Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТААС: Сарын 1.4 сая төгрөгийн цалинтай багш Солонгост “Чонсу“ буюу айл цэвэрлээд сард 10 сая төгрөг авдаг гэв

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 1 секунд

Багш нар цалингаа 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж, улс орон даяар хугацаагүй ажил хаялт зарласан. Харин Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарын мэдээлж буйгаар, эхний ээлжинд 15-20 хувиар нэмэгдүүлэх бөгөөд шат дараатай нэмэгдүүлснээр 2027-2028 он гэхэд 3.5 сая төгрөгт хүргэх юм.

Гэвч багш нар дээрх тайлбарыг үл зөвшөөрч, цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээс нааш ажил хаялтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж буй бөгөөд нөхцөл байдал ямар байгаа сурвалжилж, багш нарын байр суурийг тодруулахаар ЧД дэх Ататуркийн нэрэмжит 5-р сургуулийг зорилоо.

-"Хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдарч байна"-

-Багш нар олон жил ийм бага цалинтай явсаар ирсэн. Багш нар төдийгүй эцэг, эхчүүд болон бусад салбарынхан ажил хаялтыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл, 1.4 сая төгрөгийн цалингаар амьдрах үнэхээр боломжгүй, туйлдсан учраас ажил хаялтыг зохион байгуулсан. Хүмүүс дэмжиж байгаа учраас үр дүнд хүрнэ гэж бодож байна.

Би 24 дэх жилдээ багшилж байгаа. Үндсэн цалин 1 сая 480 мянган төгрөг. Анги даалтын мөнгө зэрэг нь нэмэгддэг ч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Гэр бүлийн хүн маань мөн багшилдаг. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж л амьдарч байна.

-"Багш нараасаа цалин харамлаж байгаад харамсаж байна"-

-Би боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Багш нарын цалин нэмэх асуудлыг заавал ажил хаялтын хэмжээнд хүргэж гацааж буйд харамсаж байна. Шийддэг мундаг хүмүүс нь бүгд л багштай хүмүүс байлгүй дээ. Багш нараасаа цалинг нь харамлаж байгаа нь харамсалтай санагдаж байгаа.

Шавь нар аль хэдийнэ ажлын байранд гарчихсан. Цалинг нь сонсохоор бидний цалингаас хоёр дахин их дүн сонсогддог. Гэтэл бид бага цалинтай эвлэрчихсэн, сэтгэл зүтгэлээ зориулж ажиллаад байгаа юм. Цалин нэмэгдэхийн хэрээр багш мэргэжлийн үнэлэмж дагаад өсөх учраас 3.5 сая гэсэн дүнг шаардаж байна.

-"Байрны түрээсээ төлөөд мөнгөгүй үлддэг"-

-Боловсролын салбарт зургаа дахь жилдээ ажиллаж байна. 1.4 сая төгрөгийн цалинг 700, 700 мянгаар хоёр хувааж авдаг. Залуу хүний хувьд түрээсийн байранд амьдардаг. Байрны түрээсийн төлбөр хэд билээ. Цалингаа аваад түрээсээ төлөөд, цаана нь хэрэглээний мөнгөгүй үлддэг. Хэрэглээний мөнгөгүй тохиолдолд өөр ажил хийхээс эхлээд, өрнөөс өрний хооронд л амьдарч байна даа.

Өнөө маргаашаа аргалж, амь зогоох байдлаар ажиллаж буйдаа харамсаж байна. Энэ шалтгааны улмаас над шиг олон залуу багш ажил мэргэжлээ орхиж байна. Ийм цалингаар амьдрах боломжгүй учраас бид ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа.

-"Солонгост ажиллахдаа тайван унтаж чаддаг бол Монголд ажлаа аваад л харьдаг"-

-Зун Солонгост очоод “Чонсу” гэж ярьдаг цэвэрлэгээний ажил хийдэг. Өдөрт 140 мянган вон авдаг. Монгол мөнгөөр 400 мянган төгрөг. Янз бүрийн шаардлага тавихгүй, тухайн айлыг сайхан цэвэрлээд гарсан байхад гэртээ очоод ажил хийхгүй. Багш нар Монголд үндсэн ажлаа хийхээрээ хамаг ажлаа аваад харьдаг. Ямар ч амралт байхгүй. Би Солонгост ажил хийж байхдаа тайван унтаж чаддаг. Ямар ч өр төлбөр бодохгүй. Солонгост сарын 20-иос дээш хоног ажиллахад 10 сая төгрөгтэй ирнэ. Өдөрт ганцхан айл цэвэрлээд 70-80 мянган вон авч болно. Монгол мөнгөөр 200 орчим мянган төгрөг.

Хамт ажиллаж байсан багш нартайгаа тэнд таараад “Монголдоо очоод ажиллаач” гэхээр “Үгүй ээ, толгойтой үс арзайж байна” гэдэг. Монголд байх хугацаандаа хичээлийн хоцрогдол арилгах зэргээр хүүхдүүдэд давхар хичээл зааж нэмэлт орлого олох байдлаар амьдралаа авч явж байна даа.

-"Энэ байдлаар цаашид олон жил явбал болохгүй юм байна, бүтэхгүй юм байна гэсэн бодол төрдөг болсон"-

-Цалин үнэхээр хангалтгүй байна. 1.4 сая төгрөгийн цалинг хоёр хувааж аваад хаанаа ч хүрдэггүй. Цалин амьдралд хүрэлцдэггүй учраас зуны амралтаараа гадагшаа явж ажил хийхийг хүсдэг ч тодорхойгүй шалтгаанаар багш нарын виз гардаггүй.

Багш бол үнэхээр гоё мэргэжил. Энэ мэргэжлийг үнэ цэнтэй байлгах юмсан гэж бодоод яг ажлын талбар дээр ирэхээр төсөөлснөөс маш өөр байдаг. Нэгдүгээрт цалин бага. Хоёрдугаарт нийгэмд үнэлэгдэх үнэлэмж нь бага. Залуу хүний хувьд энэ мэргэжлийг сонгосондоо нээх харамсдаггүй. Харин цалин нь амьдралд хүрэлцдэггүй учраас цаашид олон жил явбал болохгүй юм байна, бүтэхгүй юм байна гэсэн бодол толгойд орж ирдэг болсон.

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг
Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.