Г.Дамдинням: Шатахууны тусгай зөвшөөрлийг хүссэн болгонд нь өгч, цаашдаа үнийг чөлөөлөх л хэрэгтэй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
33 минут 28 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт, УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр үүссэн нөхцөл байдал маш хүнд байна. Иргэд шатахуун хомсдолоос болоод маш их бухимдаж байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?

-Манай улс шатахуун түлшээр бусдаас хараат. Шатахуун түлшний бэрхшээл туулаагүй сайд гэж энэ салбарт байхгүй байх. Хэрэгцээт шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас авч байгаа. Хэрэглээ жилээс жилд эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн онд Улаанбаатарт 114 мянган машин шинээр нэмэгдсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд манай шатахууны хэрэглээ жилдээ 20 хувиар өссөн. 2028 он гэхэд 50 хувь өснө.

Гол импортлогч ОХУ дайны нөхцөл байдалд ороод 4 жил үргэлжилж байна. Тус улс энэ оны 8-р сараас эхлээд АИ-92 бензиний экспортыг хориглосон. Засгийн газрын гэрээ хэлэлцээртэй орнууддаа л өгч байгаа. Дизель түлшний экспортыг хориглосон. Эхлээд нэг сар хориг тавьсан ч ирэх оны 2-р сар хүртэл сунгах гэж байна. ОХУ-ын нефтийн үйлдвэр дроны халдлагад өртөж, 40 орчим хувь нь сүйдсэн. Зарим бүс нутагтаа шатахуун хязгаарлаад, 20-30 литрээс илүү гаргахгүй байна.

Гэвч манай Засгийн газар тус улсад хоёр удаа айлчилж, шатахууны хомсдолын асуудлаа ярилаа. ОХУ манайд чадах чинээгээрээ шатахуун өгч байна. Ийм нөхцөл байдал үүсэх нь туйлын тодорхой байсан. Манай хэрэглээ өссөн. ОХУ-д дайн болж байна. Хадгалах сав, нөөцөө бүрдүүлж байгаагүй. Бодлогын арга хэмжээ авах гэж байгаад бүтэлгүйтсэн. Зогсоож байсан түүх байна. Манай улс 45 хоногийн шатахуунаа нөөцөлж чаддаг байсан бол одоо 20-иод хоногийн нөөцөө хадгалж байна. Бид 3 сар хэрэглэх шатахуунаа хадгалах савтай байсан бол ийм асуудалд орохгүй.

-Олон улсын дунджаар 90-180 хоногийн шатахуун нөөцлөх ёстой байх аа?

-Гэтэл бид ганцхан сарын нөөцтэй. Энэ асуудал 10-р сараас эхэлсэн. 8-р сараас л эвгүйтээд, бид бэлдээд л байсан. Даанч бидний нөөцлөх хүчин чадал, хэрэглэдэг хэмжээ нь бага. Сар болгон өөр. Жишээ нь: 10-р сард АИ-92 асуудалтай, дизель түлш хэвийн байсан бол 11-р сард АИ-92 хэвийн, дизель асуудалтай болсон. Бид өөрсдөө хүндрэлтэй нөхцөл байдалд бэлдээгүй байсны гавьяа. Ардчилалд шилжсэн 35 жилийн хугацаанд энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийгээгүй. Ний нуугүй хэлэхэд өмнө нь ажиллаж байсан хүмүүс нөхцөл боломж ямар байсныг мэдэхгүй. Гэхдээ яагаад үүнд анхаарал тавиагүй юм бол? Үе үеийн сайд нар энэ асуудлыг туулж байсан.

-Асуудлыг яаж шийдэхээр байна. Эсвэл шийдэх боломжгүй юу?

-Маргааш оройдоо ерөнхийдөө байдал намжина. Манай улсын нийт хэрэглээ өдөртөө 2000. Хоногтоо 14-16 тонныг нийлүүлээд энэ асуудлаас гарахгүй. Өчигдөр, өнөөдөр нийлээд 9000 тонн АИ-92 бензин буулаа. Нөөцлөх боломжгүй. Вагоноос буулгаад, шууд түгээж байна. 9000 гэдэг бол манай улсын ердийн хэрэглээний 4 өдрийн нөөц. Үүнийг тэр чигт нь Улаанбаатарт буулгаж байна. Зэрэгцээд бас Эрдэнэт, Дархан, Сайншанд, Эрээнцав хүргэж байна. Энэ нь шатахууны асуудлыг намжаах хэмжээнд л хүрэлцэнэ. Нэг ШТС-ыг хоногтоо 1 цэнэглээд, бүтэн өдрөө хангадаг байсан бол одоо өдөрт 3 удаа цэнэглэж байна. Хүмүүс банкаа дүүргээд, тасралтгүй аваад байна. Иргэдийн буруу биш. Авах ёстой. Буруутгах ямар ч арга байхгүй. Бүгдээрээ банкаа дүүргэж аваад, тайвширдаг юм байна лээ. Би өмнө нь байсан С.Ганбаатар, Г.Ёндон гээд бүх сайдтай утсаар яриад, уулзаад “Ийм үед яадаг юм. Юу болдог юм бэ” гэхэд “Ерөөсөө л банкаа дүүргэж байж зогсдог юм” гэж хэлж байна.

