
Улаан хацар, дархад аялгаараа цахим орчинд танигдаж, монгол ахуй, өв соёл, ёс уламжлалаа сурталчилж, тодотгосон бичлэгүүдээрээ олны хайр хүндлэлийг хүлээсэн Г.Агьеэйг UBN сайт түүний тухай буландаа онцолж ярилцлаа.
-----------------------------------------------
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Миний нэрийг Г.Агьеэй гэдэг. Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрж, Цагаан нуур суманд өсөж, өндийсөн. ХААИС-д Загас үржүүлэг, технологийн мэргэжлээр сурдаг. Гуравдугаар курсийн оюутан.
-Кинонд тоглосон байхаар нь жүжигчний мэргэжлээр суралцдаг юм болов уу гэж бодож байлаа. Кино урлагтаа яаж холбогдчихов оо?
-Манай кино багийнхан миний бичлэгүүдийг үзээд надад санал тавьсан юм шиг байна билээ. Эхний саналаа тавихад нь айгаад "Би мэргэжлийн хүн биш юм чинь чадахгүй байх аа" гээд зөвшөөрөөгүй. Гэтэл надад 3 удаа санал тавьсан. Тийм учраас ээж болон нагац эгчтэйгээ зөвшилцөөд зөвшөөрсөн.
-Өөртөө эргэлзэж байсан ч кинондоо тоглоод бүр ард нь гарчихсан байна шүү дээ. Хэр санагдав?
-Кино багийнхан маань бүгд мэргэжлийн хүмүүс. Ганцхан би мэргэжлийн бус байсан учраас эхэндээ айж байсан. Гэхдээ надад оногдсон дүр эгэл жирийн малчин айлын охины дүр байсан учраас надад ойр байсан. Багийнхан маань дэмжиж, зааж зөвлөсний хүчинд том ажлын ард амжилттай гарчихсан сууж байна. Маш их баяртай байгаа. Одоо "Маралгоо" киногоо аваад Хөвсгөлийнхөө хойд сумдаар явна. Нутгийнханд маань маш их таалагдах байх гэж бодож байгаа.
-Аялгаасаа ичиж, санаа зовж, аялгагүй ярихыг илүүд үздэг болсон энэ цаг үед яагаад аялгаараа ярьж, сурталчилсан бичлэгүүд хийе гэж шийдсэн байдаг юм?
-Анх хотод оюутан болж очоод улаан хацар, аялгатай ярианаасаа ичдэг байсан. Яагаад бичлэг хийж эхэлсэн шалтгаан нь өнгөрсөн зунаас эхлэлтэй. Манай нутгийнхан намар болохоор жимсэнд их явдаг. Аавтайгаа дүүтэйгээ хамт жимсэнд явж байхдаа тэнд аялж явсан аялагчдын яриаг санамсаргүй сонсчихсон юм. Тэд "Дархдууд үхэр мөөрч байгаа юм шиг сонин ярьдаг юм байна" гэж яриад инээлдэж байсан нь надад сонсогдчихсон. Яг тэр яриаг сонсоод шууд бичлэг хийгээд инстаграмдаа нийтэлсэн. Тэр үед тийм олон хүн үзнэ гэж бодоогүй. Гэтэл жимсэндээ яваад 3 хоноод ирсэн чинь маш их хүн үзсэн байсан. Тэр үеэс эхлээд дархад аялгаараа ярьж бичлэг хийж эхэлсэн. Аялга гэдэг зүйл бидний хувьд маш үнэтэй биет бус өв. Тэр дундаа бага ястнуудын өвийг тээж яваа залуучуудын хувьд аялга гэдэг зүйл үнэмлэх шиг, тамга шиг санагддаг. Тийм ч учраас энэ агуулгаар дуугарч эхэлсэндээ баярлаж, өөрийгөө зөв замаар явж байгаагаа мэдэрдэг. Энэ бол өнөөгийн залуус бидний үүрэг.

-Саяхан Жаргалантын голын тухай бичлэг хийсэн нь маш олон хүнд хүрсэн байсан. Тэр бичлэгийг яагаад хийх болсон талаар хуваалцаач?
-Рэнчинлхүмбэ сумын Жаргалантын голыг зорьж очдог жуулчин маш их байдаг. Үүнийг дагаад олон асуудал гардаг учраас манай нутгийнхан энэ талаар хэлж, ярих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тиймээс хүмүүст анхааруулах үүднээс тэр бичлэгийг хийсэн юм. Орой унтахаасаа өмнө оруулчхаад өглөө сэрэхэд 1 сая гаруй хүн үзчихсэн байсан. Одоогоор 2 сая гаруй үзэлттэй болчихсон байна. Тэр бичлэгээр дамжуулж хүмүүст хүргэхийг зорьсон агуулга маань зорилтот хүмүүстээ хүрч чадсан болов уу гэж бодож байна. Ирээдүйд бидний хүүхдүүд очоод үзэхэд гоё хэвээр нь онгон дагшнаар нь үлдээх юм сан гэсэн мессеж өгөхийг хүссэн.
-Улаан хацар нь төрөлхийн мөн биш гэж маргасан сэтгэгдлүүд олон харагдсан?
-Бичлэг оруулж эхэлснээс хойш энэ асуулт маш их ирсэн. Одоо ч ирдэг. Миний хацар угаасаа ийм улаан. Хүйтэн уур амьсгалтай учраас манай нутгийн хүүхдүүд ихэнх нь ийм улаан хацартай байдаг. Багадаа улаан хацарнаасаа ичээд, зүүгээр хацраа хатгаж, цус гаргадаг байсан. Оюутан болчхоод улаан хацар арилгадаг лазерт орно гээд ээжийгээ их зовоосон. Одоо би улаан хацарнаасаа ичдэггүй. Ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Цахим орчноос ирдэг сөрөг сэтгэгдэлд хэр дархлаатай болж байна. Яаж хүлээж авдаг вэ?
-Аялга шүүмжилсэн сэтгэгдлүүд их ирдэг. Аялга сурталчилж байна буруу гэх хүмүүс ч бий. Хувийн амьдрал, аав, ээжтэй минь холбоотой сэтгэл өвдмөөр сэтгэгдлүүд бас ирнэ. Анх уншаад уйлдаг байсан. Одоо бол тоохоо больчихсон. Бага байхад аав, ээж маань амьдралын эрхээр хоёр тийшээ зам салсан. Би хэнийг нь ч буруутгадаггүй. Хичээл амрахаар аав дээрээ очоод аавтайгаа зуны амралтаа өнгөрүүлдэг. Хэдий тусдаа байдаг ч аавдаа, ээждээ аль алинд нь эрхлээд хайраар дутахгүй өсөж байгаа шүү гэж хэлмээр байна.

-Г.Агьеэй ирээдүйд юунд зорьж байна вэ?
-Зорьсон зүйлээ биелүүлчхээд би хийчихлээ, чадчихлаа гээд олон түмэндээ харуулна. Хийж эхлээгүй байж одоо яриад дэмий байх. Гэхдээ хамгийн ойр тод байдаг мөрөөдөл бол буурал аав, буурал ээж хоёрыгоо баярлуулах. Бас ах, дүү нар, аав, ээж ачтай сайхан хүмүүс болон намайг хайрлаж дэмжиж байгаа нутгийн зон олныхоо итгэлийг алдахгүй зөв зүйтэй замаар явж, сайн өвлөн уламжлагч болж явна гэсэн зорилго тээж явна даа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!