Оюутолгойн зээлийн хүүд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ дээр энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар ТУЗ-ийн монгол талын гурван гишүүний нэг болох Э.Мэндтүвшинтэй ярилцлаа.
-Оюутолгойн зээлийн хүүг олон улсын жишигт нийцүүлж бууруулах ёстой гэх агуулгаар олон нийт нэлээдгүй санаа чилээж байна. 7 жилдээ нэг удаа олддог энэ боломж дуусахад тун бага хугацаа үлдээд байна. Таны хувьд ТУЗ-д ажиллаж буй гурван гишүүний нэг шүү дээ. Тэгэхээр монгол талын ТУЗ-ийн гишүүд энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа вэ гэдэгт мэдээлэл өгөхгүй юу?
-Миний хувьд 2024 оны 11 дүгээр сард монгол талын төлөөллөөр Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-д ажиллаж эхэлсэн. Ажиллаж эхэлснээс хойш хамгийн анхаарал татаж байсан асуудал нь Оюу Толгой компанийн Рио Тинто группээс авдаг зээлийн асуудал. Нийт 12 тэрбум ам.долларын зээл бий. Үүний тал нь үндсэн зээл, тал нь зээлийн хуримтлагдсан хүү юм. Ингэхдээ ногдол ашиг авахын тулд заавал зээлээ төлж дуусгасан байх нөхцөлийг үндсэн гэрээнд заасан. Өөрөөр хэлбэл, зээлээ бүрэн төлж дууссаны дараагаар Монгол Улс 34 хувийн ногдол ашгаа хүртэх асуудал хөндөгдөж эхэлнэ гэсэн үг юм. Тиймээс зээлээ хурдан төлж дуусгах нь нэн тэргүүний асуудал. Үүний гол арга зам нь хүүг бууруулах явдал. Хүүг бууруулж байж үндсэн төлбөрөө хурдан төлж дуусна гэсэн үг.
Гэрээн дээр 7 жил тутам гэх боломжийг тусгаж өгсөн байдаг. Энэ боломжоо бид ашиглаж Засгийн газрын холбогдох ажлын хэсэг хэлэлцээрт Рио Тинто талтай хийх хэрэгтэй.
Гэхдээ ямар ч гэрээнд талууд гэрээний зүйл заалт дээр тусгасан эсэхээс үл хамааран хоорондоо ярилцаад гэрээндээ өөрчлөлт оруулж болно. Бид заавал 7 жил хүлээх ч хэрэггүй. Оюутолгойн санхүүжилтийн нөхцөл байдал, олон улсын зах зээлийн сунгасан гарын зарчимтай нийцэхгүй байна гэж үзвэл нөгөө талд бид шаардлага тавьж, зээлийн хүүг бууруулах ёстой.
ОТ ТУЗ-ийн гишүүний хувиар хоёр шаардлага хүргүүлсэн байгаа. Нэгт, Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын багт нэн даруй компанийн өрийн зохистой байдлыг хангаж, өрийн дарамт болон зээлийн хүүг буруулах тал дээр арга хэмжээ авах талаар шаардлага хүргүүлсэн.
Хоёрт тус гүйцэтгэх удирдлагын багт болон Рио Тинтогийн талд энэ удаагийн цикл дээр зээлийн хүүгийн асуудлыг шийдэх шаардлага хүргүүлсэн. 2018 он шиг “цаг дууссан” шалтгаанаар дуусгавар болгохгүй, энэ удаа заавал үр дүн гарга гэсэн шаардлага тавьсан.
Зээлийн хүүг бууруулах маш олон нөхцөл бүрдээд байна. Хамгийн түрүүнд Монгол Улсын макро түвшинд аваад үзье. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хараад үзвэл анх зээл авсан үеэс сайжирсан байгаа. Хоёрдугаарт, Оюу Толгой компанийн гаргадаг бүтээгдэхүүн бол алт болон зэс. Алт, зэсийн үнэ өнгөрсөн жилүүдэд ямар үнэтэй байсныг олон нийт мэдэж байгаа байх. Тэгвэл алт, зэсийн үнэ цэн өсөж байгаа нөхцөлд зээлийн хүүг бууруулах шаардлагыг тавих нь зөв.
