
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) эрэгтэй шигшээ багуудын шинэчилсэн чансааг зарлалаа. Энэхүү шинэчлэгдсэн чансаа нь зөвхөн олимп, дэлхийн аварга бус, бусад тивийн тэмцээнүүдийн дүнгээр томоохон өөрчлөлт гарснаараа онцлогтой.
АНУ дэлхийн эрэгтэй сагсан бөмбөгийн чансааг тэргүүлсэн хэвээр. Парис 2024 олимпын алтан медальт АНУ-ын шигшээ энэ жил Бразилд болсон “FIBA AmeriCup 2025” тэмцээнд хүрэл медаль хүртсэн ч дэлхийн чансааны нэгдүгээр байраа хадгалан үлдлээ.
Харин 2023 онд дэлхийн аварга болсон Германы шигшээ баг EuroBasket 2025-д түрүүлснээр дэлхийн чансаанд хоёрдугаарт жагслаа. Тэдний ялалт нь сүүлийн жилүүдэд дэлхийн сагсан бөмбөгт Германы шигшээ баг хүч түрэн гарч ирснийг батлав.
Мөн сагсан бөмбөгийн өлгий нутаг гэгддэг Серби Улсын шигшээ баг EuroBasket 2025-д хүрэл медаль хүртсэн бөгөөд Германд чансаагаа алдан гурав руу уналаа. Гэсэн ч Балканы баг сүүлийн жилүүдэд тогтвортой өндөр амжилт үзүүлсээр байгаа юм.
Францын шигшээ тивийн тэмцээнд эрт мултарсан ч тэд дэлхийн топ багуудын нэг хэвээр. Саяхан болсон EuroBasket 2025-ын шөвгийн наймд шалгарч хангалтгүй амжилт үзүүлсэн Францын шигшээ баг өөрийн дөрөвдүгээр байраа хадгалж үлдэв.
Дэлхийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн чансаанд Тогтвортой ахиц үзүүлж буй Канадын шигшээ баг “AmeriCup 2025”-ын дөрөвдүгээр байрт орсон ч нэг байр урагшилж тавдугаарт жагслаа. NBA тоглогчдын суурьтай Канадын баг ирэх жилүүдэд улам аюултай өрсөлдөгч болохыг шинжээчид онцлоод байгаа юм.
Харин энэ удаагийн чансааны хамгийн том “сюрприз” бол Туркийн шигшээ баг байлаа. Тэд EuroBasket 2025-ын финалд 2001 оноос хойш анх удаа шалгарч, чансаагаар 15 байр урагшилж, хамгийн их ахиц гаргасан баг болжээ. Ингэснээр Туркийн сагсан бөмбөг дахин сэргэж буйг энэ амжилт харуулж байна.
Шинэчилсэн чансаа нь дэлхийн сагсан бөмбөгийн өрсөлдөөн улам ширүүсэж, улам олон багууд топ-10 руу тэмүүлэх болсныг харууллаа. Америк тивийн багууд тогтвортой өндөр амжилт үзүүлж байгаа бол Европт шинэ хүчирхэг өрсөлдөгчид болох Герман, Турк гэх мэт багууд тодрон гарч ирж байна.
Э.Ариунтөгс