
Бичгийн их хүмүүн Д.Нацагдоржийн бийр, янтайгаас мэндэлж, 101 жилийн түүхээ баринтагласан Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монголын ууган хэвлэлүүдийн нэг “Соёмбо” редакцийн хамт олон, ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр “Соёмбо” редакцийн дарга Г.Номин Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон түмэнд шуурхай хүргэж, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол ямар үнээр олдсоныг ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах үйлсэд залуу халуу нас хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулж өнөөгийн цэргийн төв хэвлэлийн тулгын чулууг түшилцсэн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн эргэх холбоос болсон ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Эл өдөр редакцийн хамт олон, ахмадуудаа Төрийн есөн хөлт цагаан туганд адислуулж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцуулсаны дээр цэргийн сэтгүүлчдийн дундаас Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан, “Соёмбо” сонины эрхлэгч асан, БХЭШХ-ийн ахмад ажилтан, доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Х.Шагдарт хүндэтгэл үзүүлж цаашдынх нь эрмийн ажилд, өрнүүн их амжилтыг хүсэн ерөөлөө.