Гуравдугаарт, Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт энэ жилдээ дуусаж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах үед бидний олборлолтын чадвар дээд хэмжээндээ хүрэх боломжтой. Ойрын жилүүдэд бид олборлолтоороо дэлхийн 4-т багтах зэсийн компани болох нөхцөл бүрдсэн.
Дөрөвт, Монголд улс гаднаас ямар хүүтэй долларын эх үүсвэр татаж байна вэ гээд харах юм бол, ЗГ-ын түвшинд 5-6 хувийн хүү, хувийн хэвшлийн компаниуд ойролцоогоор 7-8 хувийн хүүтэй зээл татах боломж бүрдсэн байгаа. Тэгэхээр Оюу Толгой компани өөрийн хамаарал бүхий Рио Тинто компаниас 11 хувийн хүүтэй зээл авч байгаа нь зах зээлийн зарчимд нийцэхгүй байна. Тиймээс энэ чиглэлд бид яаралтай арга хэмжээ авах ёстой. Үүнд зөвхөн ТУЗ-өөс гэлтгүй Засгийн газар, УИХ-аас ийнхүү дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад талархаж байгаа.
-Тус компанийн ТУЗ дээр өнөөдрийн байдлаар монгол талаас гурван гишүүн ажиллаж байгаа юм байна. Та бүхний чадамж ТУЗ дээр хэр байна вэ. Монгол талын гишүүдийг сонсдоггүй, олонхын саналаар хүч түрээд явчихдаг. Үүнээс нь болоод менежментийн баг нь хүртэл МУ-ын Засгийн газрыг сонсдоггүй гэх асуудлыг ЗГХЭГ-ын дарга хүртэл чуулганы үеэр гаргаж тавьсан байдаг. Үнэхээр ийм нөхцөл байдал байна уу. Нөгөөтээгүүр зээлийн хүүг бууруулах асуудлыг ТУЗ дээр хөндөхөд нөгөө талын гишүүд ямар байр сууринаас хандаж байна?
-ЗГХЭГ-ын дарга чуулганы үеэр хэлсэн үг бол яг өнөөгийн бодит байдал билээ. Оюутолгойд яагаад ийм олон жил хуримтлагдсан асуудлууд байгаад байдаг юм бэ, яагаад МУ-ын тавьсан шаардлага биелэгддэггүй юм бэ гэх асуудал нь өөрөө зүй ёсных.
ТУЗ-ийн одоогийн бүтэц нь 3:6 гэсэн харьцаатай байгаа. Рио Тинто талын зургаа, монгол талын гурван гишүүн ажилладаг. Энэ нөхцөлөөрөө нөгөө тал давамгайлсан эрхээр бүх асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Монгол талын гурван гишүүн эсэргүүцсэн эсхүл өөр санал оруулсан байсан ч асуудалд бодитоор нөлөөлөх бүтэц механизм нь байхгүй.
Яагаад ийм нөхцөл үүсэв гээд харвал, өмнө Оюу Толгой компани гурван хувьцаа эзэмшигчтэй байсан. Энэ компанийг Рио Тинто компани худалдан авч, өөрийн охин компани болгосон. Ингэснээр ТУЗ дээр байсан 3:3:3 гэсэн харьцаа 3:6 болж өөрчлөгдсөн. 6 гишүүнийг цэвэр Рио Тинто талаас томилдог бүтэц үүссэн. Засаглалын түвшинд ТУЗ дээр тодорхой санал шийдвэрт нөлөөлөх боломж байхгүй учраас бидний одоо ярьж буй асуудлууд цаашид ч үргэлжилсээр л байх болно.
Нэмж хэлэхэд, ОТ компанийн гүйцэтгэх удирдлагын баг ТУЗ-д ажлын гүйцэтгэлээ танилцуулдаггүй. ТУЗ-ийн зүгээс ч ажлын гүйцэтгэл дээр дүгнэлт хийх тогтолцоо байхгүй байна, зөвхөн Рио талдаа тайлагнаж, үнэлгээ авдаг. Саяхан гүйцэтгэх захирал солигдож байгаа талаар Монгол тал олон нийттэй адилхан тэр өдөр нь л мэдсэн, урьдчилж ТУЗ-ийн 3 гишүүнтэй огт яриагүй.
