
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн зарим заалтыг хуульд нийцүүлсэн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Тодруулбал, Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан. Намын батлагдсан хөтөлбөр, дүрмийг бүртгүүлэхээр 384 хуудас материалыг есдүгээр сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн.
Тус дүрмийн шинэчилсэн найруулгыг аравдугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд дүрмийн нийт 1339 заалтаас 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ. Уг 12 заалт нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 0.9 хувьтай тэнцэх тул холбогдох өөрчлөлтийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж буй.
Ташрамд дурдахад, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өнгөрөгч онд өөрчлөлт оруулснаар намууд он дуусахаас өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ны дотор намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улсын дээд шүүхэд хүргүүлэх үүрэг хүлээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!