Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн оффшор бүсэд байгуулаад, одоо хамаарал бүхий этгээдүүддээ шилжүүлсэн компаниудыг олж илрүүлжээ. Гэвч энэ бол шинэ мэдээлэл биш...
2017 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэгэн мэдэгдэл хийж байв. Тэрбээр тухайн үедээ нэр дэвшиж байсан Х.Баттулгад хандаж “Монголын Уул уурхайн баялгийг гадаадынханд шилжүүлж байгаатай холбоотой үндэслэл бүхий мэдээлэл байна. Иймд нэр дэвшигч та оффшор бүсэд өөрийн нэр дээр болон хамаарал бүхий хүний нэр дээр үйл ажиллагаа явуулаагүй талаарх мэдээллээ нотлох баримтын хамт нийт иргэд, сонгогчдын өмнө УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн хамт мэдэгдэл хийнэ үү” хэмээн хэлж байв. Энэхүү мэдээллээрээ 2006 онд Х.Баттулгын үүсгэн байгуулсан “Камекс” компани Английн Виржинийн арлуудад, “Камекс Пи ТИ И“ компани Сингапур улсад бүртгэлтэй байгааг хэлээд эдгээр компани нь Х.Баттулгын найз “Ард” хочтой Батсүх, Монголын жүдогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /одоогоор сонгуульт ажлаа өгсөн/ М.Бөхбат болон түүний эхнэрийн хөрөнгө оруулалттай байдгийг тодруулахыг хүссэн. Гэвч нэр дэвшигч үүнд дорвитой хариулт өгөөгүйгээс УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс өшөө 2-3 компанийг оффшор бүсэд Х.Баттулга болон түүний гэр бүлийн хүмүүс байгуулсан байгааг хэлж байсан билээ.
Эдгээр баримтуудаас үзвэл, 1991 онд Сингапур улсад “Женко Холдинг Пи Ти И” гэх компанийг байгуулаад 2007 он хүртэл буюу УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа ч тус компанийг удирдаж байсан, одоо охин Б.Намууны нэр дээр болон хамтрагч Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг. Мөн Сингапурт бүртгэлтэй “Кемакс” компаниараа дамжуулан 17 лиценз худалдан авсан. Мөн “Кемакс” компанийн дээр нь 100 хувь хувьцаа эзэмшигч болох Вел Делайт, түүний дээр нь Бэст Стейт, Сино аксес нэртэй гурван компанийг Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн. Мөн Брейв лайон гэх нэртэй оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан гэдгийг мэдэж болно.
Эдгээр компанитай Төмөр замын бүтээн байгуулалтаас учир битүүлгээр гадагш гарсан мөнгө холбогддог байсан. Тэгвэл Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл бас нэгэн ноцтой мэдээлэл дэлгэсэн нь “Кемакс” гэж оффшор компанийн толгой компанийг олон удаа байгуулж, зарж, нааш цааш нь шилжүүлсэн утга нь дээрх 17 лицензийн нэр Төгрөг нуурын лицензийг худалдсан явдал аж. Уг лицензийг 250 сая ам.доллараар хятад эзэнтэй оффшор бүсэд бүртгэлтэй Хонконгийн хөрөнгийн биржийн Мин Шин компанид зарагдсан баримт ил боллоо.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариуцлагатай сонгууль болж байна. Эрх зүйн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийн нэр дээр болон хамаарал бүхий хүний нэр дээр оффшор дансгүй байх ёстой. Хэрэв данстай бол хуулийн дагуу Авилгатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороонд урьдчилан мэдэгдэж шалгуулах ёстой юм. Нэр дэвшигчдийн оффшортой холбогдсон эсэхийг Оффшорын эсрэг бүсээс судалсан. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга оффшорт үйл ажиллагаа явуулж буй компанитай гэсэн баримт байна. Тэрээр оффшор бүсэд байгаа 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөө нуун дарагдуулсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Х.Баттулга Хөрөнгө оруулгын мэдүүлэгт (ХОМ) өөрийн хөрөнгийн 1 хувийг л мэдүүлсэн. Үлдсэн 99 хувийг нуун дарагдуулжээ. Үүнийг Оффшорын эсрэг бүс ганцаараа мэдэгдэж байгаа биш юм. Ардчилсан намын гишүүдээс манай намын нэр дэвшигчийг шалгаж өгнө үү гэсэн мэдэгдэл ирж байгаа. Тийм ч учраас баримтыг дэлгэж байна. Оффшорын эсрэг тэмцэл бүх нийтийн тэмцэл байх ёстой” хэмээн удаа дараа мэдэгдэл хийсэн ч үр дүнд хүрээгүй юм.
Дээрх баримтуудаас үзвэл, манай Ерөнхийлөгч оффшор бүсэд компани байгуулж мэргэшсэн гэхэд болно. Түүний хөрөнгө оруулалттай дотоодын цөөнгүй компани ч бий. ХОМ-тээ 18 компаниас хувь хүртдэг хэмээн мэдүүлсэн байдаг. Гэхдээ ажиглаад байхад түүний компаниуд эзэндээ ашиг өгөхөөс бусдад өгөөжгүй бололтой. Бүхэл бүтэн 18 компаниас хоёр нь л шилдэг татвар төлөгч байгууллагын шилдэг 20-д багтдаг бол Ерөнхийлөгч болсноос нь хойш түүний ХОМ-дээ дурдсан орлогын хэмжээ жил жилээр тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Оффшор бүсээс хэдэн тэрбум ам.доллар оруулж ирнэ хэмээн зарлаж, гадаадын мэргэжилтэн урьж “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах аргууд” сургалт явуулж байсан “30 гэр бүл” гэх амны уншлагатай Ерөнхийлөгч маань өөрөө “хэргийн эзэн” болж таарах шиг...