-Дахиад эрсдэл байна уу?

-Сар болгон өөр байна. Жишээ нь: 11-р сард АИ-92 бензин хэвийн байсан бол 12-р сард хэвийн байна гэж хэлж чадахгүй. Нөөцийн сав жижигхэн. Сар болгон өөр болохоор хэлэхэд төвөгтэй. Нөөц бүрдүүлж амжихгүй, бүгдийг нь ховх сороод байна шүү дээ. Яагаад эх орныхоо 4 өнцөгт төвийн бүсэд 5 газарт 1 сарын шатахуун нөөцлөх сав барьчхаагүй юм бэ?

-Харин яагаад?

-Хийх ёстой л байсан зүйл байхгүй юу. Засгийн газрын төлөвлөгөөнд дандаа тусгадаг. “3-6 сарын нөөц хадгалах савтай болно” гэдэг ч юу ч хийдэггүй. Аж ахуйн нэгж үүнийг авч явах чадваргүй. Дийлэхгүй. Асар өндөр зардал гарна. Нөөцийн сав бий болгоход төр бодлогоор туслах ёстой. Энэ чиглэлд яаралтай арга хэмжээ аваад, хууль батлуулчихлаа. Стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг зохицуулах тухай гээд 5 жил үйлчлэх хууль. Өөрөөр хэлбэл. Хойд хөршид нөхцөл байдал тогтворжих хүртэл үйлчлэх. Савныхаа тоо, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд зээл өгнө. Аж ахуйн нэгжид өгнө, дунд хугацааны бодлого.

-Одоо зээл өгвөл хэзээ саваа барьж эхлэх вэ?

-Бид шатахуун түлшний аюулгүй байдлын стратеги боловсруулж, батлах ёстой. Манай улсад ийм стратеги байхгүй. Энэ оны 12-р сар гэхэд ОХУ манайхаас өгсөн захиалгын 50 хувийг нийлүүлж байна. Ганцхан сарын шатахуун нөөцлөх савтай. Нөөцийн сав нь хоосон. Оруулж ирж байгаа бензинийг вагоноос нь шууд түгээж байгаа айл чинь шатахуунаар тасарна.

Манайхтай яг ижилхэн нөхцөл байдалд Киргиз улс орчихсон. Ангарскийн үйлдвэрээс авдаг. Энэ бол цэвэр хангалт нийлүүлэлттэй холбоотой асуудал. Ийм нөхцөл байдалд орсон нь бид гэрийн даалгавраа хийлгүй олон жил хаясны үр. Үүнийг зогсоох ёстой. Шатахууны аюулгүй байдлын стратеги боловсруулж байна. Засгийн газрын хуралдаанаар оруулаад, Ерөнхий сайдын дэргэд түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна. Богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүд авна. Урд хөршөөсөө авах ажлаа эрчимжүүлнэ. Одоо БНХАУ-аас 5 хувийг авч байна. Үүнийг хамгийн багадаа 20 хувь хүргэх арга хэмжээ авна. Энэ гэрээ хэлцлийг БНХАУ-тай ярилцаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд дэмжиж байгаа. Он гараад айлчлал хийж, уулзана. Аж ахуйн нэгж явуулаад, тоо, хэмжээгээ өгүүлчихсэн. Хятад улсаас 3 төрлийн тоо, хэлэлцээрийн зөвшөөрөл авах ёстой байдаг.

Нэгд. Боловсруулж байгаа үйлдвэрийн зөвшөөрөл өгөх, зарах

Хоёрт. Төмөр замын тээврийн зөвшөөрөл

Гурав. Хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл

БНХАУ шатахуун түлш экспортлоогүй орон. Тухайн газарт тусгайлсан үйлчилгээ өгдөг. Дотооддоо өндөр хэрэглээтэй, одоо л дөнгөж экспорт хийж байгаа. Манай хэрэглээ бага ч гэсэн авах зөвшөөрөл олон. Цагааннуур, Замын-Үүд боомт, дөнгөж саяхан Шивээхүрэнгээр дизель түлш оруулж ирэх зөвшөөрөл авсан. Урдаас шатахуун авах бэлтгэлээ бас л хангаагүй байсан. Цор ганц Замын-Үүдээр л бензин авч болно. Нефтийн бүтээгдэхүүн болгон өөр өөр стандарттай. Боомт болгон өөр өөр шийддэг. Ханги-Мандал, Шивээхүрэн, урд талын бүх боомтоор нефтийн бүх төрлийн бүтээгдэхүүн импортлох хэлэлцээр эхлүүлээд явж байна.

