Калининградын арбитрын шүүх дээр ялагдаж, шүүхээс "Оюу Толгой" ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах" шийдвэр сонссон Рио Тинто компани ДАВЖ ЗААЛДАЖ ЭХЭЛЖЭЭ.
Эл үйл явцыг эргэн сануулбал, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрөгч 12 дугаар сард гурван өдрийн турш зохион байгуулагдсан билээ. Сонсголын үеэр Оросын нэр бүхий компани Калининград мужийн арбитрын шүүхэд Рио Тинтог өгсөн гэх мэдээллийг Сангийн сайд асан С.Баярцогт өгсөн нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Түүний хувьд эл шүүх хурал Оюутолгойн асуудлаарх сонсголтой давхцсан нь санамсаргүй тохиолдол биш гэдгээ ч илэрхийлж байв.
Тодруулбал, тэрбээр "ОХУ-ын Калининград мужийн шүүхэд Оросын нэг компани Рио Тинтог өгчихсөн. Шүүхэд өгсөн тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюутолгойн Рио Тинтогийн эзэмшиж буй хувийг авна гэсэн санал тавьчихсан байгаа. Арбитрын шүүх дээр татварын маргаан явж байгаа. Шүүх хурал дуусчихсан. Гэтэл энэ асуудлыг зүй зохистой шийдвэрлэхгүй бол Монголын талд 70 жил ашигтай эсвэл хөрөнгө оруулагчдад 70 жил ашигтай зүйл болно” гэж ярьсан байдаг.
Тэгвэл эл асуудлаарх Калининградын арбитрын шүүх хурал 12 дугаар сарын 11-нд болж, удаах шийдвэрийг гаргасан байдаг. Тодруулбал, МКПАО ОК РУСАЛ компанийн нэхэмжлэлийн өргөдлийг хангаж шийдвэрлэсэн юм. Ингэхдээ "Рио Тинто Лимитед" ХХК тэргүүтэй компаниудаас МКПАО ОК РУСАЛ компанийн ашигт 1 тэрбум 278 сая ам.долларын хохирол, 10 сая рублийн улсын тэмдэгтийн хураамжийг хамтад нь гаргуулахаар шүүх шийдвэрлэж байв. Хохирлыг барагдуулах зорилгоор "Оюу Толгой" ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгасан гэдэг ч шүүхийн тогтоолд дурдагдсан байв.
Калининградад өрнөсөн гэх эл шүүх хурлын процесс, гарсан шийдвэрийг ч албаны эх сурвалжууд үгүйсгээгүй юм. Гэхдээ шүүхээс гарсан шийдвэр, түүний хэрэгжилтийг хэрхэн хангах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Рио Тинто талаас давж заалдаж эхлээд байгаа гэх мэдээлэл байна.
-МКПАО ОК РУСАЛ: Хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ашиглагддаг хоёрдогч түүхий эд болох глинозем боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг компани-
Дашрамд дурдахад, шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцож буй МКПАО ОК РУСАЛ компани нь хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ашиглагддаг хоёрдогч түүхий эд болох глинозем боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж. Ингэхдээ тус компанийн хувь эзэмшил нь 80:20 гэдэг байдлаар тогтсон байдаг бөгөөд 80 хувийг нь Англи-Австралийн Рио Тинто холдинг компани эзэмшдэг байна. Харин шүүхийн нэхэмжлэлд "Рио Тинто группийн компаниуд өмнө нь АВС компанид хамаарч байсан КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн хяналтдаа авч, түүнийг удирдлагад оролцуулах боломжгүй болгосон байна. Хариуцагч 4 нь КВАЛ компанийн хүчин чадал дээр боловсруулахад шаардлагатай боксит түүхий эдийг нийлүүлэхээ зогсоосон. Үүнтэй холбоотойгоор РУСАЛ компани нь нийт 1 238 910 642 ам.долларын алдагдсан ашгийг нэхэмжилж байна" гэх агуулга тусгагджээ.
