Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан, Хууль зүйн ухааны доктор Н.Лүндэндорж парламентын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "20 жилийн өмнө би Монголд олонхын дарангуйлал тогтсон тухай бичиж байлаа. Бүгд л намайг шүүмжлэв. Орчин цагийн дарангуйлал арга, хэлбэр, ов мэх шал өөр болсон. Үүнийг цааш үл өгүүлэн, одоогийн яриа хөөрөөтэй уялдуулахад ЗГ-ыг УИХ хянаж чадахгүй болох нь гэх дуу хоолой Төрийн ордноос их сонсогдох болов. УИХ ЗГ-ыг сайн хянах ёстой. Тийм байх ёстой. Сайн хянаж байж хуулийн гортиг дотор байлгана. Энэ талаас энэ дуу хоолой зөв. Харин парламентыг хэн хянах билээ гэсэн асуултын хариу том асуулт. Энэ талаарх дуу хоолой 30 жил сонсогдоогүй.
“Сонгодог парламент” гэж манайхан их ярина. Харин гадныхан манай парлөментыг “супер” тодотгоно. Супер гэдгийг хашилтад хэлдэг шүү. Манай парламент хяналтгүй учраас “супер”, олонхын дарангуйллын шинжтэй. Үндсэн хуулийн дагуу Цэц хянах гэхээр хууль тогтоох эрхээ ашиглаж, Үндсэн хуулиар зөрчин өөртөө ашигтай хууль гаргаад хяналтаас мултардаг. Гишүүдийг нь татна гэж дарамталдаг. Түүний тод жишээ УИХ-ын тухай хуулийн 93.3. Үүнийг бас Төрийн ордноос яримаар санагдана. Өдгөө парламент орлошгүй зүйл биш болсон. Улстөржсөн, талцсан, хууль бус аргаар сонгогдсон парламентыг тараах ч бага хэрэг. Харин түүнийг орлуулах нөөц бололцоог шинжлэх ухаан аль хэдийн бий болгосныг санах хэрэгтэй гэсэн үзэл бодол бий болжээ" гэжээ.