Одоогоос яг сар гаруйн өмнө бид УДШ-д бүртгэлтэй 37 намаас ердөө 12 нь л намын үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчлэлээ бүртгүүлэхээр УДШ-д хандсан талаар мэдээлж байв. Он гарлаа. Тэгвэл он дуусахаас өмнө намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээгээд байсан намуудын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөв гэдгийг бид эрлээ. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу эл үүргийг намууд хүлээсэн билээ.
-ТАНИЛЦ: 37 намаас дараах 29 нам хуулийн хугацаанд амжиж дүрмийн өөрчлөлтөө УДШ-д хүргүүлсэн бол 8 нь "СУРАГГҮЙ" байна-
Хуулийн хугацаа буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор дараах 29 улс төрийн нам үндсэн дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр нийт 58 удаа ханджээ. Эргэн сануулахад, өнгөрөгч оны 11 дүгээр сард буюу нэг сарын л хугацаа үлдээд байхад парламентад суудалтай намуудаас ердөө хоёр нь буюу Ардчилсан нам, ИЗНН л УДШ-д хандаад байв.
Харин оны эцэст МАН, ХҮН намууд нэмэгджээ. Ингэснээр ямартай ч парламентад суудалтай намууд цагт нь тулгаад ч болтугай дүрмийн өөрчлөлтөө хүргүүлээд амжжээ.
Дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр УДШ-д хандсан 29 нам болон хууль биелүүлээгүй 8 намын дэлгэрэнгүйг хүргэвэл:

УДШ-д албан ёсны бүртгэлтэй 37 нам бий. Өөрөөр хэлбэл, хуулиар хүлээсэн үүргээ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ буюу намын үндсэн дүрэм хөтөлбөрийн шинэчлэлээ хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй 8 нам байна.
-2025 онд УДШ-д хандсан 29 намаас Ц.Оюунгэрэлийн нам л дүрмийн өөрчлөлтөө батлуулж чаджээ-
Хуулиараа намуудаас ирүүлсэн үндсэн дүрмийн өөрчлөлт, хөтөлбөрт УДШ ажиллагаа явуулж, хуулийн зөрчил алдаа мадаг байгаа тохиолдолд түүнийг нь тогтоолоор бичиж өгч буцаадаг. Энэ утгаараа 29 намаас нэг нь ч эхний удаагийн оролдлогоор бүртгэлээ авч чадсангүй. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам болон Иргэний зориг ногоон нам л гэхэд тус бүр таван удаа буюу хамгийн олон удаа хандсан байх юм. Нөгөө талдаа намуудын дүрэм УДШ-ээс удаа дараа буцаж буй шалтгаан нь хуульд заасан шалгуураа бүрэн хангаж чадаагүй зүйл, заалтыг тусгаж байгаатай холбоотой байна.
Тэгвэл 2025 он дуусахаас өмнө ердөө нэг л нам УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар дүрмээ батлуулж чаджээ. Энэ бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам юм.
Одоогоор материалаа хүргүүлсэн 29 намаас 24-т нь УДШ-ээс ажиллагаа хийгдэж байна.
-ХУУЛИЙН ХИЙДЭЛ: Үүргээ биелүүлээгүй 8 намыг цаашид хэрхэх вэ гэдгийг зохицуулсан зүйл, заалт хуульд тусгагдаагүй-
Хуулийг хүн бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл албан ёсны бүртгэлтэй 8 нам яагаад үүргээ биелүүлсэнгүй вэ. Эдгээр намуудыг цаашид хэрхэх вэ, эрх зүйн хувьд тэдэнд хариуцлагын асуудал яригдах уу гэдэг нь анхаарал татаж байна. Гэхдээ одоогийн нөхцөлд шууд хариуцлага тооцох эрх зүйн орчин хараахан байхгүй гэдгийг улс төр судлаач Э.Гэрэлт-Од ч хэлсэн юм.
Тодруулбал, хуульд дүрмээ хүргүүлэх хугацааг л тодорхой зааж өгснөөс биш амжиж хүргүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдэг зүйл, заалтыг суулгаж өгөөгүй аж. Энэ бол хуулийн хийдэл мөнөөсөө мөн.
-Дүрмийн өөрчлөлтөө ирүүлээгүй 8 намыг идэвхгүйд тооцно гэх ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ-
Хуулийн хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу дүрмийн өөрчлөлтөө ирүүлээгүй гэдэг шалтгаанаар тухайн 8 намыг идэвхгүйд тооцно гэсэн эрх зүйн орчин байхгүй гэнэ. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд намыг идэвхгүйд тооцох тухай тусгасан байдаг. Үүнд:
21 дүгээр зүйл. Намыг идэвхгүйд тооцох
21.1.Сонгуулийн төв байгууллага дараах тохиолдолд намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэр гаргана:
21.1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй;
21.1.2.энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин 2 жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй;
21.1.3.намын удирдах дээд байгууллагыг эсхүл төлөөллийн төв байгууллагыг 5 жилийн хугацаанд хуралдуулаагүй.