Түүнчлэн РУСАЛ компанийн зүгээс өөрийн талд шийдвэр гарсан тохиолдолд Австрали болон Их Британийн нутаг дэвсгэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад хүндрэлтэй учраас төвийг сахисан харьяаллын бүсэд буюу Монгол Улсын Оюу Толгой ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувьд гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой гэж дурдсан байсан юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс "Рио Тинто нь хориг арга хэмжээг хөнгөн цагааны салбар дахь өрсөлдөгч болох РУСАЛ компанийн активыг хураан авах шалтаг болгон ашигласан" гэж онцолжээ.
Нэхэмжлэгчийн байр суурьтай шүүх санал нэгдэж байгаагаа шүүхийн тогтоолд дурджээ. Ингэхдээ "Рио Тинто нь Австралийн гэрээг шинэ хугацаагаар байгуулаагүй байтлаа өнөөг хүртэл шударга бус үйлдлээсээ ашиг хүртсээр, РУСАЛ-д хамаарах КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хууль бусаар ашиглаж байна" гэжээ.
-С.Баярцогт: Яахав, давж заалдана, янз бүрийн л юм болно. Гэхдээ Калининградын арбитрын шүүх хурал манай сонсголтой нэг өдөр давхцсаныг би санамсаргүй зүйл гэж бодохгүй байна-

Харин шүүх хурал Оюутолгойн сонсголын процесстэй давхцсан үйл явцын талаар Сангийн сайд асан С.Баярцогт "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үедээ ингэж ярьсан байдаг.
Тэрбээр "Ер нь би Оюу толгойтой холбоотой бүх мэдээллийг цуглуулж хардаг. Миний компьютер дээр Оюу толгой, Рио тинтогийн мэдээллийг харангуут шууд ороод ирдэг. Тохиргоо хийсэн учраас ямар ч хэл дээр гарсан мэдээлэл монгол хэлээр орж ирдэг. Дээрх шүүхийн шийдвэр 12-р сарын 11-нд гараад 15-нд албажиж, 16-нд сайтуудаар гарч эхэлсэн. Оросын сайтуудаар гарсан мэдээлэл бол тодорхой, арбитрийн шүүхийн шийдвэрийн 17 хуудас материалыг тэр чигээр нь тавьчихсан байгаа.
Би сонсголын үеэр ч хэлж байсан. “Энд болж байгаа үйл явц арбитрын шүүхийн материалд нөлөөлнө” гэж хэлсэн. Яагаад гэвэл Оюу толгойг гуравдагч этгээдээр татан оруулсан. Толгой компани нь Нидерландад байдаг Оюу толгой ХХК-ийг нэхэмжлэгч талаар оруулчихсан. Энэ нь шууд бид нартай холбоотой асуудал болж хувирч байгаа.
Калининградын арбитрын шүүхийн хуралдааны шийдвэрээр энэ 1,3 тэрбум төгрөгийн алдагдалтай болбол тэр 66 хувиас нь ав гэдэг ийм шийдвэрийг гаргачихсан. Рио тинтогийн эзэмшиж байгаа 65 хувь бол шууд энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд нөлөөлөх хууль зүйн үр дагавартай зүйл болж байгаа юм. Гэхдээ яах вэ, давж заалдана, янз бүрийн юм болно. Тэгээд би үүнийг цаг хугацааны хувьд нь үнэхээр эргэлзэж, гайхаж байгаа юм бий. Манай сонсгол 12-р сарын 8, 10, 12-нд болсон. Гэтэл Калининградын арбитрын шүүх яг манай сонсголтой нэг өдөр буюу 12-р сарын 8-10-ны хооронд давхцаж байгаа байхгүй юу. Үүнийг би санамсаргүй зүйл гэж ерөөсөө бодохгүй байгаа. Тэгээд Калининград бол Польшийн цаана байдаг Оросын хэсэг. Манайхаас 7 цагийн зөрүүтэй гэсэн үг байхгүй юу. Энд үйл явц болж, 7 цагийн дараа мэдээлэл авлаа гээд бодоод үзэх юм бол энэ хоёр чинь ер нь тохиролцож байгаад хийсэн үйл явдлууд юм биш үү гэж бодогдохоор харагдаж байгаа юм" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!