөрөгч 2025 оны эцсийн гүйцэтгэлээр манай улс 90.2 сая тонн нүүрс экспортолсон. Тэгвэл он гарсаар буюу 2026 оны хоёрдугаар сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 15.8 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлт аж.
Дашрамд дурдахад, манай улс энэ онд 90 сая тонн нүүрс, 2 сая орчим тонн зэс экспортлох зорилтыг тавиад буй билээ.
-АВЛИГЫН ИНДЕКС-

“Трансперенси интернэшнл” байгууллагаас танилцуулснаар Монгол Улс авлигын индексээрээ ардчилсан бус орны тоонд хамаарч буй. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг нэн чухал 13 мэдээллийн эх үүсвэрээр эрэмбэлдэг энэ индексээр манай улс сүүлийн жилүүдэд 180 орныг сүүл мушгисан хэвээр байна. Ийнхүү Н.Учрал Ерөнхий сайдын хувьд 124 дүгээрт эрэмбэлэгдсэн буюу өмнөх оноос арван байраар ухарсан үзүүлэлттэй авлигын индекстэйгээр ажлаа хүлээн авч байна.
-ТӨГРӨГИЙН ХАНШ-

Сүүлийн жилүүдэд төгрөгийн ханш суларч буйд олон нийт санаа зовних болсон. Ам.доллартой харьцах төгрөгийн ханш өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар 3571 байна.
-ТӨСВИЙН ТЭНЦЭЛ-

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 720 тэрбум төгрөгийн алдагдалтай гараад байна. Ийнхүү алдагдалтай гарахад төрийн албан хаагчдын цалин хөлс болон тэтгэврийг нэмэгдүүлсэн нь голлох нөлөөг үзүүлжээ.
-БОДИТ ОРЛОГО БА ЦАЛИН-

Хэрэглээний үнийн индексээр засварлагдсан бодит цалин 2026 оны хоёрдугаар сард 2 сая 487 мянган төгрөгт хүрчээ. Ингэхдээ ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.3 мянгаар өссөнөөр ажилгүйдлийн түвшин 5.6 хувьд хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!