
Өөрт ойрхон эмийн сангийн байршлыг харж, хайсан эмнийхээ үнийг хараад сонголтоо хийх боломжтой нэгдсэн систем энэ сарын 7-ноос хэрэглээнд нэвтэрсэн. Эмийн үнийг ийнхүү ил тод нээлттэй мэдээлдэг болсноор зохиомол үнийг хөөргөдлийг арилгах боломж бүрдэхээс гадна нэг эм хайж олон эмийн сангийн хаалга татдаг цаг ард хоцорч буйг холбогдох албаныхан онцолж буй юм.
Бид тус нэгдсэн системийн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Эмийн үнэ, эмийн сангуудын байршлыг харах боломжтой нээлттэй мэдээллийн системийн талаар мэдээлэл өгөөч?
-Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, эмийн сангийн кассын систем хөгжүүлэгч байгууллагууд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж иргэд, эрүүл мэндийн байгууллагыг чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр хангах зорилгоор төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулан эм хангамжийн байгууллагын шатлал бүрд эмийн нэр төрөл, үнэ, цувралын мэдээлэл солилцох байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн тогтолцооны хөгжүүлэлтийг хийж байна.
Өнөөдрийн байдлаар манай системд 2605 эмийн сан, зах зээлд дээр идэвхтэй борлуулагдаж байгаа 2565 эмийн мэдээлэл орсон байна. Үүнээс гадна дээрх эмийн сангуудын байршлыг харуулж байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт очоод эмийн сан хаана байна гэж хайхад байршлыг нь харуулаад таныг замчлаад хүргээд өгнө гэсэн үг. Мөн та тухайн эмийн сангийн ажиллах цагийн хуваарийг харахаас гадна таны хайсан эм байна уу, хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ гэдгийг шууд харах боломжтой болсон. Ингэснээр зэргэлдээ оршиж байгаа 2 эмийн санд таны авах гэж байгаа эм хэдэн төгрөгийн үнэтэй байгааг бодит цагийн горимоор хараад сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой болчихож байгаа юм.
-Бодит цагийн горимоор гэхээр миний хайж байгаа эм яг одоо аль эмийн санд байна вэ гэдгийг хараад шууд очиж авах боломж бүрдэж байна гэж ойлгож болох уу. Товчхондоо бол эмийн сангуудын хаалга татаж “Манайд байхгүй. Дуусчихсан” гэх мэт үг сонсдог цаг ард хоцорсон гэж ойлголоо. Зөв үү?
- Яг зөв. Та эмнийхээ нэрийг бичээд хайхаар тэр эм яг одоо лангуун дээр нь байгаа эмийн сангуудыг танд санал болгоно. Үнийн мэдээлэл нь ч мөн адил яг одоогийн бодит үнийг харуулна. Нэг эм хайж олон эмийн сангийн хаалга татах шаардлагагүй. em.hdc.gov.mn хуудас болон ебаримтын шинэчлэгдсэн аппликэйшнээр нэвтэрч тухайн эм аль эмийн санд байгааг нь хараад очиж авах боломж бүрдсэн гэсэн үг.

-Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмийн сангуудын байршил, үнийн мэдээлэл бүгд орсон гэж ойлгож болох уу?
-Монгол Улсад 3000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа. Орон нутгийн эмийн сангуудын мэдээлэл 95 орчим хувьтай орчихсон гэж ойлгож болно. Харин нийслэлийн тухайд ойролцоогоор 400 гаруй эмийн сангийн мэдээлэл дутуу байна гэсэн тооцоолол гарсан байна.
-Үлдсэн эмийн сангийн мэдээллийг хэзээ оруулж дуусгахаар төлөвлөж байгаа вэ?
-Системийн хөгжүүлэлтийг өдөр бүр шинэчлэн, мэдээлэлүүд нэмэгдээд явж байгаа. Энэ ондоо багтаад бүх эмийн сангийн мэдээллийг оруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
-Төр эмийн үнэд шууд оролцох, хяналт тавих, хязгаар тогтоох эрх зүйн орчин байдаг уу. Тийм боломж ер нь бий юу?
-Өнөөдрийн байдлаар төрийн зүгээс хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд шууд оролцож энэ эм тэдэн төгрөгийн үнэтэй байх ёстой гэж тулгах боломж байхгүй. Бид бодлогын хүрээнд энэ асуудалд анхаарал хандуулж, хяналт тавиад явах юм. Тэр ажлын маань эхлэл нь өчигдөр албан ёсоор эхлүүлсэн энэхүү систем юм. Эмийн үнийг ил тод болгож өгснөөр их олон давуу тал үүсэж байгаа. Цаашдаа эмийн үнийн асуудал дээр ямар зохицуулалт хийх вэ гэдэг асуудлыг бодит датан дээр үндэслэж гаргах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл энэ ажил маань дараа дараагийн том ажлуудын эхлэл гэж ойлгож болно. Тухайлбал, цаашид уг системийн хөгжүүлэлт улам нарийн хийгдэж, гаалиар орж ирснээс хойших бүх мэдээлэл илүү тодорхой болж, шатлал бүрд тухайлбал эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын эцсийн үнэ, эмийн нөөц, үлдэгдэл зэрэг мэдээллийг холбогдох байгууллага, иргэдэд ил тод болно гэсэн үг.

-Эмийн үнэ ил тод болж, үнийн мэдээллийг хараад сонголтоо хийх боломжтой болсон нь худалдан авагч иргэдэд ашигтай. Халааснаас нь гарах мөнгөнөөс эхлээд цаг зав хэмнэх гэх мэт олон давуу талыг бий болгож байна. Гэхдээ нөгөө талд нь эмийн сан ажиллуулдаг хүмүүс байгаа. Байршил, орчноосоо хамаараад түрээсийн зардал, ажилчдын цалин гээд бусад зардлуудаа шингээгээд үнэ нь харилцан адилгүй байх тохиолдол байдаг байх. Тэд яаж хүлээж авч байгаа бол гэдэг нь бас сонин байна?
-Энэ ажлыг хийх явцад “Бидний үйл ажиллагаанд нөлөөллөө” гэх мэт асуудлууд хөндөгдсөн. Аливаа шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, санал гомдол гардаг. Гэхдээ бид хуулийнхаа хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодруулж хэлбэл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 2024 оны зургаадугаар сард шинэчлэн батлагдаж, аравдугаар сарын 1-нээс мөрдөгдсөн. Хуульд эмийн үнийг иргэдэд бодитой мэдээлж, хяналт тавих заалт орсон. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас санаачлан холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран цахим системийн хөгжүүлэлтүүд хийсэн. Үүний нэг нь энэхүү ажил юм.
-Эмийн үнэ, эмийн сангуудын байршлаас гадна ямар мэдээллийг авах боломжтой вэ?
-Системийг хэрэглэснээр зөвхөн эмийн үнэ, эмийн сангийн байршлыг хараад зогсохгүй эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэл дээр авч чадах юм. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч оруулж өгсөн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
