Ховд аймгийн Мянгад суман дахь Халзанбүрэгтэй төслийн талаарх хяналтын сонсгол энэ сарын 23-нд зохион байгуулагдах гэж байна. Сонсголын бэлтгэл ажил болон бусад цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатартай ярилцлаа.
-Тун удахгүй явагдах Халзанбүрэгтэй төслийн талаарх хяналтын сонсголыг та даргална. Сонсголын бэлтгэл ажил хангагдсан уу, хэчнээн хүн оролцохоор байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд хайгуулж хийж буй аж ахуйн нэгж, Ховд аймгийн удирдлагуудтай, холбогдох ТББ-ууд, сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, саналыг нь сонссон. Газрын ховор элементийн олборлолт өмнө нь Монгол Улсад хийгдэж байгаагүй. Энэ бол анхных. Тэгэхээр газрын ховор элемент гэж яг юу юм бэ гэдгээс асуудал эхэлнэ.
Менделеевийн үелэх системийн 17 элементийг газрын ховор элементэд хамааруулдаг. Эдгээрийн дөрөв нь тухайн Халзанбүрэгтэйн ордод байдаг нь тогтоогдсон. Бид үүнийг тал талаас нь судлах ёстой. Шинжээч нар томилогдон ажиллаж байна.
Сонсгол нэг өдрийн турш зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар заалны багтаамжаас хамаараад 130-140 орчим хүн оролцоно гэсэн тооцоолол гараад байна. Үүнд төрийн байгууллагууд, төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, шинжээч болон иргэдийн төлөөлөл багтсан.
Сонсголын үр дүнд нь юу юм бэ гэхээр, газрын ховор элементийн талаар иргэд ямар ойлголттой байгаа юм бэ, байгаль орчинд ямар нөлөөтэй юм бэ, үүнийг олборлосноор ямар үр дүнд хүрэх вэ гэсэн хүрээнд асуудал ярих болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
-Хяналтын сонсгол зохион байгуулснаар ямар үр дүнд хүрнэ гэж харж байгаа вэ?
-Нүүрс, зэс, алтны талаар Монгол Улсын иргэд тодорхой мэдээлэлтэй байдаг. Газрын ховор элементийн талаар мэдлэг хомс юм билээ. Магадгүй сөрөг мэдээллээр түлхүү хангагдсан байдаг болов уу. Тиймээс бид үнэн зөв мэдээлэлтэй байх ёстой.
Харин ямар нэг үр дүнгийн талаар хувь хүний байр суурь илэрхийлэх нь зохимжгүй гэж үзэж байна.
-Монгол Улс нүүрсний орлогоос эдийн засгаа голлон төвлөрүүлж байна. Өөр нэг вариант нь энэхүү газрын ховор элемент. Та газрын ховор элементийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Би хувь хүний байр суурь илэрхийлэх нь энэ цаг үед зохимжгүй болов уу гэж бодож байна. Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт илүү чухал.
Бид эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьж байгаа. Ганцхан нүүрснээс манай улсын эдийн засаг бүрдээд байна гэдэг. Өнөөдөр иргэдийн амьдрал, тэтгэвэр тэтгэмж, цалин ямар байгаа билээ. Тиймээс эдийн засгаа тэлэхийн тулд хоёр боломж бий.
Нэгдүгээрт, уул уурхайн чиглэлийн асуудлууд байна. Дараа нь хөдөө аж ахуй буюу малын түүхий эд, төмс хүнсний ногоо, улаанбуудай юм.
-“Ерөнхий сайд нь намын даргаар ажиллана” гэсэн нэг ч үг үсэг байхгүй-
-Та МАН-ын Хяналтын хорооны дарга учраас асуухад, сүүлийн өдрүүдэд үүсээд буй намын даргын сунгаанд ямар байр суурьтай байгаа вэ. Ерөнхий сайд гэдэг утгаараа Г.Занданшатар намын даргаар ажиллах ёстой юм уу, сонгуульд ялалт байгуулсан учраас Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах ёстой юм уу?
-МАН-ын дүрэмд юу гэж тусгасан байдаг вэ гэхээр “Сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж л байдаг. Харин “Ерөнхий сайд нь намын даргаар ажиллана” гэсэн нэг ч үг үсэг байхгүй.
