Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМРАХ АГШИН: 9 сарын НЭГЭН Ерөөсөө тэдний баяр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Өглөөний нарны гэрэл сургуулийн цонхоор цацран орох мөчид хотоор нэг догдлол түгнэ. Өнөөдөр бол ЕСДҮГЭЭР сарын НЭГЭН. Зөвхөн хичээлийн шинэ жилийн эхлэл бус, хүүхэд бүрийн сэтгэлд мөнхөрч, догдлон хүлээдэг баярын өдөр.

10 жилийн сурагчдын хувьд энэ өдөр онцгой. Өнгөрсөн зуны амралтын дурсамжийг хуваалцан шуугилдаж, шинэ хичээлийн жилдээ хэн хэн нь хэрхэн өөрчлөгдсөнөө харуулах мэт өнгөлөг дүр төрхтэй сургууль руугаа алхана. Зарим нь ангийнхаа хаалгыг анх удаа онгойлгож буй жижигхэн дүү нараа гараас нь хөтлөн ирнэ.

Харин хамгийн жижигхэн, хамгийн үнэтэй “гол баатрууд” бол нэгдүгээр ангийнхан. Томдсон дүрэмт хувцас, мөрнөөс нь унжсан том цүнхээ арайхийн үүрээд алхахдаа тэд нэгэн зэрэг инээж, нэгэн зэрэг санаа зовж буй мэт. Бяцхан гартаа том цэцгийн баглаа атгасан ч алхам нь удаан, нүд нь гайхаж, гэнэнхэн гэрэлтэнэ. Зарим нь ээжийнхээ ханцуйнаас тас атгаж, зарим нь аавынхаа мөрөнд толгойгоо түших мэт итгэлээр дүүрэн харагдана.

Арван жилийн сурагчдын дурсамжид 9 сарын 1 үргэлж “шаргал навчис, цэцгийн баглаа, инээд, хичээлийн хонх ” гэсэн олон дурсамжаар хадгалагддаг. Харин нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд энэ өдөр нь өөрийн амьдралын хамгийн анхны “том алхам” нь юм. Тэдний инээмсэглэл, цэвэрхэн дуу, нүдний гэгээ сургуулийн уур амьсгалд хамгийн тунгалаг өнгийг нэмнэ.

Эцэг эхчүүд ч мөн адил догдлон хүүхдээ хүргэж ирнэ. Хүүхдийнхээ мөрөн дээрх цүнхийг засаж, үсийг нь илбэж, цэцгийн баглааг нь чанга атгуулан “сайн сураарай” гэж шивнэх тэр мөч бол гэр бүлийн аз жаргалын хамгийн нандин дурсамж билээ.

Хажуунаас нь харж зогсох би өөрийн эрхгүй 10 жилийн дурсамж руугаа очих шиг. Тэр үед би яг ийм л жижигхэн мөртэй, цүнхэндээ хичээлээсээ илүү тоглоом хийсэн, найзуудтайгаа догдлон уулздаг байсан ийм цагаахан үе рүүгээ өөрийн эрхгүй буцмаар санагдаж зогсоно. Шаргал навч, цэцгийн үнэр, ангийнхаа хаалгыг догдлон онгойлгож орсон тэр өдрүүд гэнэтхэн бодолд тодорно.

Ийнхүү есдүгээр сарын нэгэн зөвхөн хичээл эхлэх өдөр бус, хүүхэд насны гэгээн дурсамжийг тэтгэгч баяр болон Монголын бүх айл өрхөд цуурайтдаг. Өнөөдрийн нүд дүүрэн инээд, цэцгийн баглаа, шаргал намрын салхи “9 сарын 1– Ерөөсөө тэдний баяр”

М. Ариунжаргал

Х.Нямбаатар: Усны хоолой эвдсэн “MCS”-ийн төсөлд олон тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүсгэ
Х.Нямбаатар: Усны хоолой эвдсэн “MCS”-ийн төсөлд олон тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүсгэ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.