Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар тамгын даргаасаа эхэлж зарим хүнд хариуцлага тооцох болов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Өнгөрөгч долоо хоногт МАН-ын удирдлагууд хотын дарга Д.Сумъяабазарыг намын байрандаа дуудаж уулзсан байна. Түүнийг “ажлаа зөв зохион байгуулахгүй байна, эргэж буцсан шийдвэрүүд олон нийтийн дургүйцлийг хүргэж байна,  хотын томилгоог хэт нэг талыг барьж сонгинохайрханы намын хороогоор дүүргэлээ, мэдлэг чадвартай боловсон хүчин багт нь алга, зөвхөн өөрийг нь тойрон хүрээлсэн хүмүүс л чухал албан тушаалд шагналын журмаар томилогдлоо. Шагналын журмаар очсон хүмүүс нь боловсрол, чадвар, ажлын туршлагаараа гологдож байна” гэдэг шүүмжлэл МАН дотор хүчтэй өрнөх болжээ.

Нөгөө талд нь Д.Сумъяабазар ажлаа аваад сар ч болоогүй байхад ковид алдсан. Ковид алдсан асуудал нь Улсын онцгой комисс, ЭМЯ-ны буруугаас болсон хотын удирдлагуудын буруутай зүйл байхгүй. Зуун мянган хүнтэй Дарханыг 1.5 сая хүнтэй Улаанбаатартай харьцуулах хэрэггүй. Харин ч хотын удирдлагууд хурдан шуурхай ажиллаж байна гэж түүнийг өмгөөлөх хүмүүс ч цөөнгүй байгаа аж.

Ямартай УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж хотын дарга болсон түүнд яаран түргэн хариуцлага тооцох тухай асуудал энэ удаад хөндөгдөхгүй, тодорхой зэмлэл чиглэл өгөөд өнгөрөх бололтой. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцож шинээр томилж эхэлсэн байна. Юуны түрүүнд тэрбээр өөрийн тамгын газрын дарга Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлж А.Оюунчимэгийг томилжээ. А.Оюунчимэг нь сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч мөн Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүн байхад нь туслахаар нь ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

Цаашлаад автобусны жолоочоос ковид илэрсэн мөн золгүй байдлаар хүний амь эрсэдсэн гэх шалтгаанаар зорчигч тээврийн нэгтгэлийн даргыг солихоор болжээ. Энэ албан тушаалд мөн л өөрийн ойрын хүн гэгддэг Б.Сэргэлэнбаатарыг томилж байгаа гэх мэдээлэл байна.

Архангай аймгаас Улаанбаатарт ирээд эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг явдал уржигдар гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг ч солих бололтой.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 29 удирдах албан тушаалтныг солихоор ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлсэн гэв.

Ийнхүү Улаанбаатар хотын удирдах багийг шинэчлэх ажил эрчимтэй явагдаж байна. Гэхдээ энэ шинэчлэл нь хариуцлага тооцох, боловсон хүчинд тулгуурласан шинэчлэл үү? Эсвэл өөрийн тойрон хүрээлэгчдээр багаа бүрдүүлэх шинэчлэл үү? гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эрх баригчид ковидын халдвар алдсан сайд, агентлагийн дарга нарт хариуцлага тооцохоор болжээ
Эрх баригчид ковидын халдвар алдсан сайд, агентлагийн дарга нарт хариуцлага тооцохоор болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.