-Манайх шатахуунаар ОХУ-аас 95 хувийн хараат. Энэ олон жил ийм асуудал үүсэхэд саваа нөөцлөхгүй, ядаж нэг улсын хараат байдлаа багасгахгүй явна гэдэг?

-Би 5-хан сар сайд хийж байна. Өөрөө нүүр тулчхаад, зарим тохиолдолд шоконд ороод явж байна. Өнгөрсөн хугацаанд цор ганц Засгийн газар стратегийн маш том шийдвэр гаргасан байдаг. Тэрний үр дүнг удахгүй хүртэнэ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Энэ үйлдвэр дотоодын хэрэглээний 50 хувийг хангана. Энэ бол цор ганц бодит шийдэл юм байна.

-Хятадаас евро-5 стандартын шатахууныг өндөр үнээр оруулж ирнэ. Тэр үнийг яах вэ?

-Манай улс нийтдээ сардаа 85-95 мянган тонн АИ-92 хэрэглэж байна. Үүний 60 мянган тонныг тогтмол үнээр авч байна. 2028 он хүртэл ОХУ-тай гэрээтэй байгаа. ОХУ-аас дунджаар 200 орчим төгрөгөөр хямд евро-2 төрлийн бензин хэрэглэж байгаа. Үүнээс бусад, евро-5 стандартын бензин дунджаар литр тутамдаа 400 төгрөгөөр илүү. БНХАУ-д евро-2 битгий хэл 3, 4 байхгүй. Евро 5-6 стандартад шилжсэн. БНХАУ-аас авах евро-5 болон евро-2 стандартын шатахууны зөрүү нь хүний эрүүл мэндэд хэр хортой вэ, техникт хэр ээлтэй вэ гэдэг асуудал юм. Евро-2 стандартын бензин дэх хүхрийн хэмжээ нь евро-5 стандартын бензинээс 2000 дахин их байдаг. Хүхэр бол амьсгалын замын өвчний суурь. Багтраа үүсгэж, уушги гэмтээж, хавдар үүсгэнэ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 орчим хувь нь машинаас гарч байгаа. Евро-5 хүхэр багатай. Сүүлдээ Финланд улс хүхэргүй болгоод эхэлсэн. Хүхэр бол их хүнд элемент. Доор байрладаг. Дээшээ хөөрдөггүй. 90 см-ээс намхан хүүхдийг хорлодог. Хүүхдүүд ханиад, томуу, уушгины өвчинд нэрвэгдээд байгаа нь муу стандарттай бензинтэй холбоотой.

Ангарскийн үйлдвэрийг Киргиз, манайх хоёр гуйж байж, евро-2 бензин үйлдвэрлүүлж байгаа. ОХУ-аас манайд байнга тавьдаг шаардлага бол “Та нар одоо АИ-95 хэрэглэ. Бид АИ-92 үйлдвэрлэхгүй. Дотооддоо хэрэглэдэггүй” гэдэг. Ганцхан манайд зориулан үйлдвэрлэж байна. Түүнийг нь манайх хамгийн хямд авдаг. Шатахууны үнийг хямд байлгах гэж манайх ийм байдалд орж байна. Хтяад, Орос хоёр манайд 2 том шаардлага байнга тавьдаг. 1-рт, их хэмжээгээр захиалж аваад, хадгал. 2-рт, евро-5-д шилж.

Манай ойрын үед Хятад улсаас нийт хэрэглээнийхээ 20 хувийг авах зорилго тавьж байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Хятадын төмөр замынхантай уулзаж, сар болгон 40 мянган тонн түлш тээвэрлэх зөвшөөрөл авахаар тохиролцож байна. Би удахгүй очиж, үйлдвэрүүдтэй хэлэлцээр хийнэ.

-Үнийн хувьд зах зээлийн зарчмаар уу?

-Энэ сарын захиалгаа харахад, 134 мянган тонн дизель түлш, 84 мянган тонн АИ-92 захиалсан. Нийтдээ 220 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэхэд 60 мянган тонных нь үнийг төр барьж байна. ¾-ийг нь чөлөөтэй орхисон.

