Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэрэнпунцаг: Хохирогч хүүгийн ар гэрийнхэнтэй уулзсан. Эрүүл мэндийн төлбөрийг нь төлсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 16 секунд

Өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагт Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг.

Тодруулбал, иргэн С-г зодож гэмтээсэн хэрэгт “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нар холбогдож, өдгөө гадуур батлан даалтад шалгагдаж байгаа юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагаас тодрууллаа.

-Таны хүүхэдтэй холбоотой асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Та нар хангалттай хэвлэлээр гүжирдлээ. Үнэн мөнийг нь олох хэрэгтэй. Цагдаад бүх материал нь байгаа.

-Яг юуг нь худал гэж үзэж байгаа вэ?

-Худлаа, үнэн зөндөө мэдээлэл гаргасан. Мэдээж эцэг эхийн хувьд үр хүүхэддээ санаа тавина шүү дээ.

-Хохирогч хүүгийн ар гэртэй уулзсан уу?

-Хохирогч хүүгийн ар гэрийнхэнтэй уулзсан. Эрүүл мэндийн төлбөрийг нь төлсөн. Солонгост сайн эмнэлэгт хамарны хагалгаа хийлгээд ирсэн. Бид тэр асуудалд нь анхаарч байгаа. Хууль шүүхийн асуудал хуулийн шугамаараа шийдэгдэнэ.

-Та бүхэн хохирогч хүүд хилийн хориг тавих санал гаргасан гэсэн?

-Бид гаргаагүй. Мөрдөгч өөрөө гаргасан.

-Хохирогчийн аав "Та нарыг уулзахгүй байна. Уучлал гуйхгүй байна" гэж хэвлэлд мэдээлж байсан?

-Би Д.Дашзэвгийг танина. Уулзсан. Би очоод "28 настай, насанд хүрсэн залуучууд хоорондоо зодолджээ" гэдгийг хэлсэн. Зодолдсон шалтгааныг мөрдөн байцаалтад яваа учир би хэлэх боломжгүй. Найз охиныг нь оролдоод мессеж бичээд байсан гэж манай хүү хэлсэн. Тэр нь баримтаар байгаа гэсэн. Найз охиныг нь өдөр хоргоогоод байхаар ямар ч эр хүн дуртай байхгүй биздээ. Би хүүгээ зөвтгөөгүй. Эцгээс нь уучлал гуйгаад, эрүүл мэндийнх нь төлбөрийг нь төлсөн. Би хийгээгүй ч 28 настай хүүгийнхээ өмнөөс уучлал гуйсан.

-Та бүхнийг шүүхэд их нөлөөлж байна гээд байгаа?

-Яаж нөлөөлөх юм бэ. Харин ч намайг УИХ-ын гишүүн байсны төлөө хүүг маань 60 хоног шийтгээд гаргалаа. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой. Гишүүн байсан, бизнес хийдэг хүмүүсийн хүүхдүүд юм байна гээд хатуу шийтгэж болохгүй. Хууль ижил үйлчлэх хэрэгтэй. Ц.Цэрэнпунцагийн хүүхэд учраас хэлмэгдчихвий дээ, хатуудчихвий дээ гэж санаа зовж байна. Түүнээс бид хууль шүүхийнхэнд нөлөөлөөгүй. Хууль ижил тэгш үйлчлэх ёстой.

8 дүүрэг, 17 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдлээ
8 дүүрэг, 17 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдлээ
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.