
Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Батлагдсан тохиолдол нь нас барсан тул 88 хүнийг тусгаарлаж, 34 хүнээс шинжилгээ авчээ. 22 хүний хариу эерэг гарсан байна.
Иймд өнөөдөр аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, гаргасан шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд энэ сарын 8-наас буюу маргаашаас энэ сарын 15-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Ингэснээр Мөрөн, Цагаан-Уул сумын ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг, үзвэр үйлчилгээг өнөөдөр 23.00 цагаас есдүгээр сарын 14-ний 23.00 цаг хүртэл зогсоож, цахим хэлбэрт шилжүүлэх, мөн Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах хөдөлгөөнийг зогсоож, зах худалдаа үйлчилгээ, баар лоунжийн үйл ажиллагааг 72 цагийн хугацаатай тус тус зогсоож байна гэлээ.