Баруун баруун бүс дандаа евро-5 хэрэглэдэг. Угаасаа их үнэтэй, өндөр чанартай шатахуун хэрэглэж байгаа. Төвийн, хангайн бүсийг төмөр замаа дагаад Улаанбаатарт хотоос хангадаг.

-Нөөцийн сав барих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох гэж байна. Энэ зээлээ ямар байдлаар олгох юм?

-Тусгай зөвшөөрлийг нь чөлөөлөөд өг. Хэн дуртай нь авдаг болгоод өг. Манай яам зөвшөөрөл хүсэж орж ирсэн бүгдэд бүх зөвшөөрлийг нь өгнө. Юу ч хориглохгүй.

-Стандарт тавих ёстой?

-Стандарт тавиад боллоо. “Стандарт хангаад, зөвшөөрөл хүсэж ирсэн бүгдэд нь өг” гэж байгаа юм. Би 20-30 зөвшөөрөл өгсөн байх. Орж ирсэн болгоныг нь шаардлага хангасан бол явуулаад, хамгийн сүүлийн кнопыг би дардаг. Тэрийг хийж байгаа. Хүн болгон авч болно, чөлөөтэй. Ганцхан стандартаа бүрдүүл. Тэрэнд бас жаахан мөнгө орох ёстой. Ямар ч стандартгүй оруулж ирж болохгүй. Тэсэрч дэлбэрэх аюултай, хүн, байгаль хордоно.

180 гаруй тусгай зөвшөөрөлтэй. Аж ахуйн нэгж зээл авна гэвэл арилжааны банкаар үнэлүүлээд, оруулж ирэх бүтээгдэхүүнээ барьцаалаад, зээл авч болно. Түүхэндээ анх удаа шатахууны сав, их хэмжээгээр захиалах, дэд бүтцэд зориулж, тусгайлсан хууль батлууллаа. Энэ хууль том өөрчлөлт авч ирнэ. Шатахууны савыг заавал дотроо барих бус, хилийн орчим БНХАУ, ОХУ-д байгаа агуулахуудыг худалдаж авах, түрээслэх боломжийг судлуулж байна. Тоолун гэх систем бий. Монгол Улсад туршилтаар хэрэгжүүлж байсан юм байна лээ. Гэхдээ зөв горимоороо яваагүй. Булангийн орнуудад далайгаар тээвэрлэж байгаа газрын тосыг Монгол Улс худалдаж аваад, гэрээ хийсэн нэрэх үйлдвэрүүдэд яаралтай нэрүүлж авах юм. Ийм аргачлал байдаг. Манайх шиг дотооддоо түлшээ хангаж чаддаггүй орнуудын өргөн дэлгэр хэрэглэдэг арга. Үүн дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

-Агуулах маань хэдэн жилийн дараа гэхэд дуусах юм?

-Дотооддоо 2 жилийн хугацаанд нэг сарын нөөц хадгалах агуулах барьж чадах юм билээ. Манай яаманд 430 орчим тэрбум төгрөг хүссэн хүсэлт ирсэн байна. Бид техникийн шаардлагыг бүгдийг нь шалгаж үзээд, боломжтой арилжааны банканд өгнө. Арилжааны банк, Монгол банктай ярилцаж, үл хөдлөх хөрөнгийг нь үнэлээд, зээл олгоно. Тэр зээлээ аваад, агуулахаа барих ёстой. Бид энэ жил улсын төсөвт 18 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаас өгье. Ийм маягаар хийе гэж төлөвлөж байна.

-2028 онд дуусах хэлэлцээ шүү дээ. Тэр хэлцэл дуусаад яах юм. Ахиад үргэлжлүүлэх юм уу?

-Ард иргэдийн маань ахуй амьдрал хүнд. Тодорхой хэмжээний хямд бүтээгдэхүүн хэрэглэх зах зээл байгаа учраас үргэлжлүүлэх тухай ярилцана.

-Өнөөдрийн энэ асуудал төр оролцсоноос л болоод үүсэж байна. Иргэд өөрсдөө сонголтоо хийнэ. Үнэ хямд байх ёстой юу, нийлүүлэлт хэвийн байх ёстой юм уу?

Нэгд, сав суулгаа бүрдүүлэх хуулиа батлуулчихлаа. Хоёрт, ОХУ-тай Монгол Улс шатахуун түлшний бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх хэлэлцээр хийгээд, хүчин төгөлдөр гэж тооцохгүй байна. Агаарын хөлгийн түлшний хэлэлцээр нь эцэслэгдээгүй байна.

