Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэнгүүн: Цахилгааны үнийг нэмснээр 550 гаруй тэрбум төгрөг цугларсан ч зарцуулалт нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
9 минут 27 секунд

Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал болон салбарын реформын талаар хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийн үр дүн, салбарын тулгамдсан асуудлуудын талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.

-Энэхүү хэлэлцүүлгийн зорилго, үр дүн нь юу байв. Ямар чухал болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв?

-Эрчим хүчний реформ эхэллээ гээд маш сүржин эхэлсэн. Гэтэл үнэ нэмснээс өөр юу өөрчлөгдсөн юм бэ гэхээр юу ч өөрчлөгдсөнгүй. “ТЭЦ-3”-ын дэлбэрэлт болчхоод байхад, өвөл Улаанбаатар хот хөлдөх юм уу, үгүй юу гэдэг асуулт хэн бүхний толгойд бий болж байна. Тэгэхээр эрчим хүчний дэмжих бүлэг буюу УИХ-ын 103 гишүүн байгаа. Энэ бүлгээс өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нэг талдаа Эрчим хүчний хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж буй Ажлын хэсэг байгаа бол нөгөө талаас Эрчим хүчний яам ажиллаж байгаа. Мөн өмнө нь Эрчим хүчний реформыг дэмжих Үндэсний хороо гэж байсан. Гэтэл энэ дунд ТӨК-иудын 66 хувийг “Эрчист Монгол” компанийг байгуулаад шилжүүлсэн. Энэ процессууд үргэлжлэх дунд хаана шийдвэр нь гараад байгаа нь ойлгомжгүй байсан учраас УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс би асууж байсан.

Дээрх асуудалд Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд л шийдвэр гаргах ёстой учраас одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарт ямар үзэл баримтлалаар хандах вэ гэдгийг асууж байгаа. Чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрчим хүчний салбарын лебралчлалыг үргэлжлүүлнэ” гэж хэлсэн. Хэрвээ үнэхээр үргэлжлүүлэх гэж байгаа бол хуулийн үзэл баримтлал дээр чөлөөт өрсөлдөөний загварыг баримтлах ёстой.

Жилийн өмнөх байдлыг эргээд яривал, эрчим хүчний салбарынхан нь өөрсдөө “Төрд л энэ салбар байх ёстой” гэж харж байсан бол иргэд нь “Төрөөс л эрчим хүчний үнэ тарифыг зохицуулах ёстой” гэж ойлгодог байлаа. Харин өнөөдөр яаж өөрчлөгдөж байна вэ гэхээр, эрчим хүчний салбарынхан “Бид өрсөлдөөнт зах зээл рүү орох ёстой юм байна” гэдгийг харж байна.

Энэ ч утгаараа эрчим хүчний реформ цаашдаа үргэлжилнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй өөрчлөлтүүд бий болж байна. Нөгөө талдаа хууль боловсруулах нь тийм ч хурдан байдаггүй. Маш олон талууд болон салбарынхан нь идэвхтэйгээр оролцож буйд баяртай байгаа.

-Янз бүрийн бичиг цаасаар хөрөнгө оруулагчдыг гацаадаг хүнд суртлаа больё-

-Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбар ингэтлээ доройтсон нь хөрөнгө оруулалт дутуу, янз бүрийн улстөржсөн шийдвэр гарч байсантай холбоотой гэж ярьцгаадаг. Тэгвэл цаашид энэ салбар зөв хөгжихийн тулд ямар бодлоготой байх нь зөв гэж үзэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд төр л бүх шийдвэрийг гаргаж ирсэн. Төр эрчим хүч үйлдвэрлэж дамжуулаад, зарж байсан. Тэгвэл өнөөдөр бид “Энэ салбарт төр оролцохоо болиод өгөөч ээ” гэдэг шийдэл байна. Янз бүрийн тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ гэх мэт бичиг цаасаар энгийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг 2-5 жилээр гацаадаг хүнд суртлаа больё. Тэгвэл хэн хаанаас ямар эрчим хүч авахаа өөрсдөө шийддэг болох эрх чөлөөг нь иргэдэдээ олгоод өгье. Ингэснээр үнэ чөлөөлөлт явагдаж, хямдхан эрчим хүчний эх үүсвэртэй болно. Эсрэгээрээ, улсаас үнэ тогтоогоод, үнэ нэмээд байж болохгүй.

Тодорхой судалгаанаас харахад, цахилгаан станцуудад ажиллаж буй захиргааны ажилтнууд нь инженер, техникийн ажилтнуудаасаа их байна. Энэ юу гэсэн үг юм бэ. Ингээд харахаар, бидний ярьж буй өртөг гэдэг зүйл бодит юм уу. Тиймээс ТӨК-иудын менежмент, шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Тэр ч утгаараа “Эрчист Монгол”-ыг байх ёстой гэж харж байгаа. “Эрчист Монгол”-д төвлөрч буй компаниудыг 2-3 жилдээ шилжилтийн бодлогыг хэрэгжүүлээд, тухайн компаниудын менежмент сайжруулалтыг нь гаргасны дараа олон нийтэд нээлттэй ХК болох дараагийн шат руу нь шилжүүлэх ёстой.