Саяхны жишээнүүдээс ярихад, М.Энхболд намын даргаар ажиллаж байхдаа сонгуульд ялалт байгуулсан ч өөрөө Ерөнхий сайд болоогүй. Мөн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа намын дарга байгаагүй.
Тэгэхээр улс төрийн намын нэг үнэт зүйл бол дотоод ардчилал. Өнөөдөр намын гишүүн хэн ч байсан өөрийгөө намын удирдах албан тушаалд дэвшүүлэх эрх нь нээлттэй.
Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Намын удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлж болно. Нэрээ дэвшүүлсэн хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэж байгаа. Бодлогын сайхан өрсөлдөөн явагдах ёстой. Бид өрсөлдөөний боломжийг илүү сайн нээж өгөх хэрэгтэй.
Дахиад жишээ хэлэхэд, М.Энхболдыг намын даргад өрсөлдөж байхад нь Т.Аюурсайхан нэр дэвшин өрсөлдөж байлаа. У.Хүрэлсүхийг намын даргад өрсөлдөж байхад Бүлгийн дарга байсан Д.Хаянхярваа өрсөлдөж байсан.
Үндсэн хуулийн хамгийн гол заалт нь юу вэ гэхээр “УИХ-ын сонгуульд олонх болсон улс төрийн нам Ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшүүлнэ” гэж байгаа. Өнөөдрийн жишээг харахад, Ерөнхий сайд Г.Занданшатар намын дарга биш ч Засаг бүрдүүлэх эрх нь МАН-д байгаа учраас хүнээ дэвшүүлээд Ерөнхий сайд болгож байна.
Бид асуудлыг зарчмын талаас харж ярих ёстой болохоос Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гэдэг байдлаар харж болохгүй.
-Нэр бүхий албан тушаалтныг саатуулж, өрөөнд нь нэгжлэг хийсэн нь өнгөрсөн хугацаанд болж байгаагүй зүйл-
-Мөн сүүлийн өдрүүдэд олны анхааралд орсон асуудал бол МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг саатуулсан явдал. Энэ асуудлыг танай намын Хяналтын хороо хэлэлцсэн үү?
-Ер нь нам асуудлаа дотооддоо хэлэлцдэг байх ёстой. Улс төрийн нам нь дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулдаг. Энэ хурлаар намын даргаа сонгож, дүрмээ өөрчилж мөн хяналтын байгууллага зэргээ сонгодог.
Монгол ардын нам 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд 30 дахь Их хурлаа хийсэн бол энэ онд 31 дэх Их хурлаа хийнэ. Ингэхээр мэдээж, намын даргын өрсөлдөөн бий болж байгаа. Үүнтэй уялдуулаад сүүлийн үед хууль хяналтын байгууллагаар далайлгаж асуудалд хандаж байна гэсэн асуудал нийгэмд нэлээн тархсан. Манай намын 300 мянга гаруй гишүүн дунд буруу, зөв ойлголтууд ч гарч байна.
МАН-ын Төв байранд хууль хяналтын байгууллагын төлөөлөл очиж, нэр бүхий албан тушаалтныг саатуулж, өрөөнд нь нэгжлэг хийнэ гэдэг бол өнгөрсөн хугацаанд болж байгаагүй зүйл болсон. Тэгэхээр энэ асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн дүгнэлтээ гаргах ёстой гэсэн чиглэлийг өгсөн.
-Намын Их хурлаа хуралдуулахгүй хугацаа алдаж буйг та юу гэж харж байгаа вэ. Танай намын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар нэг байр суурь илэрхийлсэн болов уу?
-Манай намын Удирдах зөвлөлийг Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ахалдаг. Тэгэхээр Ерөнхий нарийн бичгийн дарга УЗ-ийн хурлаа зарлаж хуралдуулах ёстой. Хурлаараа түрүүн хэлсэнчлэн, улс төрийн дүгнэлтээ гаргаж, эв нэгдлийг хангаж ажиллах талаар тодорхой алхам хий. Дараагийн шатны хурлаа хий гэсэн чиглэлүүдийг өгсөн. Тиймээс энэ долоо хоногоос хуралдаад эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Ярилцсанд баярлалаа.