Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ-2026: Тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэнэ

Ангилал
Улс төр Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 39 секунд

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, иргэдээс санал авч дууссан билээ. Улмаар Сангийн яамнаас Засгийн газарт төсвийн төслийг хүргүүлээд байгаа юм.

Тэгвэл бид 2026 оны төсвийн төслийн бодлогын 9 чиглэлийг танилцуулж байна.

НЭГ. Эдийн засгийг идэвхжүүлэх мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ

-Орлого төвлөрүүлдэг аймаг, нийслэл гадаад, дотоодын зах зээлээс бонд босгож эрчим хүч, дэд бүтэц зэрэг тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

-Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, зээлийн хүртээмжийг сайжруулах замаар барилга, үл хөдлөх салбарын үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг дэмжинэ.

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хялбаршуулж, төр шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

ХОЁР: Эдийн засаг болон экспортын төрөлжилтийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ

-Гашуунсухайт боомтын хил холболтыг үргэлжлүүлж, Ханги, Шивээхүрэн боомтуудын хил холболтыг эхлүүлж тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэнэ.

-Нэмүү өртөг шингэсэн уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

-“Малын эзэн-Үйлдвэрийн эзэн” арга хэмжээг хэрэгжүүлж, малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортолно.

-Ноос, ноолуур, арьс ширний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлж, ногоон зээл гаргаж буй зээлдэгчдийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ.

-“Go Mongolia” арга хэмжээг үргэлжлүүлж, аялал жуулчлалын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар орлогыг нэмэгдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

ГУРАВ. Эдийн засгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл, худалдаа, логистикийн чадавхыг өргөжүүлснээр эдийн засгийн өсөлтийн суурийг бэхжүүлнэ

-Эрчим хүчний салбарт: Хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт эх үүсвэрийн хүрээнд эрчим хүчний салбарт 3.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх бөгөөд Төв аймгийн Баян суманд 660 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79 МВт-ын станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт усан цахилгаан станц, Чойр-Сайншанд, Бөөрөлжүүт-Сэргэлэн, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 9 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг эрчим хүчний том чадлын суурь горимд ажиллах эх үүсвэрийн төслүүд хэрэгжихээр байна.

-Зам тээврийн салбарт: Бүс нутаг хоорондын эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах, экспорт, импортын урсгалыг өргөжүүлэх, тээврийн зардлыг бууруулах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 1.2 их наяд төгрөгийг санхүүжилт хийгдэх бөгөөд ингэснээр 551.3 км авто зам, 299.9 метр урт гүүр байнгын ашиглалтад орно.

-Боомтын бүтээн байгуулалтад: Хилийн боомтын төлөвлөлтийг хөрш орнуудтай уялдуулж, тээвэрлэлтийн олон төрөлт байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд Хавирга, Цагааннуур, Булган, Бичигт, Цагаандэл-Уул зэрэг боомтуудын өргөтгөл, шинэчлэлд нийт 51.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүний үр дүнд боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2-3 дахин нэмэгдэж, хил дамнасан тээвэр, логистикийн урсгал сайжирч, олон улсын худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжнө.

-Харилцаа холбоо: Улсын төсөв, гадаад зээлийн хөрөнгөөр үүрэн холбооны сүлжээний өргөтгөх, шилэн кабель, 4G сүлжээний өргөтгөл зэрэг алслагдсан сум, баг, орон нутгийн иргэд өндөр хурдны интернэт болон мобайл сүлжээгээр хангах, мэдээлэл авах, боловсрол эзэмших, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, хөгжлийн индексийг дээшлүүлж, нийгмийн тэгш байдлыг дэмжиж, төрийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлнэ. (56.6 тэрбум төгрөг)

-Инженерийн дэд бүтэц: Хотын хүртээмжтэй байдал, инженерийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, өндөр чанартай болгох, иргэдийн аюулгүй байдал, амьдралын таатай орчныг бүрдүүлэх, түгжрэлийг бууруулах, дагуул хотуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хөрөнгө оруулалтын төслүүдийг үргэлжлүүлнэ. (586.3 тэрбум төгрөг)

-Онцгой байдал: Дэвшилтэт технологи, инновацад суурилсан гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн төлөвлөлөө. Энэ хүрээнд техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, эрэн хайх, аврах нэгжийн хүчин чадлыг сайжруулах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад 59.7 тэрбум төгрөг тусгалаа. Түүнчлэн, гадаад зээлийн хөрөнгөөр нийт 466.3 тэрбум төгрөгийн амлалтын дүн бүхий Монгол Улсын гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл, Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төслийг тус тус 2026 оноос эхлүүлж байна.

ДӨРӨВ: Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.0 мянган төгрөг болж шинэчлэгдсэнтэй холбогдож нэмэгдэх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогын өсөлтийг 10 эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад зориулж хуваарилна. (82.5 тэрбум төгрөг)

-Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой механизм болгоход чиглүүлж шинэчилнэ.