-Эрчим хүчний Үндэсний хороо байгуулагдсанаар өнгөрсөн нэг жилд ямар үр дүн гарав. Энэ салбар урагшилсан уу, ухарсан уу. Эсвэл байрандаа зогсоод л байна уу?

-Дээрх Үндэсний хорооны чиг үүрэг бол бид эрчим хүчийг экспортлогч улс болъё гэдэг малгайн дор явсан. Тэр ч утгаараа Т.Доржханд сайд маш олон гадаад айлчлалаар дамжуулаад олон төрлийн гэрээ, хэлэлцээр хийсэн. Эдгээр төслүүд нь биежиж орж ирэх хүлээлттэй байна. Мэдээж, ОУ-ын гэрээ, хэлэлцээр нь цаг хугацаа шаардаж байгаа учраас талаар өнгөрөхгүй байгаасай гэж хүсэж байна. Бид экспортын шинэ бүтээгдэхүүнтэй болно гэдэг нь асар их ач холбогдолтой. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтууд нь бэлэн байгаа учраас тэр.

-Үнэ тариф нэмснээр 550 гаруй тэрбум төгрөг цугларсан-

-Өртөгт нь ойртуулж буй үндэслэлээр эрчим хүчний үнийг нэмэгдүүлээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Ингэснээр үр дүнд хүрэв үү эсвэл нэр төдий л байна уу?

-Хамгийн сүүлд Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан мэдээллээр, үнэ тариф нэмснээр 550 гаруй тэрбум төгрөг цугларсан байна. Үүний зарцуулалт нь хоосон элсэн дээр ус асгаж байгаа мэт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон гэж харагдаж байгаа. Яагаад гэхээр, энэ салбарт ажиллаж буй ажилчдын цалин хөлс нь бодитоор нэмэгдэж мэдрэгдээгүй. Гэтэл тоон дээрээ нэмэгдсэн гэж харагдаж байгаа ч энэ нь НДШ-д татагдчихаж байгаа юм.

Нөгөө талдаа, тариф нэмсэн орлогоороо тоног төхөөрөмжүүдээ шинэчилнэ гэж ярьж байгаа ч 70 хувь нь элэгдэлд орчихсон байдлыг нэг жилийн дотор шинэчлэх нь хүндрэлтэй.

Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр, улс энэ салбарыг хэтэрхий удаан боож, улс төрийн зорилгоор үнийг нь бариад хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас сэхэл авахгүй байх хэмжээний хүнд байдалд оруулчихсан. Гэхдээ одоо гомдоллоод сууж болохгүй. Зоригтойгоор шийдлүүдээ цаг алдалгүй гаргах ёстой. Тэдгээрийн нэг нь ТӨК-иудын хувьчлал мөн.

-Эрчим хүчний хэрэглээ өсөж буйг муу зүйл мэтээр ярьж болохгүй-

-Эрчим хүчний эдгээр асуудлуудыг зохицуулахад хууль, эрхзүйн орчин зохицуулалт нь ямар байна. Эсвэл шинэ хуулийн зохицуулалт шаардлагатай байна уу. Хаврын чуулганы төгсгөлд сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн хууль багагүй шүүмжлэл дагуулсан шүү дээ?

-Энэ салбарын тухай хуульд огт шинэчлэл хийгдээгүй явж ирсэн. Хуучны буюу төр л дангаараа эзэмшинэ гэсэн загвар явж байгаа. Үүнийг л өрсөлдөөнт зах зээл рүү шилжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, реформоос ч илүү хүчтэй шилжилт хийх үзэл санааны дагуу хууль шинэчлэгдэх ёстой. Ингэхгүйгээр, одоо байгаа хуульд жижиг засвар оруулаад хэрэггүй.

Эрчим хүчний сайд нь дангаараа зохицуулалт хийгээд, 5-9 хүнтэй зөвлөл нь шийдвэр гаргах нь сонин биш. Төр өөрөө станц бариад, жижиглэнгээр айл өрхүүдэд цахилгаан, эрчим хүчээ зараад байх нь сонин биш.

Бид эрчим хүчний хэрэглээ өсөж буйг муу зүйл мэтээр яриад байгаа. Эдийн засаг, хүн ам өсөж байгаа учраас хэрэглээ нэмэгдэх нь сайн. Харин ч эрчим хүчээ илүү их үйлдвэрлээд, ингэх тусмаа үнээ бууруулж, Монгол Улс хөгжих шаардлагатай. Энэ боломжийг нь нээхийн тулд өрсөлдөөнт зах зээлд тулгуурласан хуулийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.

ТЕНДЕР: Дорнод аймаг 29 сая төгрөгөөр ёслолын улаан хивс, дрож, 37 сая төгрөгөөр тараах материал худалдаж авах тендер зарлажээ
ТЕНДЕР: Дорнод аймаг 29 сая төгрөгөөр ёслолын улаан хивс, дрож, 37 сая төгрөгөөр тараах материал худалдаж авах тендер зарлажээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.