ӨРИЙН ДЭВТЭР: Төрийн гадаад өр 40 тэрбум ам.долларт хүрч, хувийн хэвшлийн зээл 7 их наядаар нэмэгдсэн бол МУ-ын нийт өрхийн 72 хувь нь зээлтэй амьдарч байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 15 секунд

Нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилт дунд хэн бүхэн өрөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Энэ хямрал төрийг ч тойрсонгүй. Халаас нэгтэйн хувьд төр, хувийн хэвшил, өрх, иргэн гээд бүх шатандаа хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна. Үүний цаана бид төсвийн хэт тэлэлт, авлига хээл хахууль, төлөвлөгөөгүй хэт үрэлгэн байдал зэрэг олон шалтгааныг дурдаж болох юм.

Гэвч төр энэ нөхцөл байдалд хүрсэн гол шалтгааныг хайх бус дахиад хаанаас, яаж зээл тавих вэ гэж "донтох" болов. Урьд авсан зээлүүдээ ч үр дүнтэй, зөв төлөвлөлттэйгээр зарцуулж чадаж байна уу гэдэг ч эргэлзээтэй. Начир дээрээ энэ мөнгө ажлын байр бий болгох хувийн хэвшил рүү бус цаасан дээр буусан хэдэн хот, зам, барилга руу л ороод дуусдаг жишгийг бүгд мэднэ. Тиймдээ ч өнөөдөр хувийн хэвшил өсөж өндийх орчин хумигдаж байна.

Нэг ёсондоо авсан зээлээ төлөвлөгөөгүй зарсан төр, түүнийх нь үр шимээс хүртэж чадаагүй бизнесүүд, ажлын байр, цалин хөлсөө дорвитойхон шиг нэмүүлж чадахгүй байгаа иргэд гээд БҮГДИЙНХ НЬ ХАЛААС НИМГЭРСЭН байна. Ийм нөхцөлд эргээд л зээлээс зээлийн хооронд амьдардаг байдал руугаа шилжихээс өөр замгүй.

Тэгвэл төр, хувийн хэвшил, өрх, иргэний "өрийн дэвтэр" хэр зузаарсныг харцгаая.

-ТӨРИЙН ГАДААД ӨР: Дөрвөн жилийн дотор 7.1 тэрбум ам.доллароор нэмэгдэв-

Манай улсын гадаад өр 2025 оны эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Тодруулбал, 2015 онд 21.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан Монгол улс арван жилийн хугацаанд 40.4 тэрбум ам.доллар буюу НЭГ ДАБЛДЖЭЭ. Хэдийгээр манай улсын гадаад өрийн 50 гаруй хувийг Оюутолгойн өр эзэлдэг гэх боловч үлдсэн хэмжээгээр гадаад өрийн "сүлжээ"-нээс салахгүй улам л нэмэгдсээр байгааг дээрх графикаас харж болно.

-ХУВИЙН ХЭВШИЛД ОЛГОГДСОН ЗЭЭЛ: Дөрвөн жилийн дотор 15.4 их наядаар нэмэгдэв-

2025 оны эцэст нийт зээлийн үлдэгдэл 44 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 7 их наяд төгрөгөөр нэмэгдээд буй. Харин үүний 59.6 хувь нь иргэд, 39.1 хувь нь хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл эзэлж байгаа юм.

Харин өнгөрөгч арилжааны банкуудаар дамжуулан хувийн хэвшлийнхэнд олгож буй зээл тасралтгүй өссөн дүр зургийг дээрх графикаас харж болно. Мөнгөгүй л бол урагш алхахад хэцүү энэ нийгэмд хувийн хэвшлийнхэн ч зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин компаниудын хувьд дунджаар 800-900 сая төгрөгийн зээлтэй байна. Мэдээж зээлгүй ААН монголд тун ховор. Эдгээр дунд өндөр дүнтэй томоохон зээлдэгчид ч байгааг үгүйсгэхгүй билээ.

-ӨРХИЙН ЗЭЭЛ: 2022 ОНД НЭГ ӨРХ ДУНДЖААР 10.8 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙСАН БОЛ 2025 ОНД 20.4 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ БОЛЖЭЭ-

2025 оны гуравдугаар улирлын байдлаар нийт өрхийн 72.7 хувь нь зээлтэй амьдарч байна. Өөрөөр хэлбэл, 50-иас илүү хувь нь зээлээс зээлийн хооронд аж төрж байгаа гэсэн үг юм. Ингэхдээ зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг байна. Судалгаагаар зээлтэй нэг өрх сард дунджаар 1.3 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд буцаан төлж байгаа юм.

Өрхийн зээлийн эргэн төлөлтийг төрлөөр авч үзвэл,

  • тэтгэврийн зээлтэй өрх сард дунджаар 715.0 мянган төгрөгийг,
  • хэрэглээний зээлтэй өрх 899.4 мянган төгрөгийг,
  • цалингийн зээлтэй өрх 980.5 мянган төгрөгийг,
  • орон сууцны зээлтэй өрх 1.1 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байна.

-ИРГЭНИЙ ЗЭЭЛ: НЭГ ЗЭЭЛДЭГЧ ДУНДЖААР 2.5 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙНА-

Сүүлийн жилүүдэд иргэд банк гэхээсээ илүүтэйгээр банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авах нь ихэсч буй. Үүнийг батлах нэг тоо бол давхардсан тоогоор 577 ББСБ энэ нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар буюу 22-оор нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ салбарт эрэлт нь байгаа учраас үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудын тоо нь ч нэмэгдэж буй. Зээлдэгчийн тоон үзүүлэлт ч нэг жилийн дотор 900 мянгаар нэмэгджээ.

Түүнчлэн 2022 онд нэг зээлдэгчийн дундаж зээлийн дүн 2.3 сая төгрөг байсан бол 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 2.5 сая төгрөг болж өссөн байна. Гэхдээ энэ бол зөвхөн ББСБ-уудын "өрийн дэвтэр"-т данстай болсон иргэд юм. Үүнээс гадна банк, санхүүгийн байгууллагуудад давхар зээлтэй иргэд ч олноор бий тул магад үүнээс ч өндөр дүн гарахыг үгүйсгэхгүй билээ.

-ХУВИЙН ХЭВШИЛ БОЛОН ИРГЭДИЙН ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ӨСЧЭЭ-

Тэгвэл бид авсан шигээ хадгалж, хуримтлуулж чадаж байна уу гэх асуулт байна. ҮСХ-ноос гаргасан статистикаас харахад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд иргэдийн төгрөгийн хадгаламж нэмэгдсэн бол байгууллагынх буурсан үзүүлэлттэй байна.

Иргэн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлнэ
Иргэн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлнэ
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!