
Энэ оны нэгдүгээр сарын 11-нд Сүхбаатарын талбайд "Засгийн газар огцор" жагсаал болсон. Уг "Жагсаалыг Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис санхүүжүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, түүний мэдэгдлийн дараахан тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж, Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Харин шүүх өнгөрөгч 7 хоногт эл хэргийг хэлэлцээд Р.Чингисийг ажлаас болон төрийн албанаас чөлөөлсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалууд хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож, Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд буцаан томилохыг сайдад нь даалгасан байдаг.
Мөн тухайн ажилгүй үеийн цалинг нь хууль бус шийдвэр гаргасан хүн нь төлөх ёстой. Энэ дагуу ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэл генерал Р.Чингисийн ажилгүй байсан хугацааны 26 сая гаруй төгрөгийг төлөх болоод буй.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэлээс тодруулахад "Хэрвээ Р.Чингис генералыг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль бус байвал би хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан. Хүчин төгөлдөр болвол би цалингийн асуудлыг хариуцах ёстой" хэмээлээ.