БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар уулзлаа.
Уулзалт хоёр улсын Ерөнхийлөгч нарын дотно ярианы үргэлжлэл болсон бөгөөд Солонгосын тал Монголд төрийн айлчлал хийх урилгыг хүлээн авлаа. Өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс БНСУ-аас 1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авсан. Цаашид энэ хамтын ажиллагааг өргөжүүлж, “Хавдар судлалын эмнэлэг-2” зэрэг иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн талууд чухал ашигт малтмал, ховор элементийн хайгуулын чиглэлээр хамтран ажиллаж, хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах шийдвэр гаргалаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд эрүүл ахуй, ургамлын стандартыг нутагшуулах, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифт хөнгөлөлтөд хамрагдах барааны 90 гаруй хувийг чөлөөлөхөөр тохиролцсон байна.
Гэхдээ Монголын гол экспортын бүтээгдэхүүн болох ноолуур, мах, махан бүтээгдэхүүн одоогоор ангилалд хараахан ороогүй байгаа тул цаашид энэ асуудлыг дахин ярилцаж, Монголын үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болгохоор тохирсон байна.