Миний өмнөх сайдын үед УИХ дээр орж ирээд уначихсан. Тэр хэлэлцээрийн 6 асуудал байсны 5-ыг нь Монголын талын саналаар шийдэхээр болсон. Ганцхан асуудлыг нь УИХ-аар шийдүүлье гээд ОХУ-тай тохиролцлоо. Одоо бидний хооронд хийсэн гэрээ цаашид гаргах хууль тогтоомжид хамаарахгүй. Энэ бол олон улсад байдаг гэрээний зарчим. Энэ асуудлыг УИХ-д оруулах гээд байж байна. Одооноос сарын өмнө эцэслээд, ОХУ-д явуулсан. Хянагдаад удахгүй ирэх байх. Уг нь энэ чуулганаар батлуулчихъя гэж бодсон ч амжсангүй. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдаж, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов тэргүүтэй төлөөлөгчип ирж, энэ асуудал дээр бид нэлээн суусан. Би бол ширүүн байр суурь илэрхийлсэн. Танайх амласан амлалтаа 10-р сараас хойш биелүүлэхгүй байна. Манай ард түмэн, Засгийн газар хүртэл хэцүү байна. Улс орон даяар нийлүүлэлтийн бэрхшээлтэй байдал орсон.

-Канад, Энэтхэг тусдаа гэсэн давуу эрхтэй байж болохгүй. Тэр улсууд мөнгөө өгч, бүтээн байгуулалтаа хийж байна.Тийм үү?

-Манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал төсөл. Ингэж байж бид шатахууны хамаарлаас гарна.

-Энэ үйлдвэр ашиглалтад орсноор нийт хэрэгцээний хэдэн хувийг хангах вэ. Түүхий эд нь байгаа юу?

-50 хувийг нь хангана. Харин түүхий эдийн асуудал зовлон. Энэ үйлдвэр ашиглалтад ороход 1.5 сая тонн газрын тос хэрэгтэй. Манай улс гурав дахин бага буюу 500 мянган тонныг олборлож байгаа. Дэлхий даяар далайн эргийн орнууд газрын тосны хайгуул, олборлолтыг сайн хийдэг. Яагаад гэвэл тэнд элдэв эсэргүүцэл алга. Тийм учраас газрын тосны хайгуул хийдэг компаниуд тэр зүгт явж байна. Эх газарт хайгуул хийх дургүй байна.

-Үүнийг яаж засах вэ?

-Манай орон асар их газрын тостой. Гэтэл 1991, 1992 оны Засгийн газрын үед хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээний хоёр талбай бий. Тэнд “Петро Чайна дачин Тамсаг” компани ажиллаж байна. Энэ компаниудын гэрээ 2030, 2031 онд дуусна. Гэтэл тэд 1991, 1992 онд хийсэн гэрээгээ мөрдөнө гэдэг. Харин манай улс маш олон хууль гаргачихсан. Үүнийхээ дагуу олон татвар хураамж нэхээд байдаг. Тэр компанитай уулзахад “Танай улс албаар биднийг гаргах гээд бодлогоор ийм ажил хийдэг үү” гэдэг. “Сум, аймгийн дарга, байцаагч, агентлаг, яамдын дарга нар биднийг дарамталж торгууль тавьж, шүүхэд өгдөг. Бид бол гэрээгээ мөрдмөөр байна” гэдэг. “Энэ хоёр талбайг бид 2030, 2031 он хүртэл гэрээнийхээ дагуу дуусгаж, шинэ талбай өрөмдөж, танай нефтийн үйлдвэрийн түүхий эдийг хангахад бэлэн байна” гэдэг. Энэ компанийн хувьд манай төсөл хамгийн жижиг нь.

-“Петро Чайна дачин Тамсаг” ХХК-иас жилд хэдий хэмжээний түүхий эд авдаг юм?

-Шалихгүй. Хамгийн бага олборлолт хийдэг. Эндээс манай улс жилд 200-300 тэрбум төгрөгийн орлого олдог. Дорнодод нефтийн олборлолтыг эсэргүүцдэг, тодорсон хэдэн баатар бий. Тэд улсынхаа нэр хүндийг унагааж байгаа. Биднийг очихоор “Та нар нийгмээ эсэргүүцлээ” гэдэг. Тэд улс орноо газрын тосны хамаарлаас гаргах зорилгын эсрэг гэмт хэрэг хийгээд байгаа юм.

-Зорилготой юм биш үү?

-Заримдаа тэгж хардах юм.

-УИХ-аар хэлэлцүүлэх хууль юу болов. Засгийн газраас үйл ажиллагаа явуулах лиценз олгодог. Гэтэл аймаг, сумын иргэд нь өөр өөр зүйл ярих юм. Ингэж шийдвэрүүд нь зөрөхөөр айл манайд яаж хөрөнгө оруулах билээ...

