Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хоёр настнуудыг цэцэрлэгт орохоос нь өмнө цэцэрлэг бол айдасгүй, танил орчин гэх мэдрэмжийг өгч, бэлдэх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 30 секунд

Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд аав ээжийнхээ өврөөс “алба”-ндаа орж буй бяцхан үрсийн дүр зураг намар болсныг сануулна. Хоёр настнууд уйлж, аав ээж нь цонхны цаанаас харуулдах. Энэ зураглал цахим орчинд хөвөрч, хүн бүр өхөөрдөцгөөнө. Нөгөө талдаа тэднийг шинэ орчин, шинэ найзууд гээд дасаж, эчнээ танил болоогүй ертөнц угтаж буй нь энэ. Тэгвэл бид хүүхдүүдээ цэцэрлэгийн босго давуулахаас өмнө сэтгэлзүйг нь бэлдэх ёстой юу гэдэг асуулт урган гарч байна.

Угтаа бол есдүгээр сарын 1-нд багш нар хүүхдүүдээ анги танхимдаа хүлээн авахаас өмнө аав ээжүүд хүүхдийнхээ шинэ орчныг танилцуулах ёстой болохыг Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн арга зүйч багш З.Уранчимэг ярьж байлаа. Тэрбээр “Цэцэрлэгт шинээр хамрагдаж буй хоёр настнуудын эцэг эхчүүдэд наймдугаар сарын 29-ны өдөр урьдчилан шинээр хамрагдаж буй хоёр настнуудын эцэг, эхэд зар, мэдээллийг цахимаар явуулж, урьдаг. Энэ дагуу аав ээж нар хүүхэдтэйгээ цэцэрлэгт ирж, ор, тоглоомоос авхуулаад шинээр солигдож байгаа орчныг нь хамт танилцуулж өгнө. Дараа нь хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүд цэцэрлэгтээ ирэхдээ ямар нэгэн айдасгүй, танил орчиндоо ирж байгаа мэт мэдрэмжийг өгдөг” гэсэн юм.

Тиймээс “Цэцэрлэгтэй танилцах өдөр”-ийг тус цэцэрлэгийнхэн хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа нь энэ юм байна. Үргэлжлүүлэн түүний хэлснээр хүүхэд цэцэрлэгт явснаар зөвхөн орчиндоо дасахаас илүү бие дааж сурах, шинэ зүйлийг сурах байдлаар олон талаар хөгжих, нийгмийн харилцаанд ч суралцдаг байна. Энэ тухай хэлэхдээ “Хүүхэд алдаа гаргаж болно, олон зүйлсийг содон өвөрмөц байдлаар туршиж, дэвтрээ урж зурж байгаа байдал нь алдаж, туршиж үзэж байгаа хүүхдэд өөрөө шинэ зүйлийг сурч, мэдэж авч байгаа зүйл юм” гэв.

З.Уранчимэг аргазүйчтэй ярилцаж байхад цэцэрлэг тарж, өдөржин шуугиж байсан анги танхим нам гүм болжээ. Аав ээж нар ганц, хоёроороо хүүхдээ хөтөлсөөр цэцэрлэгээс гарч яваа харагдана. Хэдий намрын налгар өдрүүд ирж өдөртөө зун шиг халуун ч өглөө, оройдоо хавирга жиндүү, хүйтэн. Ханиад томуу ч багачуудыг тойрохгүй. Хүйтний улиралд эцэг эхчүүдээр зогсохгүй эмч, багш нарын толгойн өвчин ханиад томуу толгойн өвчин болдог нь нууц биш. Тиймээс ханиад томууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээр цэцэрлэгийнхэн аль болох хүүхдүүдийнхээ дархлааг дэмжихээр шинэ ногоо, байгалийн зэрлэг жимсийг хоол хүнсэнд нь түлхүү оруулж байгаа аж. Мөн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ дархлааг дэмжих нэмэлт амин дэм өгөхийг ч зөвлөж байгааг цэцэрлэгийн багш нар ярьж байлаа.

Ц.Анужин

“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох“ иргэдийн өргөдөл 100 мянган иргэний санал авлаа
“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох“ иргэдийн өргөдөл 100 мянган иргэний санал авлаа
 
Бөртэ чоно-2025: Шилдэг эмэгтэй залуу тамирчнаар М.Цэндбазар тодорлоо
Бөртэ чоно-2025: Шилдэг эмэгтэй залуу тамирчнаар М.Цэндбазар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.