
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарч байв.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарыг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Харин 16 настай талийгаач охины ээж "Уг хэргийг үнэн зөвөөр шийдэхэд та нарын тусламж надад хэрэгтэй байна" хэмээн цахим хуудастаа нийтэлснээр уг хэрэг олон нийтийн анхаарлын төвд ороод байна.
Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэл "Хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, нотлох баримт хангалттай байгаа хэргүүдийг түргэн шуурхай шийдэхэд анхаарах ёстой. Олны нүдэн дээр гарсан хэрэг утаа болдог, замхардаг тохиолдол байна шүү дээ" гэх байр суурийг илэрхийллээ.