-“Петро Чайна” ХХК-тай холбоотой асуудлыг яриад дуусгачихъя. Энэ айлтай бид маргаанаа дуусгаж, хайгуулыг нь нэмэгдүүлснээр газрын тосны үйлдвэрийн түүхий эд хангагдана. Газрын тосны хайгуул, олборлолтыг дурын хүн хийж чадахгүй. Асар өндөр зардалтай. Тэнд газрын тосны том хөрөнгө оруулагч орж ирэхээс өөр аргагүй. Газрын тосны хуулиа өөрчилнө. Ойрын үед өргөн барина. Орчин үед бүтээгдэхүүн хуваах гэрээг ашигтай гэж үзэхгүй байна. Шинэ хуулиар бүх төрлийн хамтын ажиллагааг зөвшөөрнө. Мөн ил тод байх асуудлыг тодорхой болгож, олон нийтийн хэлэлцүүлэг эхлүүлнэ.

-Хуулиа хэзээ танилцуулах вэ. Яагаад удав?

-Манай салбарынхан ганцхан бензин ярьдаггүй. Хоёр сар бензин ярилаа. Ашигт малтмал, газрын тос, хүнд үйлдвэрлэлийн хууль гээд бусад хууль бэлэн болсон. Бодлого явуулж байна. Ингэснээр эдийн засаг тэлж, шинэ ажлын байрууд бий болно. Ашигт малтмалын хууль гэхэд нэмэлт өөрчлөлтийн түвшинд бэлэн болсон. Сангийн яамаар үзэл баримтлалаа батлуулаад авчихсан. Одоо Хууль зүй, дотоод хэргийн яамаар үзэл баримтлалаа батлуулах гээд өгчихсөн. Шөнөжин л бид суулаа. Засгийн газрын хуралдаанар орууллаа. Энэ чуулганд багтаан өргөн бариад, УИХ-ын ажлын хэсгийг давуулчих зорилготой ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамныхан “Хуулийг сайн харах хэрэгтэй байна” гэсэн. Олон нийтийн хэлэлцүүлэг сайн хийе. Энэ хуульд хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, хайгуулын салбарыг чөлөөлье. Одоогийн нөхцөлд дотоодын аж ахуйн нэгжүүд лиценз авч чадахгүй. Тендерээр авдаг. Лицензийг 35 тэрбумаар үнэлчихээд байна.

-Иргэдийн, олон нийтийн, нийгмийн эсэргүүцэл тулгарна. Үүнийг яаж давж гарах вэ?

-Нэг жишээ: Дархан-Уул аймгийн нэг суманд орд газар байна. Олборлолт хийгээд сумын иргэдэд ямар ч мөнгө очихгүй бол хэн уул уурхайг дэмжих юм. Хажууд нь уул уурхай хөгжөөгүй Архангай аймаг төсвөөс ижил мөнгө авч байдаг. Тэгвэл ухуулахгүй л байя. Өмнөговь аймгийн байгаль нь байгаль биш, бусад аймгийнх нь байгаль гэж үзэж болохгүй биз дээ.

Иймээс Ашигт малтмалын хуулиар бид нийт АМНАТ-ын хэмжээг 15 хувь болгож, орж ирсэн АМНАТ-ын 30 хувийг аймаг, орон нутагт өгөхөөр зохицуулж байгаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сум Монгол Улсын эдийн засгийн 10 хувийг бүрдүүлдэг. Гэтэл сургууль нь эвдэрхий. Авдаг мөнгө байхгүй. Уул уурхайг дэмждэг нь илүү АМНАТ авна гэсэн зарчмыг хуульд тусгасан.

Миний өвөг дээдсийн малаа хариулж байсан газар нутгийг ухаж, сэндийчээд, хүүхэд нь сурах сургуульгүй байхад би уурлана. Энэ газар нутгийг ашиглаж, уул уурхайн төсөл явахын хэрээр сургууль нь кембриж хөтөлбөртэй, багш нарынх нь цалин өндөр, сайн боловсролтой, багштай болбол би баярлана. Энэ зохицуулалт руу явах хэрэгтэй. Дэлхийн улс орон бүр газрын ховор элемент, чухал ашигт малтмалыг сонирхож эхэлж байна. Мөн хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт гэх мэт асуудлыг хуулиар оруулна.

-Уул уурхайг одоо байгаагаас илүү хариуцлагатай байлгахын тулд ямар шаардлага тавих юм?

-Уул уурхайг ухаж, нөхөн сэргээсний дараа цаана нь илүү мөнгө гарч байвал ашиглаж болно. Мөн манай улсын уул уурхайн салбар цор ганц нүүрсэн дээр тогтсон бодлоготой өнөөдрийг хүрсэн. Маш буруу. Уул уурхайг нэгдсэн нэг бодлогоор харахаас гадна бүтээгдэхүүн бүр дээр бодлого ярих ёстой.

