
Зүүн Азийн шилдэг клубуудын өрсөлдөөн болох East Asia Super League (EASL)-ийн шинэ улиралд Монгол Улсын төлөөлөл “Хасын Хүлэгүүд” баг анх удаа оролцоно.
Тэд маргааш эхний тоглолтоо Японы Alvark Tokyo багийн эсрэг Токио хотын Keio цэнгэлдэх хүрээлэнд хийнэ. Монголын цагаар 18:00 цагт тоглолт эхлэх хуваарьтай байна.
EASL тэмцээнд Тайвань, Хонг Конг, Макао, Филиппин, БНСУ, Япон, Монгол зэрэг долоон орны дотоодын лигийн аварга багууд өрсөлдөх аж.
Энэхүү лигийн зорилго нь Азийн клубуудыг нэгтгэж, ур чадвар болон өрсөлдөөний түвшинг нэмэгдүүлэх, улмаар NBA болон EuroLeague-ийн жишгээр нэгдсэн бүсийн тогтмол тэмцээн бий болгоход оршино. Шинэ улирлын нээлтийн тоглолтууд энэ сарын 8-нд эхэлж, 2026 оны гуравдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
Энэ улиралд Японы B.LEAGUE, Филиппиний PBA, Солонгосын KBL зэрэг лигийн шилдэг багууд оролцож байгаа тул өрсөлдөөн урьд өмнөхөөс илүү сонирхолтой, ширүүн өрнөх төлөвтэй байна.