Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжилтэн: Импортоор нэмэлт эрчим хүч авъя гээд ч шугам сүлжээ дийлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 6 секунд

Засгийн газрын шийдвэрээр энэ оны 12-р сарын 1-ээс ирэх оны 7-р сарын 1-нийг хүртэл иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг гаргасан өдөр /2020.12.13/ улс даяар цахилгаан зарцуулалтын хэрэглээ 20 орчим хувиар эрс нэмэгдэж эрчим хүчний салбарт хүндрэл үүссэн талаар мэдээлсэн.

Зарим мэргэжилтнүүдийн зүгээс 2011 онд төслийн ажил нь эхэлсэн ч өнөө хүртэл баригдалгүй төсөл нь цуцлагдсан "ДЦС-5" баригдсан бол өнөөдрийн энэ хүнд байдалд орохгүй байсан талаар сануулж буй.

 

Хэт их цахилгааны хэрэглээнээс үүдэн эвдрэл, гэмтэл гарч эхэлсэн бөгөөд Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тоног төхөөрөмжүүд тооцсон хүчин чадлын хэмжээгээр ажилладаг тул тэр хэмжээ хэтэрвэл хязгаарлалтад орох, цахилгаан тасрах зэрэг эрсдэл учирч болзошгүй талаар мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийн талаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн цахилгаан техникийн салбарын багш М.Баттулга (Ph.D)-тай ярилцлаа.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн цахилгаан техникийн салбарын багш М.Баттулга (Ph.D) 2020.12.15 14:32 Гэрэл зургийг: С.Хонгорзул

Иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулааны мөнгийг төрөөс төлөхөөр болсон нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Энэ шийдвэр эрчим хүчний салбарын хүмүүст хүндрэлтэй шийдвэр болсон. Учир нь манай эрчим хүчний эх үүсвэрийн асуудал хүндрэлтэй байдаг. Монгол улсын хувьд өвлийн улиралд буюу оргил ачааллын үед ачааллаа дааж чаддаггүй учраас импортын эрчим хүч авч хэрэглэдэг. Гэтэл тэрхүү импортын эрчим хүч нь тодорхой хэмжээтэй. Илүү ихийг импортоор авъя гэсэн ч манай шугам сүлжээ дийлэхгүй.

Үүний үр дүнд улс даяар ямар ч тог цахилгаангүй болох ч аюултай. Хамгийн түрүүнд тулгарч буй асуудал бол шугам сүлжээ ачааллаа дийлэхгүй байна. Гэр хороололын айлуудын дупе шатсан. Энэ маягаараа үргэлжилбэл үүнээс ч илүү ноцтой аюул тулгарах эрсдэлтэй. Мөн огцом цахилгааны хэрэглээ ихэссэнээс үүдэн манай хуучирсан тоног төхөөрөмжүүд "0 зогсолт"-д хүргэх аюултай. Магадгүй тэр хөрөнгө оруулалтаар иргэдийн цахилгааны төлбөрийг төлөхийн оронд эрчим хүчний салбарын хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэн сольж тавьсан бол салбарынхан болоод ард иргэддээ илүү хүртээмжтэй шийдвэр болох байсан болов уу.

Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжүүд өнөө үед ашиглахад хэт хуучирсан гэж үү?

-Манай тоног төхөөрөмжүүдийн насжилт эхнээсээ дуусаж байгаа. Тэр дундаа гэр хорооллын айл өрхүүдийн түгээх трансматорууд байнга ачаалал нь хэтэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл 100 кг даах чадалтай хүн 110 кг ачаа үүрээд яваад байгаатай адил. Үүнээс үүдэн механик хуучралт үүсэх буюу 10 жил ажиллах байсан төхөөрөмж 5 жил ажиллаад гэмтэл учрах магадлалтай.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн цахилгаан техникийн салбарын багш М.Баттулга (Ph.D) 2020.12.15 14:34 Гэрэл зургийг: С.Хонгорзул

Үүнээс үүдэн өнөө маргаашаа энэ маягаар аргацааж болох ч цаашдаа гол тоног төхөөмжүүдэд маш том хохирол учруулж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Огцом ачааллаас болж тоног төхөөрөмжүүдийн насжилт багасаж байна. Жишээ нь нурууны бэртэлтэй хүн гэнэт огцом хүнд ачаа өргөөд нуруугаа өвтгөхөд эмчлүүлээд маргааш нь зүгээр болдоггүй шүү дээ.

Эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх замаар ямар зохицуулалт хийсэн бол хүндрэл багатай байсан бэ?

-Хязгаар тогтоох хэрэгтэй байсан. Жишээ нь гэр хорооллын иргэдийг 150 кВт хөнгөлсөн байдаг. Үүн дээр нэмээд дахин 150 кВт хөнгөлөөд түүнээс хэтрүүлбэл цахилгааны төлбөрөө төлөх байдлаар шийдсэн бол үр ашигтай. Иргэд тэрхүү хөнгөлүүлсэн хэрэглээ дотроо цахилгааны хэрэглээгээ зохицуулах байсан.

Иргэдэд хандаж юуг зөвлөх вэ?

-Иргэд эрчим хүчний салбараа элгээр нь хэвтүүлэхгүй байхын тулд цахилгаанаа хэмнэх хэрэгтэй. Тухайлбал

  • Ухаалаг цахилгаан тоног төхөөрөмж хэрэглэх
  • Оргил ачааллын үед буюу 17:00-21:00 цагийн хооронд аль болох хэрэглээгүй, шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгах
  • Карентиний үед оройн хоолоо эрт хийж идвэл нэгдүгээрт эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулна, хоёрдугаарт өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт оруулна шүү дээ.

Ярилцсан: Б.Амарбаясгалан

www.ubn.mn 

Түргийн Билгэ хааны хосгүй үнэт алтан титэм
Түргийн Билгэ хааны хосгүй үнэт алтан титэм
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.