
"Канте" шөнийн цэнгээний газрын гадаа болсон зодоон олны анхаарлыг татаад байна. Тус зодоонд оролцсон гэх “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан хэмээн 48 цагийн хугацаанд саатуулаад буй. Мөн уг хэрэгт нэмж хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд нэг нь "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан юм. Гэвч тэрбээр энэ сарын 20-нд Монгол Улсын хилээр гарсан бөгөөд ингэхдээ "Найз охины бие муу зайлшгүй явах шаардлагатай тул энэ сарын 27-нд эргээд ирнэ" хэмээн хуулийнханд мэдүүлээд явжээ.
Зодоон юунаас эхлэлтэй вэ
Одоогоор зодоон яг юунаас эхлэлтэйг албан ёсоор тогтоосон зүйл байхгүй. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин цахим орчимд цацагдсан мэдээллээр зодоон эмэгтэй хүнийг хардсанаас үүдэлтэй гэх. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С, Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны оролцогч Esther буюу Х.Хүслэнтэй үерхэж байсан гэх. Улмаар найз охиноо хардсанаас үүдэж зодооныг эхлүүлсэн тухай мэдээлэл цахим орчинд хөвөрч байна.
Мөн сүүлд цахим орчинд Х.Хүслэн, Ц.С нарын приус маркийн машинд суугаад явж буй бичлэг цацагдаад буй. Тус машиныг явж байхад хэдэн залуус хаалгыг нь онгойлгоод бусдыг цохиж, өшиглөж буй нь харагддаг. Ингэхдээ нэгэн эмэгтэйн толгойг хүчтэй цохиж байгаа нь тод бичигдсэн байдаг. Харин тус эмэгтэй нь Х.Хүслэн байсан нь машинаас бууж ирэхэд танигдаж байгаа юм.
Х.Хүслэн гэмтлийн зэргээ тогтоолгохоор цагдаагийн байгууллагад ханджээ
Тэгвэл толгойдоо хүчтэй цохиулсан Х.Хүслэн цагдаагийн байгууллагад ханджээ. Ингэхдээ гэмтлийн зэргээ тогтоолгох утга бүхий бичгийг мөрдөгчдөө өгсөн байна. Уг хүсэлтийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, шүүх шинжээч томилуулахаар ажиллаж байгаа юм байна.
Хохирогчийн аав Д.Дашзэвэг: Хар тамхи хэрэглэсэн баян айлын хүүхдүүд та нарын хүүхдүүдийг хонь гаргаж байгаа юм шиг төхөөрдөг үе ирнэ
Зодуулсан хүүгийн бие муу, ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. Түүний нүдний цаад талын аяганы яс нь уначихсан гэх мэдээллийг хохирогчийн аав зөв.мн сайтад өгчээ.
Мөн тэрбээр цахим хуудастаа "Хар тамхи хэрэглэсэн баян айлын хүүхдүүд та нарын хүүхдүүдийг хонь гаргаж байгаа юм шиг төхөөрдөг үе ирнэ" хэмээн бичээд байгаа билээ.
“Таванбогд“ группийн захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан "Найз охины бие муу" хэмээн хил давжээ
Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй хоёр иргэний нэг нь “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан юм. Б.Амарсайхан нь "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд энэ сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явжээ. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан байна.
Харин иргэдийн зүгээс хэрэгт холбогдчихоод хил давж явсанд ихэд бухимдалтай хандаж байгаа юм.