-Нэн шаардлагатайгаас бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамтын төлбөрийн хэмжээг зохистой байдлаар тогтоох замаар анхан шатлалаас лавлагаа шатлал руу шилжих урсгалыг сааруулах, хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй тусламж үйлчилгээний тоог хязгаарлана.

-Эмийн төвлөрсөн худалдан авалтыг нэвтрүүлэх замаар хямд, чанартай эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

-Эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг найдвартай хүргэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах зорилгоор Хавдар судлалын Үндэсний төв-II барилга, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Зүрх, судасны үндэсний төв, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл үрс" төвийн барилга зэрэг лавлагаа шатлалын эмнэлгүүд болон орон нутагт анхан болон дунд шатны эрүүл мэндийн төвүүдийн барилгын төслүүдийг шинээр хэрэгжүүлэх болон үргэлжлүүлэн хэрэгжүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн гадаад зээлийн хөрөнгөөр 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулах төслийг 2026 онд эхлүүлж байна. (241.9 тэрбум төгрөг)

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, үдийн цай, дотуур байрын зардлыг боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлттэй уялдуулж нэмэгдүүлнэ (96.2 тэрбум төгрөг)

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал хариуцагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд хоолны зардлын 50 хувийг эцэг эх хариуцдаг болно. Хоолны зардлыг эцэг, эхийн төлсөн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлттэй уялдуулах замаар татварын суурийг нэмэгдүүлнэ. (69.5 тэрбум төгрөг)

-Сургуулийн өмнөх боловсролд бүх хүүхэд тэгш хамрагдаж, чанартай үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийн суурийг бий болгох боломжийг бүрдүүлж, энэ хүрээнд улсын хэмжээнд ээлжийн коэффициент 1.5-с дээш байгаа байршлуудыг их өгөгдөлд суурилан боловсруулсан нийт 95 цэцэрлэг шинээр барих тооцоололд үндэслэн эдгээрийг улсын төсөв, гадаад зээл тусламжийн хүрээнд 2026-2028 онд бүрэн ашиглалтад оруулах чиглэл баримталлаа.

Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 30 цэцэрлэг, гадаад зээлийн санхүүжилтийн хүрээнд 11 цэцэрлэгийн барилгыг дуусгах, эхлүүлэхэд нийт 5.0 тэрбум төгрөгийг тусгав.

Олон улсад өрсөлдөхүйц чанартай, тэгш хүртээмжтэй ерөнхий боловсролыг олгох боломжийг сайжруулах, энэ хүрээнд улсын хэмжээнд ээлжийн коэффициент 2.0-с дээш байгаа байршлуудыг их өгөгдөлд суурилан боловсруулсан нийт 108 сургууль шинээр барих тооцоололд үндэслэн эдгээрийг улсын төсөв, гадаад зээл тусламжийн хүрээнд 2026-2028 онд бүрэн ашиглалтад оруулах чиглэл баримталсан бөгөөд сургууль дүүргэлт зохистой түвшинд хүргэх, 11 ээлжийн коэффициентыг бууруулж, аймаг, сумын сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 65 сургууль, 19 дотуур байрны барилгыг төлөвлөсөн байна. (243.1 тэрбум төгрөг)

-Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад байгалийн ухаан, технологийн хичээлийн лаборатори байгуулах, хоол үйлдвэрлэл, номын сан, урлагийн заалыг тохижуулах, дуу хөгжмийн хичээлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн хэрэглэгдэхүүн, сургуулиудын биеийн тамирын техник хэрэгсэл, цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хангах, боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлогт тохирсон хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг сайжруулахад 48.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Мөн Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр нийт 9.3 тэрбум төгрөгийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэснээс гадна, 538.1 тэрбум төгрөгийн амлалтын дүн бүхий “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хоёрдугаар нэмэлт санхүүжилтийг 2026 онд эхлүүлж, боловсролын салбарын тогтвортой байдлыг хангах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

ТАВ: Нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн хүртээмжийг сайжруулна

-Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлнэ (378.4 тэрбум төгрөг);

-Нийгмийн даатгалын болон халамжийн тогтолцооноос тэтгэвэр, тэтгэмж авах хүний тооны өсөлт, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийн тооны өсөлт, түүнчлэн хөдөлмөрийн чадвар түр алдалт, ажилгүйдэл, оршуулгын тэтгэмжийн өсөлттэй уялдаж нэмэгдэх зардлын нөлөөллийг төсөвт тусгана;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоог хангах чиглэлээр буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг 2 болон Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг барьж дуусгах, тоног төхөөрөмжөөр хангах, мөн гадаад зээл, тусламжаар хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Улаанбаатар, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга барьж ашиглалтад оруулснаар 30.0 мянган иргэнд тогтмол дэмжлэг үзүүлэх, 210 ажлын байрыг орон нутагт хангах боломжтой болно гэж тооцоолжээ. (26.4 тэрбум төгрөг);

Улаанбаатарт 26 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 26 хэм дулаан, багавтар үүлтэй
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.