Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Корине Перейраг хүлээн авч уулзан, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Д.Батлут хоёр улсын дипломат харилцаа нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, хоёр талын харилцааг "Стратегийн түншлэл"-ийн түвшинд ахиулахаар зорин ажиллаж байгааг онцлов.
Ялангуяа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жилээс жилд бодит агуулгаар баяжиж, Зэвсэгт хүчний боловсон хүчнийг чадавхжуулахад Франц улсын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийллээ.
Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургуульд франц хэлний багш тогтмол ажиллуулж байгаа нь манай цэргийн алба хаагчид олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, Франц улсад мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаад хоёр тал харилцан сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
Сайд Д.Батлут цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр БНФУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудад монгол алба хаагчдыг үргэлжлүүлэн суралцуулах, Франц хэлтэй, өндөр бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тал дээр дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд Сайд Д.Батлут БНФУ-ын Элчин сайд болон БНХАУ-д Монгол улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе нарт ажлын амжилт хүсэж, хоёр орны найрсаг харилцаа цаашид улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!