21.2.Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Энэ хугацаанд намын гишүүний аливаа сонгуульд бие даан нэр дэвших эрхийг үл хязгаарлана.
Өөрөөр хэлбэл, намын дүрмээ УДШ-д хүргүүлээгүй тохиолдолд идэвхгүйд тооцно гэсэн заалт энэ хуулиар байхгүй гэдэг нь дээрх заалтаас харагдаж байгаа юм. Харин хоёр жил дараалан санхүүгийн тайлан өгөөгүй зэрэг хуульд заасан дээрх үндэслэлүүд байгаа тохиолдолд тухайн намыг идэвхгүйд тооцно
-УДШ удахгүй болох нийт шүүгчдийн хуралдаанаараа дөрвөн намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ-
Шүүхийн тухай хуулиар Улсын Дээд шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргахаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлээгүй эдгээр 8 намыг хэрхэх вэ гэдэгт Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 шүүгч хуулийн гаргалгааг нь гаргаж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ нь намуудаас гаргасан хүсэлтэд үндэслэнэ. Нэг ёсондоо, хугацаанаасаа хоцорсон намууд цаашид хэрхэх талаараа хуулийн гаргалгаа хүссэн тохиолдолд УДШ түүнийг хэлэлцэнэ гэсэн үг юм.
Тэгвэл УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаан удахгүй болох төлөвтэй байна. Тус хуралдаанаар дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр хандаад буй 29 намын дөрвийнх нь асуудлыг авч хэлэлцэхээр бэлэн болоод буй аж.
-Намын хуулийг хойшлуулах нь ЗАСАГ хамгаалах улс төр байсныг НОТОЛГОО НЬ ЭНЭ-
Энэ бүх үйл явц бидэнд нэг л дүгнэлтийг өгч байна. Улс төрийн намын хуулийг хойшлуулах нь хамтарсан Засгийн газрыг хамгаалах улс төр төдийхөн байсан гэдгийг нотолгоо нь энэ. Хэрэв үнэхээр л хугацаа гэдгээр шалтагласан бол хангалттай хугацааг нь өгсөн. Гэтэл өнөөдөр байгаа царай нь энэ.
Дахин эргэн сануулъя. Хуулийг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж байх цаг үе нь хамтарсан ЗГ цаашид үргэлжлэх эсэх асуудал хөндөгдөж эхэлсэн үетэй давхцсан. Эрх баригч нам нь жижиг намуудыг үгүйрүүлж, сүйрүүлэхгүй байхын тулд гэх сүржин үгээр халхавчилсан боловч үнэн хэрэгтээ Засгийн газраа хамгаалж үлдэх нөгөө талдаа Ардчилсан намынхан даргынхаа хугацааг уртасгаж, эрх мэдэлтэйгээ байх өдөр хоногоо уртасгах гэсэн хүсэл байв.
Тухайн үед намын даргын төлөөх өрсөлдөөн шууд утгаараа өрнөх нигуур байсан нь үнэн. Товчхондоо, хурал хийх л юм бол Лу.Гантөмөрийн сандал суудал яригдаж, түүний тамгыг авах гэж Х.Баттулга болон О.Цогтгэрэл талынхан хүчтэй үзэхээр шийдчихсэн байсан цаг үе. Ингээд нам доторх талцал дахиад л үүсэж, энэ нь МАН-ынханд л ашиг болж очих байв. Ийм л улс төрийн өрнөл дор батлагдсан хуулийн хэрэгжилт ийм л байна.
-Хэдэн нам байхаас үл шалтгаалж монголд улс төрийн нам төлөвших асуудал чухал байна-
Нийтлэлийн төгсгөлд "шигтгэх" нэг агуулга бий. Бид дан ганц хууль, хууль гэж хөрвөөх нь өрөөсгөл. Учир нь улс төрийн намуудад хариуцлага гэж байх ёстой. Тэд олон олон гишүүнийхээ үзэл бодол, үнэт зүйлийг тээж яваагийн хувьд нөгөөтээгүүр Монгол Улсад албан ёсны бүртгэл авч, нам хэмээх нэр зүүж яваагийн хувьд хуулийг заавал мөрдөх ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
Магадгүй та бид 37 гэх тоог сонсоод "Ийм олон намаар яана вэ" гэж уулга алдаж мэдэх. Гэхдээ хэдэн нам байхаас үл шалтгаалж монголд улс төрийн намууд төлөвших нь чухал. Хэрэв хууль байгаад түүнийг дагаж мөрдөх хэмжээний төлөвшил суугаагүй бол тухайн нам өөрийгөө эрх зүйн бүрэн чадамжгүй гэдгээ нотолж буй л хэрэг болно. Иймд улс төрийн намууд ч хуульд заасан үүргээ биелүүлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!