Бидний дараагийн бүтээгдэхүүн зэс. Зэсийн салбарт жилд 450 тэрбум ам.долларын борлуулалт хийгдэж байна. Гэтэл бид Оюутолгой гээд тогтвортой байдлын гэрээ хийчихсэн нэг орд. Эхний хэдэн жилдээ ашиггүй, сүүлдээ ашигтай ажилласан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гээд 50 жилийн түүхтэй уурхай байна. Шинэ уул уурхайн зэсийн төслүүд нээхэд юу хэрэгтэй байна вэ гэхээр зэсийн АМНАТ-ыг бууруулах. Цагаансуварга, Хармагтайг урагшлуулах хэрэгтэй. Бид шинэ уурхай, металлын салбарт тоглох боломжоо нээх шаардлага бий. Одоо Монголд хэрэгжиж байгаа ашигт малтмал, биржийн тухай хууль нь уурхайг ухаад, машин, вагонд ачаад шууд экспортлоход ашигтай. Харин ухаж боловсруулж, баяжуулаад эдийн засгийн бүтээгдэхүүн хийвэл ашиггүй. Тийм учраас 50 гаруй боловсруулах үйлдвэр хаагдсан. Бүх боломж тэнд гацаж байна. Аж үйлдвэрийн орон болно гэвэл шууд ухаж гаргахаас илүүтэй боловсруулах нь ашигтай. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийг дэмжсэн хуультай байх. Ингэснээр ажлын байрыг нэмж, шинэ аж ахуйн нэгж бий болж, татвар хураамжийг өсгөнө. Ашигт малтмалын хуулиар орж ирсэн хамгийн том бодлого нь энэ.

-Зэсийн үнэ тогтмол өсөж байна. Таны хэлсэн хоёр том төслийн нэг Оюутолгой гуравдагч орны хөрөнгө оруулалт, бидний хамгийн том ач холбогдолтой стратегийн хөрөнгө оруулалт гэж харж байна. Оюутолгойн сонсгол болж өнгөрлөө. Олон мэддэггүй мэдээллүүд ил тод боллоо. Үүнийг та хэрхэн дүгнэв?

-Болох ёстой. Бид 17 жилийн өмнөх монголчууд биш. Бид зөв, буруугаа илүү ойлгодог боллоо. Үндэсний сайн мэргэжилтнүүдтэй болсон. 17 жилийн өмнөх гэрээг шүүх ёстой байсан. Хийгдэх ёстой ажил хийгдлээ гэж бодож байна.

-Засгийн газар дээр хэлэлцээрийн ажлын хэсэг ажиллаж байна. Үүнийг дагаж гарч ирэх “Онтрэ”-гоос хувь авах асуудлыг ярих уу. Ер нь ажлын хэсэг юу ярьж байна?

-Хэлэлцээрийн нэг хэсгийг Б.Жавхлан сайд ахалж байна. Б.Жавхлан сайд хүү бууруулах асуудлыг хариуцаж байгаа. Би менежментийн төлбөрийг бууруулж, засаглалыг сайжруулах ажлын хэсгийг хариуцаж байна. Засгийн газраас тодорхой чиглэл өгсөн. Түүний дагуу хэлэлцээрийг удирдаж байна. Сонсгол болж, УИХ-ын тогтоол гарна. Тогтоолоор даалгавар ирэх хүртэл хэлэлцээрийг зогсоосон. Даалгавар ирэхээр хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. “Онтрэ” ХХК-тай холбоотой асуудалд бид “Орана”-гийн гэрээний засгварыг ашиглавал гэсэн судалгаа тооцоо хийсэн. “Онтрэ”-гийн хоёр лицензийг эзэмшигч компанид “Хэлэлцээрийг эхлүүлье” гэсэн саналыг хоёр удаа тавьсан. Би тэр хүмүүстэй уулзаад “Монгол Улсад хүндэтгэлтэй хандаарай. Бидэнд хүндэтгэлтэй хандахгүй бол бид ч хүндэтгэлтэй хандахгүй” гэдгээ хэлсэн. “Хуульчдаа бэлтгээд хэлэлцээрт орно” гэсэн. Би “Оноос өмнө хэлэлцээр хийе” гэсэн санал тавьсан. Хариу ирээгүй байна.

-Зардал өсөж байгаа суурь шалтгааныг засахгүй бол хүүг бууруулсан ч төлөх мөнгө нь адил, ирээдүйд авах ашиг муу. Энэ асуудалд Засгийн газар илүү анхаарвал яасан юм?

