Энэ оны эхээр буюу хоёрдугаар сарын 5-нд Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин гэртээ амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Тухайн үед цар тахлаас сэргийлэх эхний арга хэмжээнүүд авагдаж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглоод байсан. Гэтэл охидын ээжийг ажилладаг цэцэрлэгийн эрхлэгч нь урлагийн тоглолтод бэлдэнэ хэмээгээд дуудсан хооронд золгүй явдал гарсан талаар хэвлэлд мэдээлж байсан.
Олон нийтийн зүрхийг шимшрүүлсэн энэ үйл явдлын дараа эмэгтэй баярт явдлын эзэн болжээ. Тодрулбал, тэрбээр дахин нэг хүү төрүүлсэн тухайгаа өөрийн цахим хуудаст бичсэн байна. Тэрбээр “Хүсэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Дахиад ийм хөөрхөн үртэй болж, сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ орчлонд алга. Дахиж ээж нь хажуунаас нь холдохгүй ээ. Гурван охины минь нэг нь эргэж ирсэн юм шиг санагдаж, өдөр бүр хайранд умбаж байна. Чи минь олон хүний хайранд ивээгдэж ирсэн юм шүү, үр минь. Маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан юм болов уу, эсвэл охидын минь нэг ээждээ эргэн ирээ юм болов уу” гэжээ.