Та бодоод үз дээ. Гүйцэтгэх захирал хэмээх энэ чухал албан тушаалд өөрчлөлт орж байгаа талаар хамтрагч талдаа урьдчилаад болтугай хэлээгүй байна. Энэ бол монголын талтай ил тод байдлаар хамтран ажиллах зарчимтай нийцэхгүй явдал бөгөөд илт үл хүндэтгэсэн үйлдэл.
Энэ асуудалд мөн адил шийдэл гаргах ёстой. Цаашид бид яаж монгол талын эрх ашгийг хамгаалдаг, монголын дуу хоолойг сонсдог ТУЗ-ийг бий болгох вэ гэдэг дээр анхаарах ёстой.
Тиймээс бидний зүгээс хараат бус гишүүн байх ёстой гэх саналыг тавьсан. Зөвхөн Рио Тинто гэх группийн түвшинд харвал, өөрөө 14 хараат бус гишүүнийг ТУЗ дээрээ ажиллуулдаг. Гэтэл Оюу Толгой ХХК дээр хараат бус гишүүн ажиллуулах хүсэлгүй байдаг. Энэ асуудалд бид шаардлагаа тавих ёстой.
Нөгөөтээгүүр, асуудлуудаа монгол талын оролцоотой буюу монгол талын гишүүдийн дэмжлэгтэйгээр шийддэг байхад санал авах механизмыг бүрдүүлэх ёстой. Хэрэв монголын гурван гишүүн дэмжихгүй тохиолдолд, санал баталдаггүй эсхүл тухайн асуудлыг дундын зарчмаар шийдэх боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ нь Монгол Улсын дуу хоолойг тусгах маш том механизм гэж харж байгаа.
-Зээлээ бүрэн төлж дууссаны дараа ногдол ашиг олгоно гэдэг нь олон улсын практикт нийцэхгүй зарчим-

-Энэ цикл дээр бид заавал хэлцэлд орж үр дүнд хүрье гэх агуулга бүхий шаардлагад тань Рио Тинто компаниас хариу байр суурь илэрхийлсэн үү?
-ТУЗ-ийн гишүүний үүднээс "7 жил гэх нөхцөлд баригдахгүй байя, он дуусаад ч юм уу хугацаа дууссан гэдэг шалтгаанаар эл асуудлыг хаахгүй. Зээлийн асуудлыг энэ цикл дээрээ шийдээд үр дүнд хүрэх тал дээр амлалт өгөөч" гэх агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн гэж ярсан. Үүн дээр Рио Тинто хариу өгөөгүй байгаа. 2018 онд энэ асуудал яригдаж байсан ч хугацаа дууссан гэдэг байдлаар шийдвэрлэгдэлгүй хаагдсан.
Тэгэхээр бид 7 жил гэх цаг хугацаанд баригдахгүйгээр Монгол Улсад үр ашиггүй байгаа, олон улсын зах зээлийн зарчимд нийцэхгүй байгаа зүйлийг залруулж, зөв шийдэлд хүрэх нь үр өгөөжөө тэгш хуваарилахын хамгийн эхний алхам.
-Энэ ондоо багтаад зээлийн хүүгээ бууруулахгүй бол монголчуудын ногдол ашиг хүртэх жил нь 10 гаруй жилийн дараа байгаа шүү дээ. Монгол Улс өдөрт 10 тэрбум төгрөгийн хүүг төлж байна. Энэ тал дээр ТУЗ ямар байр сууринаас хандаж байна?
-Нарийн тоо гэхээсээ илүү үндсэн зарчмын байр суурь хэлье. Монгол Улсын Засгийн Газрын үндсэн зарчим бол ЗГ гадаадын хөрөнгө оруулагч нартай нээлттэй, харилцан ашигтай, итгэлцлийн суурин дээр хамтран ажиллахыг тууштай баримтална гэдгийг тодорхой илэрхийлсэн байгаа.
Харин Монгол Улсын ЗГ-ын төлөөллийг үл хүндэтгэж, бидний санал хүсэлтийг авч үздэггүй гадаадын хөрөнгө оруулагч байж болохгүй. Гадаадын том компанитай хамтарч бүтээж буй том төсөл гэдгийг ойлгож байгаа. Энд цаг хугацаа, хөрөнгө мөнгө мэдээж хэрэгтэй. Гэхдээ нэг тал нь ашгаа санхүүгийн механизмаар авдаг, монгол тал нь хэзээ ашиг авах нь тодорхойгүй үргэлжилж болохгүй.