-Ер нь бодлого тэнд бий. Хэрэгжилт нь “Онтрэ”гээр эхэлнэ. Би сая “Рио тинто”-д санал тавьсан. Ер нь гэрээг хоёр талдаа “Орана”-гийн гэрээ шиг АМНАТ, рояалти суурьтай болгон өөрчлөх. Бид хэлэлцэж зээлийн хүүг бууруулсан ч дараагийн дөрвөн жил дахиад хэрүүлтэй байна. Яагаад гэвэл суурь шалтгааныг шийдэхгүй байна. Яриа хэлэлцээрийн түвшинд, судалгаа хийж байна.

-Дэд сайдтай болсон. Дэд сайд руугаа шатахууны асуудлыг чиглүүлж, ачааллаа хөнгөлөөд байх шиг санагдсан.

-Үгүй үгүй. Хүн ажил хийх үед ажил хуваалцаж, мөр зэрэгцэх хүн хэрэгтэй. Дэд сайдгүй ажил гэвэл би бэлэн.

-Улсын данс улайж, эдийн засаг хүнд байхад олон сайд томилж, төр данхайж байгаад та ямар суурьтай байна?

-Зөвхөн шатахуун дээр л ярихад сайд шатахуун түгээх станцуудаар хэсэх биш бодлого, хуулиудад төвлөрөх нь чухал. Энэ олон бодлого нэг дэд сайдаас илүүтэй үр өгөөжөө өгөх юм. Эцэстээ УИХ, Засгийн газрын шийдвэрээ л дагана.

-Танай нам өнгөрсөн 10-р сард нэлээн бужигнасан. Гаднаа эвээ олсон юм шиг харагдаж байгаа ч одоо хүртэл дотроо эвээ олохгүй байгаа мэт мэдрэмж төрж байна. Бужигнааны гол дүрд та орчихсон явж байсан. Одоо намын чинь асуудал дуусаагүй. Иргэд томилгоо, огцруулах гэсэн хоёр асуудлаас болж цөхөрлөө...

-Бид өөр өөдсийнхөө алдааг засаж чаддаг. Манай намын энэ шилжилтийн асуудал анх удаа биш, сүүлийнх ч биш. Болохгүй асуудлаа өөрөө яриад, засдаг институт бол МАН.

-Та хэд алдааг зассан гэсэн үг үү?

-Алдааг засах гээд явж байгаа.

-УИХ-д Харбины гэрээний асуудал яригдаж байна. Танай өмнөх сайд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг. Энэ асуудлыг нууцаас гаргаад, ил ярих зүйл байгаа юу. 50 хувийн хөнгөлөлт үзүүлээд, 5 хувь болгосныг өөрсдөдөө ашиггүй болгочихсон уу. Та гэрээг үзсэн үү?

-Гэрээг үзсэн. Асуудал бий. Гэхдээ засаж болно.

-Энэ гэрээг Засгийн газраар хэлэлцээд, нууцаас гаргаж, нээлттэй ярьж болохгүй юу?

-Хоёр улсын хооронд тохиролцсоны үндсэнд нууцаас гаргана.

-АН-ынхан дэд сайдын томилгоотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Хэрэв эдийн засаг хүнд энэ үед засаг огцорчихвол бас л хүнд, тогтворгүй нөхцөлд орох нь, тийм үү?

-Огцор гэвэл огцорно. Зууралдаад байх юм байхгүй. Эдийн засаг сайнгүй байна. Биднийг нэг жил ажиллуулаад үр дүнг нь харчихаасай. Би 1-рт, Ашигт малтмалын тухай хуулиа батлуулах, 2-рт, түлш шатахууны аюулгүй байдлын стратегийг эцэслэж, нөөцийн савны асуудлыг шийдэж хүнд үед сандардаггүй болгох, газрын тосны салбарыг өөд нь татаж, үйлдвэрээ ашиглалтад оруулчихмаар байна. Мөн хүнд үйлдвэрлэлийн хуулиа боловсруулж, батлуулмаар байгаа. Аль болох оноод явахыг зорьж ажиллаж байна. Шатахууны асуудал нэг өдөр үүсчихээгүй. Социализмын үед хомсдолтой байсан. Одоо ч хомсдолтой байна. Энэ олон асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх боломж олгосонд баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

“Нас барсан иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох эсэх асуудлыг шийдэх хэрэгтэй“
“Нас барсан иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох эсэх асуудлыг шийдэх хэрэгтэй“
 
Л.Энх-Амгалан: Темасек сан дээр 108 удаа очиж туршлага судалсан гэдгийг би дэгсдүүлж хэлээгүй шүү. Бодит тоо
Л.Энх-Амгалан: Темасек сан дээр 108 удаа очиж туршлага судалсан гэдгийг би дэгсдүүлж хэлээгүй шүү. Бодит тоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!