ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүдийг эгүүлэн татах хуулийн АНХААРАЛ ТАТСАН заалтууд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 51 секунд

Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн ёс зүйн хэм хэмжээ, зөрчил, алдаа дутагдалтай холбоотой асуудал олон нийтийн дунд багагүй маргаан мэтгэлцээнийг өрнүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг санаачилж буйгаа мэдэгдсэн байдаг. Ингэхдээ ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг бие даасан хууль байдлаар бус УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр оруулж ирж буй юм.

Эл хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газар дэмжиж, улмаар өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Тэгвэл хуулийн төсөлд ямар заалтууд туссан талаар уншигч танд хүргэе.

-ШИНЭ ЗААЛТ: Жагсаалтын гишүүнээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл нам, эвслээс нь эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүлнэ. Түүнд УИХ ил санал хураалт явуулж, олонх дэмжвэл "татагдана"-

УИХ-ын тухай хуулийн Есдүгээр зүйлд "Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох" асуудлыг хуульчилж өгсөн байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч нэмэлт өөрчлөлтөөр энэ хэсэг дэх заалтыг хөнджээ. Гэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиас Ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, нас барсан, хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн, гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн зэрэг нь хөндөгдөөгүй буюу хэвээр орж ирсэн.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан тохиолдолд гэж тусгасныг ч хэвээр үлдээжээ.

ХАРИН хуулийн энэ хэсэгт ШИНЭЭР хоёр үндэслэлийг нэмж тусгажээ. Үүнд:

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан,

НЭМЭЛТ: Үндсэн хуулийн 66.2 - Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна

66.2.3 Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх

агсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан нийт гишүүний олонх дэмжсэн тохиолдолд бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно.

-Чуулганы "тэн хагас"-т тасалсан, ёс зүйн дүрмийг ноцтойгоор удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүний асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, чуулган, ҮХЦ хэлэлцэж эгүүлэн татах эсэхийг шийднэ-

Түүнчлэн жагсаалт гэлтгүй бүх УИХ-ын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татахтай холбоотой туссан агуулга бий. Тодруулбал, иргэнээс гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, чуулганы хуралдааны 70-аас дээш хувьд хүрэлцэн ирж оролцоогүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн асуудлаар гомдол ирвэл түүнийг нь гурван үе шаттайгаар хэлэлцэнэ.

Тодруулбал, гомдлыг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, улмаар Улсын Их Хурлын гишүүд дунд илээр санал хураана. Санал хураалтаар олонхын дэмжсэн тохиолдолд үргэлжлүүлэн ҮХЦ дахин авч хэлэлцэж, эгүүлэн татах эсэхийг шийдэх юм.

-Хуулийг баталсан өдрөөс эхлэн ДАГАЖ МӨРДӨНӨ-

Хуулийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 9-нд УИХ-д өргөн барилаа. УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийх билээ. Харин ЕТГ-аас Засгийн газраас санал авч, хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэдгийг мэдэгдсэн юм.

Хуулийн төсөлд тусгагдсанаар хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Хэрэв УИХ эл хуулийн төслийг дэмжсэн тохиолдолд энэ хавраас эхлэн ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ салах нөхцөл бүрдэнэ гэсэн үг билээ.

“The Mongolz” өнөөдөр хожвол шигшээ шатанд шалгарна
“The Mongolz” өнөөдөр хожвол шигшээ шатанд шалгарна
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!