
Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, “ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ажлын хэсгүүд нийслэл, дүүргийн хэмжээнд үерийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах хяналт, шалгалтыг хийж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт он гарсаар зургадугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Богд суманд өчигдөр буюу 2-нд бүртгэгдсэн 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл сумын иргэдэд мэдрэгдсэн бол Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өнөөдөр бүртгэгдсэн 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдэж, учирсан хохиролгүй” хэмээлээ.