Өнөөдрийн хурлаар монгол талаас аль нэг гадаадын том компанийг эсвэл төслийг харлуулах зорилго бол байхгүй гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд болсон алдааг засаж, ирээдүй рүү харсан ажиллаа хийх нь зүйтэй. Бид ОТ дээр хэрхэн Монгол Улсад ашигтай ажиллах нөхцөл болон эрх зүйн механизмыг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй. ОТ бол 100 жил явах төсөл. Монгол Улсад 100 жил үр өгөөжээ өгөх боломжто. Тэр бүтэц, механизм бүрдүүлж, үүнээс үр өгөөж авч, мөн цааш цаашдаа дараагийн том төсөл олох дээр анхаарч, тухайн төслийн хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах нөхцөлөө бүрдүүлж, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах бүтэц байх хэрэгтэй.
-Онтрэгийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аас тогтоох нь зүйтэй-
-Оюутолгойн төслийн талбайд хоёр ч лиценз эзэмшиж буй "Онтрэ гоулд" ХХК-тай Монгол Улсын Засгийн газар хэлцэлд орох асуудал багагүй хугацаанд яригдлаа. Энэ чиглэл дэх асуудал ТУЗ дээр яригдсан уу?
-Энэ асуудлыг намайг ТУЗ-д орохоос өмнө олон жил ярьж ирсэн байдаг. Онтрэгийн эзэмшиж буй хоёр лицензийг стратегийн орд гэдэг байдлаар тодорхойлсон байгаа. Энэ ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аас тогтоох нь зүйтэй гэж харж байгаа. Төрийн эзэмшлийг тогтоосны дараа нөгөө талтай гэрээ хэлцэлд орох зарчмаар явах ёстой. Түүнээс биш ТУЗ дээр энэ асуудлыг Рио Тинтогоос оруулж ирж, улмаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд Монгол Улсын стратегийн ордын төрийн эзэмшлийг тогтооно гэдэг зохицуулалт байхгүй. Энэ бол хуулиас хэтэрсэн асуудал.
Тэгэхээр үүнийг Рио талаас ТУЗ дээр хүчин түрэн оруулахаас илүү УИХ-ын түвшинд аваачиж олон нийтэд ил тод байдлаар мэдээлэл өгч байж шийдэх нь зүйтэй.
-Оюутолгой дээр монгол талаас дуу хоолой болж ажиллаж буй хүний хувьд танд өөр анхааруулах ямар асуудал байна вэ?
-Оюутолгой дээр нэг зүйлийг бид ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй байна. Оюутолгой төсөл маш сайн явж байгаа төсөл. Энэхүү төсөлд 17 мянган залуучууд ажиллаж байгаагийн 97 хувь нь монгол залуус. Эдгээр залуучууд нь яг бодит бүтээн байгуулалт, тэсэлгээ, олборлолт, баяжуулдагт, судалгаа гэх мэт уурхайн бүхий л нарийн ажлууд дээр ажилладаг мундаг боловсон хүчин. Маш сайн ажиллаж байгаа. Зөвхөн монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх боловсон хүчин болсон. Тэднээр бид бахархах ёстой, үнэлэх ёстой. Нөгөөтээгүүр, өнөөдрийн бид нарын энд болон УИХ-д ярж буй олон асуудлууд бол цэвэр хувьцаа эзэмшигчид хооронд үүсэж байгаа асуудлууд юм. Эдгээр асуудлуудаас болж ОТ залуусын ажлыг үгүйсгэж, ямар нэгэн байдлаар үнэгүйдүүлж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн яригдаж буй үндсэн асуудал нь үр өгөөжийг хэрхэн тэгш хуваарилах вэ гэдэг асуудал байдаг. Үр өгөөжийг хуваарилах тал дээр бид үндсэн ОТ тогтолцоо болон засаглалыг хэрхэн тэнцвэртэй, ил тод, үр бүтээмжтэй, хамтран ашигтай болгох суурь асуудал дээр анхаарах нь зүйтэй байна.
Ярилцсанд баярлалаа